Н.Удвал: Ирэх онд эмнэлгийн шинэ барилга барихад хэцүү болоод байна
Монгол Улсын Засгийн гишүүн Эрүүл Мэндийн сайд
2013.10.10

Н.Удвал: Ирэх онд эмнэлгийн шинэ барилга барихад хэцүү болоод байна

Эрүүл мэндийн сайд Н. Удвал өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Энэ үеэр өрнөсөн яриаг тоймлон хүргэе.

-ГССҮТ-ийн ажлаасаа халагдах өргөдөл өгсөн эмч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ц.Энхбаяр дарга ажлаа хийж байгаа юу?

-ГССҮТ-ийн ажил хэвийн үргэлжилж байна. Ажил хаясан болон ажлаасаа гарсан хүн >айхгүй. Энэ эмнэлгийн дэд захирлууд нь өөрсдөө ажлаас гарах өргөдлөө өгсөн байгаа. Одоогийн байдлаар ГССҮТ-ийн талаар ирсэн гомдол санал байхгүй байна.

-Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа саяхан телевизийн нэвтрүүлэгт согтуу орлоо гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд та ямар арга хэмжээ авах вэ?

-Би энэ талаар сонсоогүй байна. Одоогийн байдлаар мэдэж байгаа зүйл алга.

-Та дэд сайдтай өөртэй нь уулзсан уу?

-Уулзаж амжаагүй байна.

-Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалтай хүн телевизийн эфирт согтуу орж байгааг юу гэж ойлгох вэ?

-Би юу ярьсныг нь мэдэхгүй байна. Эхлээд энэ талаар тодруулъя.

-Нярайн болон, эхийн эндэгдэл их гарч байна. Зарим хүн эмнэлэгт очиж үзүүлэхээс айдаг боллоо. Эмнэлгийн ажилчдын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд •ямар ажил хийж байна вэ?

-Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилчдыг буруутай үйл ажиллагаанаас болж иргэдийн амь нас хохироход хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо өмнө нь байгаагүй. Нөхөн төлбөрийг нь яаж барагдуулах вэ зэрэг асуудал тодорхой бус байсан юм. Харин энэ жил бид шинэчлэлийн бодлогын хүрээнд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын алдааг бүртгэдэг болсон.

Үүнээс хойш энэ зүйл ил тод болж байна. Өмнө нь ямар нэгэн асуудал гарвал нуугаад л өнгөрдөг байлаа шүү дээ. Энэ дагуу бид Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барих гэж байна. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Ажилдаа хайхрамжгүй хандах, мэдлэг дутах гэх мэт шалтгаанаас алдаа гардаг. Гадны орнуудад эмчийн гаргасан ямар алдааг даатгалд хамруулах вэ, эмч алдаа гаргаснаас эмчлүүлэгч хохирсон тохиолдолд ямар нөхөн төлбөр олгох вэ, иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулах вэ гэдгийг хуулиар зохицуулдаг. Бид ч эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Хариуцлагын даатгалд ажлын байрандаа согтуу байсан гэх мэт алдаа гаргасан хүмүүс хамрагдахгүй. Энэ тохиолдолд эрхийг нь хасна.

-Саяхан таны нэрээр твиттер хуудаст хуурамч хаяг нээж, жиргэсэн тохиолдол гарсан. Энэ хүнийг олсон уу?

-Энэ бол цахим гэмт хэрэг шүү дээ. Миний нэрийг ашиглаж сайдууд руу хүртэл элдэв юм бичсэн байсан. Би энэ асуудлаар Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хууль зүйн сайдад хандсан байгаа.

-Эрүүл мэндийн салбарт энэ жил нэлээд шинэчлэл хийж байгаа гэсэн. Тухайлбал шинэчлэлийн ямар ажил эхлүүлээд байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг бид өргөн цар хүрээтэй хийж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын тушаал гарч эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг эхлүүлсэн. Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад садаа болж байгаа зүйлүүдийг засаж залруулах шинэчлэлийн бодлогоо гаргасан. Энэ хүрээнд хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллагын хүлээгдэл чирэгдлийг багасгая, яаралтай тусламжийн тасгийг нэмэгдүүлье, төвлөрлийг сааруулъя гэсэн зорилт тавьсан. Нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг шинэчлэлийн гол бодлого болгосон юм.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний хэмжээний судалгааг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулиар хийлгэсэн. Эндээс эрүүл мэндийн чанаргүй үйлчилгээ хаана байна вэ гэдэгт дүгнэж хийгээд чанарын таван зорилтыг тавьсан байгаа. Тухайлбал эмч нарын мэргэжлийн алдаа доголдол, ёс зүйн зөрчлийг арилгах,эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн мэс ажил- баруудын эрсдлийг бууруулах гэх мэт зорилтуудыг тавьсан.

Бид энэ мэт зорилтуудыг тавиад эрсдлийг бууруулахын төлөө ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарт гарч байгаа маш том алхам гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарын эхний есөн сарын статистик мэдээгээр төрөлт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс дөрвөн мянгаар нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл буурсан. Өнгөрсөн оны мөн үеийнхээс энэ жил нас баралт 831 тохиолдлоор буурсан байна. Гэтэл эмнэлэгт хэвтсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 9333 тохиолдлоор нэмэгджээ.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын үзүүлэлт сайжирч байна. Гэхдээ бидэнд засаж залруулах олон ажил бий. Бид шинэчлэлийн олон бодлого хэрэгжүүлж байгаа боловч хэрэгжүүлэх шатанд гацаанд орчихоод байна. Мөн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аравдугаар сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хүртэл эрүүл мэндийн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаар шалган туслах, зөвлөх баг ажиллуулах гэж байна.

-Эмнэлгийн барилга дутмаг байгаа асуудал хэцүү байна. Ойрын хугацаанд эмнэлгийн ямар барилга ашиглалтад орох вэ?

-2010 оноос өдийг хүртэл ашиглалтад орохгүй удаж байгаа барилга олон байна. Бид эдгээр барилгыг ашиглалтад оруулахын тулд олон ажил хийсэн. Би эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэгчидтэй уулзалт хийсэн. Ажлаа хурдан дуусга гэж даалгасан байгаа. Харамсалтай нь зарим барилгын ажил урагшлахгүй байна.

-Шалтгаан нь юунд байна вэ?

-Шалтгаан нь эмнэлгийн барилгын төсөвт өртөг нэмэгдэж байна. Зарим барилгын гүйцэтгэгчид тодорхойгүй болсон. Тиймээс зарим барилгын гүйцэтгэгч компанийн эздийг хууль хяналтын байгууллагынханд мэдэгдсэн байгаа.

Жишээлбэл Яармагт баригдаж байгаа нийслэлийн төрөх эмнэлгийн барилгын нийт өртөг нь 19 тэрбум төгрөг болсон. Гүйцэтгэгчид нэмж 14 тэрбум төгрөг өгвөл энэ барилгыг барьж дуусгана гэсэн. Гэтэл энэ мөнгийг нь гаргах боломжгүй болчихоод байна.

Тиймээс гүйцэтгэгчид зардлаа төсөвт өртгөөсөө 30 хувиар нэмбэл дахин тендер зарлахаар болсон. Тиймээс эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж байгаа барилгуудын асуудал гацаанд орчихоод байна. Жишээлбэл 2014 онд шинээр барих барилга бараг байхгүй болчихоод байна.