УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Яамны Сайд Ц.Баярсайхан
2013.08.27

Засгийн газар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоохгүй

Улс мөнгө муутай байгаа ч иргэдээ байртай болгоно гэсэн амлалтаасаа ухрахгүй байна. Байрны зээлийн журамд өөрчлөлт ороогүй гэдгийг энэ мэдээллийн үеэр давтан хэллээ.

Өндөр үнэтэй байрыг бага хүүтэй зээлээр авч байгаа иргэдийн давалгаа түр намжаад байна. Өөр байгаа бүхнээ зарж үрээд байрны зээлд зүтгэж байсан ард чимээгүй болсон шалтгаан нь зээлийн санхүүжилт зогссон журамд өөрчлөлт орсон гэх ам дамжсан дам яриатай холбоотой.

Харин ажил хариуцагч тал үүнийг үгүйсгэсэн хэвээр байна. санаатай байж болох энэ цуурхал худал гэдгийг сайд мэдэгдлээ.  Улс боломжтой бүх аргаар санхүүжилт өгнө. Санхүүжилтийг иргэдэд тараах ажил үргэлжилнэ гэлээ. Мөн журамд өөрчлөлт орж шинэ хуучнаар нь ялгах, үнийн дүнд нь хязгаар тогтоох асуудал байхгүй гэдгийг салбарын сайд хэллээ.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “14894 иргэн найман хувийн хүүтэй зээл рүү шилжсэн байна. 4543 иргэн шинээр зээл авсан байна. манай иргэд дунд найман хувийн хүүтэй зээл удахгүй дуусч мэднэ хурдан амжих юмсан гэх мэдээлэл яваад байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болоод байна.

Үндэсний компаниуд 700 гаруй орон сууц нийлүүлнэ

Энэ урт хугацааны зээл олголт тогтвортой явах тогтолцоог судалж байж гаргасан. Тууштай үргэлжлэх учир иргэд худалдан авалт хийхдээ өөрсдийн хөрөнгийн бололцоо, байршил, дэд бүтцийн хангамж зэргийг харгалзан үзэх хэрэгтэй” хэмээн хэллээ.

Орон сууцны үнэ өндөр байгааг байр хайгчид бүгд мэднэ. Засгийн газар үнэ өсөөгүй гэж тайлбарлаж байгаа. учир нь дарга болон иргэд өөр өөр газраас мэдээлэл цуглуулаад байгаа юм.

Засгаас зээл тусламж авсан барилгын компаниуд үнэ нэмээгүй байх боловч, өөрийн мэдлийн байраа зарж байгаа хүмүүс эрэлтийг далимдуулж үнэ нэмээд байна. хэрвээ иргэд түр хүлээвэл улсаас тусламж авсан барилгын компанийн байр ирэх жилээс ашиглалтад орно ийм үед хямд байр олдох боломж бүрдэнэ гэдгийг харж болно.

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Намраас тодорхой орон сууц нийлүүлэгдэнэ. Баянголын аманд таван давхрын 10 барилга баригдаж дуусч байна. үнийн хувьд мөн нилээн нааштай байгаа. Үндэсний компаниуд 700 гаруй орон сууц нийлүүлнэ. Мөн 14-р хороололд 692 айлын сууц, 7-р хороололд 920 айлын орох юм. Энэ мэт барилгын явц 70-90 хувьтай байна.

Эдгээр орон сууцны үнэ тогтвортой байна. дээр нь барилгын үйлдвэрлэлийг улирлын хамаарлаас гаргахын тулд засгийн газраас угсармал барилга үйлдвэрлэх үйлдвэр оруулж ирж байгаа. ирэх таван сараас барилгын үнэ тогтвортой болно” хэмээн хэллээ. Энэ мэтчилэн олон барилга ашиглалтад орно. Эдгээр сууц хэдээр зарагдах нь тодорхойгүй байна.