Ж.Бат-Эрдэнэ: Дата урсгалын хэмжээ 10 хувиар нэмэгдэхэд тухайн орны ДНБ 1,6 хувиар өсдөг
“Монголын Цахилгаан Холбоо” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ
2013.10.19

Ж.Бат-Эрдэнэ: Дата урсгалын хэмжээ 10 хувиар нэмэгдэхэд тухайн орны ДНБ 1,6 хувиар өсдөг

Хамтын хүчээр бялуугаа томруулах боломжтой

“Монголын Цахилгаан Холбоо” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэтэй цахилгаан холбооны цаашдын хөгжил болон мэдээлэл харилцаа холбооны цаашдын ирээдүйн сорилтын талаар ярилцлаа.  Тус компани нь нэг талаас Засгийн газар, нөгөө талаас Солонгосын “Кореа тел” компаний хөрөнгө оруулалттай, хувьцаат компани юм.  

-Та Монголын цахилгаан холбоо компанийг дампууралтай байх үед ажлаа хүлээж авч, хүндхэн даалгавартай учирсан. Одоо нэг жилийн дараах компанийн байдал сайжирсан уу?

Тухайн үед компани маань алдагдалтай байсан учир юун түрүүнд алдагдлыг бууруулах, хоёрдугаарт орлого, ашгаа нэмэгдүүлэх, гуравдугаарт үйлчилгээний чанарыг сайжруулах, нэмэгдүүлэх, дотоод бүтэц зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байлаа. Тиймээс бид энэ дагуу ажилласан.  

Зарим талаараа дотооддоо бүтцийн өөрчлөлт хийж, өнөөгийн зах зээлийн нөхцөлд тохирсон арга хэмжээг авах, үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэхэд анхаарсан.

Тухайлбал ажилчдын ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүргийг бодлогын түвшинд сайжруулсан. Мөн ажилчдын цалин бага байсныг өөрчилж, бодлоготойгоор нэмэгдүүлсэн. Энэ нь хамгийн бага  цалинтайг нь нэмэгдүүлэх замаар хэрэгжүүлсэн юм. Одоо манай компаний ажилчдын дундаж цалин мэдээлэл харилцаа холбооны салбарын дундаж цалин руу дөхөж очсон гэдгийг хэлмээр байна. Мөн ажлын байрны нөхцөлийг ч сайжруулсан.

-Дампуурлын эсрэг авсан алдагдлыг нөхөх стратеги нь юу байсан талаар та бидэнтэй хуваалцаач. Алдагдал жилийн өмнө 300 сая байсан. Одоо хэд болсон бэ?

Аливаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө байдаг. Өнгөрсөн жил үндсэн бизнесийнхээ үйл ажиллагаанаас 300-гаад сая төгрөгний алдагдалтай байсан. Одоо тайлан арай гараагүй байгаа ч гуравдугаар улирлын дүнг харахад бид энэ жил 600 сая төгрөгний ашигтай ажиллаж чаджээ.

Бизнесийг ашигтай байлгахын тулд бизнесийн хүрээ болон орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө нэг хэсэг нь зардлыг бууруулах шаардлагатай. Тиймээс бид бүхий л бололцоотой гэсэн хэсгүүд дээр хамт олонтойгоо хамтарч ажилласан. Тухайлбал алдагдалтай байсан аймгуудын ажилтнууддаа маш их сургалтыг явуулж, бизнесийн зорилгыг нь тодорхой болгоход анхаарсан. Ингэснээр алдагдалтай аймаг цөөрсөн.

Бүх аймгууд баланслаад ирэхээр бизнес маань амжилттай болж ирж байгаа юм.

-Компаниа эргээд босгохын тулд удирдлагын зүгээс хүний нөөц, дотоод бүтэц зохион байгууллат дээр анхаарсан гэсэн. Цомхотгол явуулсан уу?

Цомхотгосон тохиолдол зөндөө. Энэ компани 1200 гаруй ажилтантай. Ажлын байрыг шахах зүйл хийгдсэн. Гэхдээ нөгөө талдаа ажилчдынхаа цалинг нэмсэн.

Хүмүүсийн идэвхи чадвараас ихээхэн зүйл хамаарна. Зөвхөн борлуулалт, үйлчилгээний хэсгийг хараад байвал болохгүй. Компанид ажиллаж буй хүн бүр л оролцож байж амжилт гаргана. Бид хамтарч ажиллах тал дээр нэлээн амжилт олсон.

-Одоо танай компаний дараагийн алхам юу байх вэ. Хуучин үйлчилгээг сайжруулах чиглэлд ажиллах нь таны компанийг чимээгүй байгаа юм шигээр харуулж байна. Та саяхан Солонгос улс руу албан ажлаар яваад ирсэн. Чухам ямар ажлаар явсан бэ?

Шинэ технологи дээр тулгуурласан бизнесийг эхлэх ажлуудыг хамтрагч засгийн газар болон томоохон хувьцаа эзэмшигч “Кореа тел” /КТ/ компанийн талуудтай уулзаж, монгол улсад дөрөв дэх үеийн 4G-LTE технологи дээр тулгуурласан бизнесийг хөгжүүлэхээр бодлогын чиглэл гаргаж, санамж бичигт гарын үсэг зураад ирлээ.

Википедиа. Улаанаар тэмдэглэсэн нь 4G LTE-г бүрэн ашигладаг улс орон, цэнхэр нь хүрээгээ өргөжүүлж байгаа, саарал нь туршилтын шатанд яваа улс орнууд

Үүний эхлэл болгож судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэ бол зөвхөн МЦХ-ы бизнес биш. Монголд 4G-LTE технологи дээр  тулгуурласан бөөний урсгалын бизнесийг эрхлэхэд энэ судалгаа нь үнэтэй хувь нэмэр оруулна. Судалгаа ирэх 12 сар гэхэд бүрэн дуусна.

Судалгааны хүрээнд гурван гол ажил хийгдэнэ. Нэгдүгээрт Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны зах зээл дээр шинэ бизнесийг эхлүүлэх боломж байна уу, хоёрдугаарт боломж байвал  МЦХ компанийн бизнесийн загварыг боловсруулж, гуравдугаарт монголын засгийн газар, КТ-ийн стратегийн түншлэлийн баримт бичгүүд зурагдах юм.

-4G-LTE технологийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү. Үүн дээр тулгуурлаж ямар бизнес хийх боломжтой гэсэн үг вэ?

Энэ бол интернэтийн технологи дээр тулгуурласан бизнес. Өнөөдөр дэлхий нийтийн интернэтийн дүр зураг нь ярианаас илүү дата /бааз/ мэдээлэл, өгөгдлийн урсгал нь хүчтэй нэмэгдэж байгааг харж болно.

Цаашдаа ч өгөгдлийн урсгал нь маш ихээр нэмэгдэнэ. Өгөгдлийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг нь байгуулах шаардлагатай. Энэ бол 4G-LTE  технологи. Бид үүнд тулгуурласан олон төрлийн бизнес, үйлчилгээ иргэдэд хүргэхийг зорьж байгаа юм. Тухайлбал боловсролын салбарын онлайн сургалт, харилцаа холбооны салбарын олон төрлийн үйлчилгээ байна. Эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж болно. Телевизийн болон онлайн агуулга, банкны үйлчилгээ, төлбөр, цахим арилжаа, бүх төрлийн үйл ажиллагааг интернэтийн технолги дээр тулгуурлаж хийгдэхэд төвөггүй болно гэсэн үг.

-Гэхдээ цахим арилжаа, банкны үйлчилгээ манайд хийгдэж байгаа шүү дээ?

Зарим талаар маш бага хүрээнд хийгдэж байна. Хөдөөгийн иргэд оролцож чадахгүй байна. Монголын иргэд гадагшаа тэр болгон гарч

чадахгүй. Тэгэхээр хүн болгонд хүртээмжтэй байх, болгох дэд бүтцийг л бий болгох нь 4G-LTE-ийн гол үүрэг юм.

Нэгээр хэлбэл 4G-LTE дэд бүтцийн үйлчилгээг л үзүүлнэ гэсэн үг. Мэдээж шинэ бизнес эхлэнэ гэдэг нь тухайн компаний хувьд чухал зүйл. Бид бодлого, шийдвэр гаргах түвшиндээ амжилттай болно хэмээн харж байгаа.

-4G-LTE нэвтрүүлэхэд манай улсын хууль эрх зүйн орчин нь хэр хэмжээнд байгаа вэ?

Эрх зүйн орчныг сайжруулах тал дээр засгийн газар ажиллаж байгаа. Мэдээж ойрын үед шинэ технологи нэвтрүүлэхэд хориглосон зүйл байхгүй. Засгийн газрын түвшинд тодорхой бодлого гаргах зүйлүүдийг шийдвэрлэж байгаа.

-МЦХ бусад компаниудаас ялгаатай нь хамгийн буурай, хүн ам цөөнтэй аймагт хүртэл хүрч үйлчилдэг. Нийгэм, төр засгийн өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ. Энэ байдлыг солонгосын хөрөнгө оруулагч хэрхэн хүлээн авдаг вэ?

Аж ахуй нэгж бүр өөр өөрийн онцлогтой. Монголын цахилгаан холбоо хөдөө орон нутаг гэж зах зээл гололгүй суурин утас, интернэтийн үйлчилгээг хүргээд явж байгаа нь улс орны өмнө хүлээсэн үүрэг юм. Бизнесийн зүгээс харахад зарим алдагдалтай үйлчилгээг ч нуруун дээрээ үүрдэг.

Жишээлбэл энэ Засгийн газраас хөдөө орон нутгийн интернэтийг сайжруулж, үнэ тарифыг бууруулах бодлого гаргасан. Нэг суманд 128 к интернэтийн үйлчилгээг 22000 төгрөгөөр хүргэдэг байсан бол одоо

2002 онд манай оронд 235 мянган хvн гар утас хэрэглэдэг байсан бол єдгєє энэ тоо 2.5 саяд хvрчээ.

хурдыг нь 300 к-гийн үйлчилгээг 16000 төгрөгөөр хүргэдэг болсон. Хурдыг нь нэмэгдүүлээд үнийг нь багасгасан. Цаашдаа бодлогоор хөдөө орон нутагт хүргэж байгаа МЦХ-ын үйлчилгээ, засаг төрийнхөө бодлоготой уялдуулаад явж байгаа ажил юм.

 Бусад компани иймэрхүү байдлаар хүргээд явья гэвэл хэцүү. Тиймээс МЦХ бусдаасаа их өөр. Бид орон нутагт амьдарч, ажиллаж буй иргэддээ боломж олгоё гэж байгаа нь бидний нийгэм, төр засгийн өмнө хүлээсэн үүрэг.

Нэг талдаа гадны хөрөнгө оруулалттай учир ашиг олох ёстой. Кореа тел компани бол хувьцааны 40 хувийг эзэмшдэг. Томоохон хувьцаа эзэмшигч. Тус компаний хувьд татгалзаад байх зүйл байдаггүй.

 Энэ бол хувьцаа эзэмшигчид харилцан бие биенээ хүндэлж байгаа хэлбэр. Мэдээж КТ бизнесийн байгууллага учраас аль болохоор л ашигтай ажиллуулахыг шаарддаг. Тийм ч учраас КТ-тэй хамтраад шинэ технологийн бизнесүүдийг хэрэгжүүлэх болох эсэхийг судлаж байгаа юм.

Хэрвээ бидний судалгаа амжилттай болвол КТ энэ ажилд хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн.

-Шинэ технологи нэвтрүүлсэний дараагийн алхам юу байх вэ. Судалгааны шатанд яваа учир үнэхээр ашиг өгнө гэж ам бардам хэлэхэд хэцүү. Хэрвээ энэ бүтэхгүй бол цаашдын бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

Ер нь бүтсэн бүтээгүймонгол улсын харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгжүүд хоорондоо харилцан уялдаатай, хамтарч ажиллах хэрэгтэй. Би ганцаараа гэдэг үе өнгөрсөн. Ялангуяа харилцаа холбооны салбар дээр хамтарч байж л ашигтай ажиллаж, зах зээлээ тэлж, хурдан хөгжинө.

Хамтын хүчээр бялуугаа томруулах боломжтой. Дэлхийн хандлага ч ийшээ чиглэсэн. МЦХ компани ганцаараа шинэ технологи нэвтрүүлээд сайхан явна гэхгүй. Бусадтайгаа хамтарч ажиллана.

Дата урсгалын хэмжээ 10 хувиар нэмэгдэхэд тухайн орны ДНБ 1,6 хувиар өсдөг гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр бид үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх гээд байгаа нь үүнтэй холбоотой гэдгийг ойлгож байгаа байх. Өнөөдөр монгол улс 25 орчим гегагийн урсгалыг оруулж ирж байгаа ч дотооддоо урсгалаа нэмэгдүүлэх ётсой.

Хэрвээ урсгал нэмэгдвэл эдийн засагт эергээр нөлөөлж, өсөлт нэмэгдэнэ. Мэдээлэл технологийн бизнес байгальд ээлтэй байдаг учраас маш эрчимтэй дэмжих хэрэгтэй. Аль болохоор үр ашиггүй өрсөлдөөнөөс зугатах ёстой.

Ярилцсанд баярлалаа.