Сүүлийн 20 жилд эхийн эндэгдэл зургаа дахин буурлаа
ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Анагаах Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Түдэвдоржийн Эрхэмбаатартай ярилцлаа.
-Дэлхийн бусад орнуудад эхийн эндэгдэл хэр их тохиолддог вэ?
-Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж 600 000 эх энддэг энэ нь 1 минутад нэг эх эндэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий даяар өдөрт /24 цаг/ 1 440 эх эндэж байна. Эхийн эндэгдлийг бууруулах талаар дэлхий дахинд болон бүс нутгууд, үндэсний Засгийн газрын түвшинд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсний үр дүнд эхийн эндэгдлийн түвшин буурсаар байна.
-Эхийн эндэгдлийг бууруулах талаар дэлхий дахинд ямар арга хэмжээ авч байна вэ?
-XXI зуун гараад 2002 онд дэлхийн 147 орны төрийн тэргүүнүүд энэ зууны тулгамдсан 8 асуудлыг тодорхойлсны хоёр нь хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал байсан. Үүнд эх, нялхсын эндэгдлийг улс орон бүхэн 2014 он гэхэд ¾ дахин бууруулах, ДОХ бэлгийн замын халдварыг багасгах гэсэн хоёр томоохон зорилт тавьсан. Энэхүү зорилтыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч улс орон бүр өөрийн онцлогт тохируулан энэ зуунд шийдэх асуудлаа тодорхойлон гаргасан.
-Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол оронд эхийн эндэгдэл ямар түвшинд байгаа вэ?
-Дэлхийн түвшинд эхийн эндэгдлээр нь улс орнуудыг өндөр, дунд, бага эндэгдэлтэй орон гэж хуваадаг. XX зуунд Монгол улс эхийн өндөр эндэгдэлтэй орны түвшинд байсан. Тухайлбал, 1993 онд 100 000 төрөлтөд эхийн эндэгдэл 241 байсан бол, 2013 оны эхний есөн сарын байдлаар 100 000 төрөлтөд 35 болж буурсан.
Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жилд эхийн эндэгдэл 6 дахин буурсан гэж үзэж болно. Энэ нь дунд зэргийн эхийн эндэгдэлтэй орны тоонд багтаж энэ талаар чанарын ахиц гаргасан гэсэн үг.
-Эхийн эндэгдэл 6 дахин буурсан энэ үзүүлэлтэд юу голчлон нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?
-Үе үеийн засгийн газар, Эрүүл мэндийн яам Монгол улсын эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажлыг тэргүүлэх чиглэлийнхээ зорилт болгон хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Монгол улсын засгийн газраас Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний 4 удаагийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамны Эхийн эндэгдэл буруулах 2 удаагийн стратеги,
түүнчлэн 2011- 2015 он хүртэл эх, нярайн эрүүл мэндийн стратеги зэрэг бодлогын олон арга хэмжээг дурьдаж болно. Эхийн эндэгдлийг бууруулахад НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ-аас техник, арга зүйн болон санхүүгийн асар их тусламжийг үзүүлж хамтран ажилласан.
-Манай улс эхийн эндэгдлийг бууруулах талаар ямар зорилт тавьсан, яаж хэрэгжиж байгаа вэ?
-Монгол улсын мянганы хөгжлийн зорилтыг баталсан Улсын их хурлын 25 дугаар тогтоолоор 100 000 төрөлтөд 241 байсан эхийн эндэгдлийг 2015 онд 100 000 мянган төрөлтөнд 50 болгон бууруулах зорилт дэвшүүлсэн.
Энэхүү зорилтоо Монгол улсын Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд 2010 онд 100 000 төрөлтөд 45,5 болгон 2015 онд хүрэх зорилтонд өнөөдөр хүрчихээд байгаа нь сайшаалтай. Ингэснээрээ ДЭМБ манай улсыг эхийн эндэгдлийг тууштай бууруулж байгаа орон гэж хүлээн зөвшөөрөөд байна.
-Эхийн эндэгдэл тодорхой хэмжээгээр буурчээ. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Жишээгээр тайлбарлана уу?
-Тиймээ эхийн эндэгдлийг бууруулах нь талаар манай яам анхаарч ажилладаг. Зөвхөн энэ оны эхний хагас жилийн эхийн эндэгдлийг 8 дугаар сарын 8-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, Эхийн эндэгдлийг бууруулах албан даалгавар гаргаж бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн.
2013 оны үзүүлэлт эхний есөн сарын байдлаар
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлгөөнийг хот, хөдөөгийн эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн мэргэжилтнүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудыг оролцуулан хийж, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах зөвлөмж гарган зөвлөмжийн дагуу ажиллаж байна.
Ер нь эх эрүүл байвал жирэмслэлт хэвийн байж, төрөлт хэвийн явагдаж эрүүл хүүхэд төрнө гэсэн түгээмэл ойлголтыг эрүүл мэндийн салбар ч энгийн иргэн эмэгтэйчүүд ч хүлээн зөвшөөрдөг.
Гэхдээ тухайн орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын түвшин, хувь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарал тавьж байгаа байдал, төрөөс эх, эмэгтэйчүүдэд тавьдаг нийгмийн болон гэр бүлийн анхаарал халамж, санхүүгийн чадамж зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлнө.
-Гэхдээ заавал эхийн эндэгдэл гарах ёстой юм уу?
-Эхийн эндэгдэл заавал гарах ёстой гарахгүй байх ёстой гэж хэлэхэд хэцүү. Одоогоор нэг ч эх эндүүлдэггүй орон хараахан байхгүй байна. Суурь өвчтөй, бусад эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд жирэмсэлбэл эндэх өндөр эрсдэлтэй байдаг. Тухайлбал, сүрьеэ өвчтэй, бөөрний дутагдалтай, зүрхний дутагдалтай эмэгтэй энэ үндсэн өвчнөө эдгээгүй байхад жирэмсэлж төрөх нь олон байдаг.
Ийм тохиолдолд жирэмслэлт, төрөлтийн явц хүндрэлтэй явагддаг. Нас барж байгаа эхчүүд ихэвчлэн жирэмсний хүндрэлтэй эхчүүд байдаг. Түүнээс гадна эхийн эндэгдэл хувь хүний хариуцлагаас хамааралтайг үгүйсгэж болохгүй.
Энэ оны эхний есөн сарын байдлаар нас барсан эхчүүдийн 4 нь зах дээрээс үр зулбуулах эм ууж эмнэлгийн тусламж үр дүн өгөхөөргүй оройтсон хойноо эмнэлэгт ирж нас барсан байх жишээтэй. Мөн нэг жирэмсэн эмэгтэй зочид буудалд тодорхой бус шалтгаанаар нас барсан байна. Энэ бүгд эхийн эндэгдэл гээд л бүртгэгдээд явна шүү дээ.
-Ард иргэдийн дунд эхийн эндэгдлийн талаар таагүй ойлголт, мэдээлэл байдгийг та юу гэж ойлгож байна вэ?
-Ард иргэдийн дунд гэхээсээ илүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд сенсаци тарих зорилгоор, эсвэл асуудлын мөн чанарыг ойлголгүй маш өнгөц хандаж, буруу зөрүү мэдээллийг олон нийтэд янз бүрийн өнцгөөс харж, ихэвчлэн улс төрийн өнгө аясаар шуугиан дэгдээж байгаа нь ёс суртахуунгүй зүйл юм.
Эхийн эндэгдлийг бууруулахад НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ-аас техник, арга зүйн болон санхүүгийн асар их тусламжийг үзүүлж хамтран ажилласан.
Эхийн эндэгдэлд анагаах ухааны түвшинд шийдэгдэх боломжгүй нөхцөл байдлаас эхчүүд эрсдэлд орох, эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтны харьцаа хандлага, ёс зүй, мэдлэг, чадвар дутсанаас үүдэлтэй, эрүүл мэндийн чанартай тусламж авах нөхцөл сайн бүрэлдээгүй байх, дэд бүтцийн таагүй нөхцөл, хариуцлага, хяналтын тогтолцооны гажиг зэрэг олон хүчин зүйлсүүд нөлөөлдөг.
Хувь хүний хариуцлага ч гэж байна. Эрт эмнэлэгт ирэлгүй гэртээ өвдөж байгаад усаа гаргаад хүүхдээ бүтээгээд ирж байгаа эхчүүд ч олон байдаг. Тэндээс хүндрэл гарах жишээтэй. Ард иргэдийн дунд буруу зөрүү мэдээлэл түгээж айдас, хүйдэст автуулах нь ихээхэн сөрөг үр дагавартай. Энэ асуудалд их ул суурьтай хандах учиртай.
-2013 онд нас барсан эхчүүдээс Улаанбаатар хотод олонх нь эндсэн гэдэг мэдээлэл байдаг энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Жилдээ нийт төрж буй эхийн 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод төрдөг. Эхний хагас жилийн байдлаар 15 эх нас барсны 10 тохиолдол нь Улаанбаатарт байгаа. Үүний 5 тохиолдол нь Нэгдүгээр амаржих газарт гарсан.
Сайд надад ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтний хувьд үүрэг өгч, Нийслэлийн эрүүл мэндийн газарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, НЭМГ-аас 9 дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг мэргэжил, харьцаа хандлага, ёс зүйд үнэлгээ өгч зөвлөн туслах ажлыг зохион байгуулахыг даалгасан. Энэ ажил одоо эхэлж байна.
-Улаанбаатар хотод төрөлт их байгаа нь эхийн эндэгдэлд нөлөөлж байгаа юм уу?
-Ер нь төрөлт ихсэхэд эхийн нас баралт ихэсдэг зүй тогтол бий. Улаанбаатар хотын амаржих газар маш их ачаалалтай ажиллаж байна. Өдөрт 90-100 шинэ иргэн мэндэлж байна. Улаанбаатар хот нь 500,000 хүн амд төлөвлөгдсөн төрөх газрууд одоо сая гаруй хүн амтай болсон үед үнэхээр ачааллаа дийлэхгүй байна.
Улаанбаатар хотын клиникийн 1-р амаржих газрын өргөтгөл 6 сард орсон. Улаанбаатар хотын 300 ортой төрөх эмнэлэг, 3-р амаржих газрын барилга гээд аль 2010 онд эхэлсэн одоо аль хэдийнээ ашиглалтанд орчихсон байх учиртай барилгууд яах нь мэдэгдэхгүй ашиглалтанд орохгүй байгаа нь бүр ч их хүндрэлийг үүсгэж байна.
Төрөх эмнэлэгтэй болох гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байна. Хоёрдугаар амаржих газрын өргөтгөл нь газрын маргаанаас болоод эхлээч үгүй байна. Энэ бүхэнд Засгийн газар анхаарлаа хандуулах шаардлагатай.
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эх нялхсын салбарт ямар өөрчлөлт хийсэн бэ?
Шинэчлэлийн Засгийн газар эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах талаар дорвитой алхамуудыг хийж байгаа нь сайшаалтай. Үүнд:
-2013 оны 6 дугаар сард “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт улсын зөвлөгөөн зохион байгуулж, эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх бодлого шийдвэрээ эргэн харж, засч залруулах ажлыг хийлээ
-ЭХЭМҮТ-д перинатологийн төв байгуулахаар санхүүжилтийг шийдэж, үйл ажиллагааг эхлүүллээ
-Нийслэлийн Баянзүрх дүүрэгт баригдах Гуравдугаар амаржих газрын 7,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн
ЭХЭМҮТ-д перинатологийн төв байгуулахаар санхүүжилтийг шийдэж, үйл ажиллагааг эхлүүллээ.
-2011 онд 50 ортой амаржих газар 1 аймагт ашиглалтад орж байсан бол одоо 8 аймагт амаржих газар ашиглалтад оруулахаар баригдаж байна
-Нэгдүгээр амаржих газрын өргөтгөл ашиглалтад орсноор нийт 150 ор нэмэгдлээ
-Эх барихын тусламжинд зайны оношилгооны аргыг нэвтрүүлэх техникийн нөхцөл бүрэн хангагдаж бүх аймгууд ургийн гажиг хөгжлийг оношлох тоног төхөөрөмжөөр хангагдлаа
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулж байна
-Эх барих эмэгтэйчүүдийн эмч болон эх баригч, нярайн сувилагч нарын хэрэгцээг судлан орон тооны хэмжээг шинэчлэн тогтоогоод байна
-Эхийн эндэгдлийн асуудлыг удаа дараа шат, шатандаа хэлэлцэж эх, нярайн эндэгдлийг бууруулахад анхаарах хэд хэдэн албан даалгаврыг гаргаад байна
-Ялангуяа эмнэлгийн ажилтны мэргэжлийн алдаа, доголдлыг бүртгэж мэдээлдэг болсноор урьд нь нуугдмал, дарагдмал байж анхаарлын гадна үлддэг байсан маш том асуудлыг бодлогын түвшинд шийдэх боломжтой боллоо
-Одоо нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дээр ЭМЯ-ны шалган, туслах баг ажиллаж эхлэх гэж байна. Энэ баг 10 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах юм
-Цаашдаа бүх аймаг, ЭМЯ-ны шууд харьяа байгууллагуудад иймэрхүү ажлын хэсгүүд ажиллах юм. Энэ ажилд ЭМЯ-ны бүх Ерөнхий мэргэжилтнүүд, Сайдын зөвлөлийн гишүүд дайчлагдаж байгаа
-Эмч нарын харьцаа хандлага, мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энэ бол маш чухал асуудал эмчийн ёс зүй харьцаа хандлагаас үүдэлтэй гомдол санал цөөнгүй гардаг. Эмч нар ч үүнд анхаарах хэрэгтэй. Ер нь эмчээс шалтгаалах эрсдэлийг багасгаж чадвал эхийн өвчлөл, эндэгдлийг бууруулах асар их боломж байгаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний хэмжээний 5 зорилтыг тодорхойлсны дотор эрүүл мэндийн ажилтны мэргэжлийн алдаа, доголдлыг бууруулах асуудал нэг зорилт нь болж орсон учраас эзгүйдэж байсан асуудал бодлогын түвшинд тавигдаж байгаа болохоор ихээхэн эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.