ЭМШУИС-ийн сургалтын эмнэлэг байгуулна
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
2013.10.14

ЭМШУИС-ийн сургалтын эмнэлэг байгуулна

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна. Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харъяанд сургалтын эмнэлэг байгуулах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт, энэ ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгалаа.

Орчин үеийн стандартад нийцсэн их сургуулийн сургалтын эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эмнэлэгт суурилан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой гэж тооцоолж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.