Туул, Дунд голын дагуух газрыг амралт, зугаалгын бүс болгоно
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргасан.
Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу 18 байршилд 120 га газарт амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгосон байна.
Амралтын бүсэд урлагийн задгай талбай, наран шарлага, гэр бүлээрээ амрах зориулалтын орчин бүрдүүлэх гэнэ.
Амралтын бүсэд задгай талбай, наран шарлага, гэр бүлээрээ амрах зориулалтын орчин бүрдүүлнэ.
“Гэр бүлээрээ амрах хэсэгт майхан барих задгай талбай, спортын талбай, сүүдрэвч, сандал, худалдаа үйлчилгээний цэг байгуулна. Мөн зугаалгын төвүүдийг холбох унадаг дугуй болон гүйлтийн зам барих юм.
Нэг онцлог нь энэ амралтын бүсэд архи согтууруулах ундаа худалдахгүй” гэж тус албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа ярилаа.
Амралт зугаалгын бүсэд үйлчилгээ эрхлэх сонирхолтой байгууллагуудын материалыг хүлээн авч эхэлжээ. Зарим аж ахуйн нэгж энэ өвлөөс үйл ажиллагаагаа эхлэх юм байна.