Д.Ганбат: Нийслэлийг чиглэсэн их нүүдэл багасч, сумдад ажлын байр бий болно
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.09.10

Д.Ганбат: Нийслэлийг чиглэсэн их нүүдэл багасч, сумдад ажлын байр бий болно

Хөдөө орон нутаг ялангуяа алслагдсан сумд хөгжлөөс хоцрогдсон нь нийслэлийг зорих их нүүдлийг бий болгож эхэлсэн. Сум хөгжихгүй байгаагаас их, дээд сургууль төгссөн хүүхдүүд сургуулиа төгсөөд хотод үлддэг.

Тэгвэл сумдыг хөгжүүлэх зорилгоор энэ жилээс "Шинэ сум" төсөл хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан. сум хөтөлбөрт хамрагдсан. Өөрөөр хэлбэл, Канад технологиор сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барьж, дэд бүтцийг нь шийдэж өгөх юм.

Ингэснээр сумдад өмнө нь тулгардаг байсан халаалт дулааны асуудлаас ангижирч, нэгдсэн дэд бүтэцтэй болох аж. Цаашид аймаг бүрт "Шинэ сум" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэлийг чиглэсэн их нүүдэл зогсохын зэрэгцээ орон нутаг ч хөгжих үндэс суурь болох юм.

Энэ төсөлд УИХ-ын гишүүн Д.Ганбат ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

-Баянхонгор аймгийн хоёр суманд "Шинэ сум" төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь нийслэлийг чиглэсэн их нүүдлийг зогсоох ач холбогдолтой. Сүүлийн 40 жил хөдөө орон нутаг ялангуяа, сумдын хөгжил орхигдсон байсан.

Сүүлийн 40 жил хөдөө орон нутаг ялангуяа, сумдын хөгжил орхигдсон байсан.

Өргөн уудам нутаг эзгүйрч байгаа учир манай улс төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж, соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ЗДТГ сурагчдын дотуур байр, спорт заал, хөл бөмбөгийн талбай зэргийг нэг дор цогцлоож, дэд бүтцийг нь шийдсэн "Шинэ сумын төв" ашиглалтад оруулахаар болсон.

Канад технологи ашиглан гүйцэтгэж буй уг төсөл цаашид олон суманд хэрэгжих ёстой. Тэр утгаараа сумын иргэдийг ажлын байраар хангаж, нийслэлийг чиглэсэн их нүүдлийг зогсоох учиртай. "Шинэ сум" төслийн ажлын явц 50 гаруй хувьтай байна.

Орчин үеийн технологиор сүндэрлэх шинэ сумын төвийг зуны гурван сарын хугацаанд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж буй нь сайшаалтай. Дээрх хоёр суманд хэрэгжиж буй уг ажил ирэх сар гэхэд ашиглалтад орох байх.