Г.Баасан: Ахмадуудаараа тоглохыг цээрлэе
Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос “Ахмадуудаараа тоглохыг цээрлэе” нэртэй хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын Ахмадын холбоо үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болж, 6000 мянга гаруй идэвхтэнтэй, 200 гаруй салбартай байдаг ч ахмадууддаа хүрч ажиллаж чаддаггүй, намчирхдаг гэлээ.
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан хэлсэн үгэндээ:
-МАХолбоо татвар төлөгчдийн мөнгийг авдаг атлаа ахмадуудад чиглэсэн, олон нийтийн итгэлийг хүлээсэн ажил хийгээгүй. Ахмад хүмүүсийг ардчилсан нийгмийн эсрэг хүмүүс байхаар ойлголтыг бусдад төрүүлж, тэднийг аймхай хулчгар болгох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хаах, хавчлага үзүүлэх, улс төрийн зорилгодоо ашиглах аргуудыг хэрэглэсний уршгаар ахмадууд цөхрөнгөө барж, залхаж олон жилийг үдэж байна.
Энэ бүхнийг өмнөх Засгийн газрууд төсвийн мөнгөөр хангаж хөхиүлэн дэмжиж, татвар төлөгчдийн татварыг үрэн таран хийж, ахмадуудынхаа үйлийг нь үзсээр ирсэн.
Монголын ахмадын холбоо төсвийг нь идэж, нэр хүндийг булаагаад, жинхэнэ санаачлага ачааг нь Монголын Ахмадын Чөлөөт Холбоо үүрч ирсэн. Монголын ахмадын холбоо өөрсдөө улсын төсөв олон жил завшиж байснаа хууль ёсны гээд, МАЧХ улсын төсөв авч бодит ажил явуулахаар хууль бус гэж үздэг гэлээ.
Мөн МАЧХ-оос 2916 ахмадуудын дунд судалгаа явуулахад судалгааны 96.9 хувь нь ахмадуудыг нэгдмэл болгож өгөөч, 87.6 хувь энэ ахмадуудын дунд намчирхах асуудал байгаа нь үнэн, 64.8 хувь нь ахмадын байгууллага бидэнд хүрч ажиллаагүй гэж хариулсан байна.
Монголын Ахмадын Чөлөөт Холбооны нэр төрд бүдүүлгээр олон удаа халдаж хийсэн ажлыг нь өөрсдийнх болгон даажигнаж, төрийн эрх мэдэлтнүүдтэй нийлж хөрөнгө мөнгө завшиж суудаг доромжлолыг цаашид тэвчихгүй гэдгийг Монголын Ахмадын Холбоонд анхааруулсан юм.