Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж дэмжлээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулж, хуралдааныг УИХ-ын гишүүн С.Ганбаатар даргалан явуулсан юм.
Харин уг хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан чухал асуудал болох Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ё.Отгонбаяр нарын зүгээс гаргасан саналын дагуу хойшлууллаа.
Тэд энэ асуудалд холбогдох салбарын яамдын бэлтгэл хангалттай бус гэж үзсэн юм.