2013.10.21

З.Баянсэлэнгэ: “Архины хяналтын тухай хууль”-ийг яаралтай батлуулах нь зүйтэй

ТВ9 телевизийн “Ардын парламент” нэвтрүүлгийн зочдоос УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн байр суурийг онцлон хүргэж байна.

-“Архины хяналтын тухай хууль”-ийн талаар таны байр суурь?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахын эсрэг урьдчилан сэргийлэх, ялангуяа согтууруулах ундаа савлах хэмжээ, хатуулгийг бууруулах гээд хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн зүйл заалтуудыг хэрэгжүүлэхээр оруулсан боловч харамсалтай нь төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна.

-Архитай холбоотой зүйл хөндөгдөх бүрт саад бэрхшээлтэй тулгараад байгааг та юу гэж боддог вэ?

-Юуны өмнө тамхины хяналтын тухай хуулийн талаар ярих нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хууль маань яагаад батлагдахгүй удааширсан гэхээр нөгөө л лобби, янз бүрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Ялангуяа УИХ дотор энэ хуулийн хэрэгжилтийг эсэргүүцсэн гишүүд цөөнгүй байсанд хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна.

УИХ-д энэ хуулийг батлуулахын эсрэг байр сууринаас хандах гишүүд байхыг үгүйсгэхгүй.

Үүнтэй адил архины хяналтын тухай хууль өнөөдрийг хүртэл төдийлөн амжилттай боловсруулагдаагүй. Магадгүй УИХ дотор энэ хуулийг эсэргүүцэж батлуулахын эсрэг байр сууринаас хандах гишүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нийт ард түмний эрх ашиг байгаа гэдэг үүднээс энэ хуулийг яаралтай батлуулах нь зүйтэй гэж бодож байна.

-Хуулийн хэрэгжилтэнд анхаарахын тулд юу хийх ёстой вэ?

-Хуулийг хэрэгжүүлэхийн тулд бид архидан согтуурахтай тэмцэх нь зөв. Гэхдээ бид яагаад архи уугаад байна вэ? гэдэг шалтгаан нөхцөлийг гаргаж ирэх ёстой болохоос шинж тэмдэгтэй нь тэмцэх ёсгүй.

Өнөөдөр зөвхөн архи ууж буй хүнтэй нь, эрүүлжүүлсэн хүний тоо, архины зөвшөөрөл хураасан тоо, гарсан гэмт хэргийн тоо гэх мэт шинж тэмдэгтэй нь тэмцээд. Гарч буй үр дүн, нийгэмд учирч буй хор хөнөөлийг нь тооцохгүй байна. Иймд төрийн хяналт тавих нь зөв.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...