АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
2013.10.08

АН-ын бүлэг өвөлжилтийн бэлтгэлд “шалгалт” хийжээ

АН-ын бүлгийн хурлаар өчигдөр дөрвөн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдээс цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсчээ. Хоёрт, Засгийн газрын гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Ерөнхий сайд мэдээлэл өгсөн байна.

Гуравдугаарт, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Эцэст нь, Төрөөс баримтлах мөнгөний бодлого, 2014 оны төсөвтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхныг АН-ын бүлгийн хурал дээр дуудсан шалтгааныг бүлгийн дарга Д.Эрдэнэбат тайлбарлахдаа“Энэ жил эрт хүйтрэх магадлал өндөр байгааг цаг уурынхан хэлсэн. Гэтэл ургац хураалт 60 гаруйхан хувьтай үргэлжилж байна. Тиймээс АН-ын бүлэг үүн дээр онцгой анхаарах шаардлагатай болсон.

Мөн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажил харьцангуй өөр өөр байна. Зарим нь бэлтгэлээ сайн хангасан байхад зарим нь хариуцлагагүй байх жишээтэй. Дорнод, Өмнөговь аймагт өвөлжилтийн бэлтгэл хамгийн муу дүнтэй байна лээ. Ер нь нөхцөл байдал ийм байхад ажил хариуцсан дарга нарт хариуцлага тооцох эсэх асуудлыг эргэж харах ёстой гэсэн анхааруулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныханд өгсөн.

Хоёрдугаар асуудлын хувьд хоёр хөрштэйгөө харилцах гадаад харилцааны асуудал ямархуу төвшинд байгааг Ерөнхий сайдаас сонирхсон. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын сүүлээр БНХАУ-д айлчилна. Дараа нь, Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-д ажлын айлчлал хийнэ.

Монгол Улс дэлхийд өрсөлдөхүйц технологитой уул уурхайн бодлогыг баримтална гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгджээ.

Бидэнд хоёр хөрштэйгөө шийдэж чадаагүй, хуримтлагдсан олон асуудал байдаг. Эдгээр асуудлыг энэ хоёр айлчлалаар шийдэх магадлал өндөр байгаа. Тийм учраас энэ тал дээр АН байр сууриа илэрхийлсэн” гэв. Харин дөрөв дэх асуудлаар АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг намын бүлгүүд өнөөдөр /өчигдөр/ хэлэлцлээ. Ажлын хэсэг дээр бол хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гарсан. Жишээлбэл, цаашдаа стратегийн ач холбогдолтой орд гэсэн ойлголт байх уу.

Эсвэл үүнийг өөрчилж “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал” гэж нэрлэх үү гэсэн асуудлыг ярьсан. Мөн хувиараа ашигт малтмал олборлогчдыг төрөөс бодлогоор дэмжих үү, эсвэл хориглох уу гэсэн нарийн асуудлууд гарч ирсэн.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын гишүүд, намын бүлгүүд болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтдээс санал авч байгаа. Ерөнхийдөө бол Монгол Улс дэлхийд өрсөлдөхүйц технологитой уул уурхайн бодлогыг баримтална гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн” гэсэн юм.