Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.10.04

Ц.Оюундарь: Жигүүрийнхэн зөв шаардлага тавьж байгаа

УИХ-ын гишүүн асан А.Мурат АН-д жигүүр байгуулж, хууль бус зүйлтэй тэмцэнэ хэмээн Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн. Намынхаа дүрмийг баримталж Үндэсний зөвлөлдөх хороог хугацаанд нь хуралдуулж, ротаци явуулаагүй, хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах ёстой гэж байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл тус жигүүрийн болон тэдний тавьсан шаардлагын талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодрууллаа.

-Жигүүрээс шаардаад байгаа ҮЗХ ойрын хугацаанд хуралдуулах боломжтой юу?

-Намын даргын зүгээс энэ шаардлагыг хүлээн авч, танилцаж байна. ҮЗХ-г хуралдуулах боломжтой. АН-ын ҮЗХ жилд хоёр удаа хуралдах ёстой. Тэгэхээр намар бол есдүгээр сар, арваннэгдүгээр сарын алинд нь хуралдуулах вэ гэдгийг дотроо шийдвэрлэнэ.

-Жигүүрийнхэн хариуцлагагүй ажилласан хэд хэдэн сайдад хариуцлага тооцох тухайгаа мэдэгдсэн. АН-ын генсекийн хувьд юу гэж үзэж байна вэ. Нэг талаасаа АН-ынхан хагаралдаж байна ч гэх боллоо?

-Хагарал гэхээсээ илүүтэй, алдаа гарсан бол эрт засаад явъя гэсэн шаардлага байна гэж харж байгаа. Энэ бол зөв зүйтэй шаардлага.

-Зарим сайдад хариуцлага тооцно гэхээр Засгийн газар ганхах юм биш биз дээ?
Хагарал гэхээсээ илүүтэй, алдаа гарсан бол эрт засаад явъя

-Хүн насаараа тэр албыг хашихгүй шүү дээ. Алдаа гаргавал хариуцлагаа хүлээх ёстой. Дүн тавих цаг болсон уу, үгүй юү. Сайн дүн тавих уу, муу гэж дүгнэх үү гэдэг нь гол асуудал.

-АН-ын дүрэм журмыг өөрчлөх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Намын дүрмийг анхан шатны байгууллагууд болон Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Энэ бол сүүлийн гурван жилийн хугацаанд яригдаж байгаа зүйл. Зарим талаараа учир дутагдалтай, тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй байна гэсэн үүднээс үндсэн дүрмээ өөрчлөхөөр хэлэлцэж байна. Өнөөдрийн улс төрийн намуудын мөрдөж байгаа хууль, эрхзүйн орчноор манай намын шинэ дүрмийг шууд батлах боломж, бололцоо байхгүй.

Тиймээс Улс төрийн намын тухай хууль батлагдан гарах хүртэл хойшлуулъя гэсэн. Жигүүрийнхний тавиад байгаа зарим шаардлага нь зөв зүйтэй, Хэрэгжиж байгаа дүрмээ баримтлах л ёстой.