Д.Батцогт: Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг тодорхой хэмжээгээр доромжилсон гэж үзэж байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.11.08

Д.Батцогт: Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийг тодорхой хэмжээгээр доромжилсон гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөшөөтийн уурхайн эзэмшигч “Мон Эн Ко” компанийн гүйцэтгэх захирал  Евэттэ Онг Монголд ирээд буцахдаа ганцхан тантай уулзсан гэсэн мэдээлэл байна. Энэхүү уулзалтаар Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй байх тухай асуудал яригдсан байж болзошгүй гэх хардлага газар авлаа. Уулзалтаар ямар яриа өрнөсөн юм бэ. Та энэ талаарх бодит мэдээллийг өгнө үү?

-Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор олон хүний ажил, амьдрал уруудаж, орон нутгийн хэрэглээний нүүрс тасалдаад байгаа. Тиймээс Хөшөөтийн уурхайг ажиллуулах ёстой гэдэг үндсэн дээр би “Мон Эн Ко” компанийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг эртнээс тавиад байсан юм.

Энэ ч үндсэн дээр Орон нутаг хариуцсан захирал Жэмс Далонтай өмнө нь уулзаж байсан. Уулзалтаар “Нүүрсний зах зээлийн үнэ унахаар уурхайн үйл ажиллагааг зогсоогоод, өсөхөөр үйл ажиллагаагаа явуулдаг байж болохгүй” гэдгийг сануулсан юм. Тэд нэгэнт л Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа юм бол хариуцлагатай байх ёстой шүү дээ. Уулзалтын дараагаас “Мон Эн Ко”-гийнхон орон нутгийн удирдлагуудтай уулзаад хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцсан юм билээ.

“Мон Эн Ко” компанийн гүйцэтгэх захирал өнгөрсөн сарын сүүлчээр Монголд ирэхдээ Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзах хү-сэлтийг тавьсан гэсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт намын их хуралдаа суугаад завгүй байсан учир би түүнийг Төрийн ордонд албан ёсоор хүлээн авч уулзсан. Түүнээс биш хүмүүсийн ярьж, хэлээд байгаа шиг “Мон Эн Ко” компанийн байранд юм уу, гадуур уулзаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Уулзалтаар ямар шийдэлд хүрсэн юм бэ?

-Уулзалтын үеэр тэдний зүгээс хийх мэдээллийг нээлттэй сонссон. Тэд “Хөшөөтийн уурхай стратегийн ордод орох хэмжээний орд биш. Стратегийн ордод оруулах тухай яриа гарснаас болж манай хөрөнгө оруулагчдын сонирхол илт буурсан” гэдэг тайлбар хэлж байсан ч энэ бол миний хувийн үзэмжээр шийдэх хэмжээний асуудал биш гэдгийг би тодорхой хэлсэн. УИХ, Засгийн газрын хэмжээнд шийдэх л асуудал.

Хөшөөтийн уурхайн эзэмшигч нар хариуцлагатай, байнгын үйл ажиллагаа явуулдаг.

Түүнээс биш хүмүүсийн хардаад байгаа шиг Хөшөөтийн ордыг стратегийн ордод оруулахгүй байх тухай яриа өрнөөгүй. Хөшөөтийн уурхайг тойрсон маш олон ашиг сонирхол бий учир ямар нэгэн байдлаар хардах хүмүүс байдаг байх. Би өчүүхэн эрх ашгийн төлөө сонгогчдынхоо итгэл үнэмшлийг худалдах хүн биш гэдгээрээ бахархаж явдаг юм. Хөшөөтийн уурхайн эзэмшигч нар хариуцлагатай, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Тэр хэрээрээ Ховдын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулдаг байгаасай л гэсэн л хүсэлтэй.

Түүнийгээ ч уулзалтын үеэр тодорхой илэрхийлсэн. Хөшөөтийг тойрон ажил амьдралаа залгуулж явдаг хэдэн зуун сонгогч маань над руу ярьдаг. Учир зовлонгоо хэзээ ч хамаагүй залгаад тоочдог. Иймээс ард түмнийхээ сонголтоор гарч ирсэн  гишүүний хувьд тэдний ажил амьдралд санаа зовж, бас нутаг орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэгтэй гэж би ухамсарладаг.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Та ямар байр суурийг баримталж байгаа вэ?

-Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ямар нэгэн оролдлого хийгээгүй байж ийм хуулийн төсөл өргөн барьж байгаадаа ичих ёстой. Энэ хуулийн төсөлд маш болгоомжтой хандах учиртай. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутагт ашигт малтмал олборлохыг бүр мөсөн хориглох ёстой.

Ашигт малтмалын их хэмжээний нөөцийн орд бүхий бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх шаардлага тавиад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгч болох гарц харагдаад байгаа юм.

-Тэгэхээр та “Засгийн газар уул уурхайн компаниудын лоббинд орчихлоо” гэдэг шүүмжлэлтэй санал нэг байгаа гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлэх нь ч хаашаа юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд тэгж хэлж болохгүй. Энэ хуулийг гаргахдаа анхнаасаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандчихсан шүү дээ.

Угтаа бол хуулийн хамрах хүрээнд багтах газарт үйл ажиллагаа явуулаад хөрөнгө оруулчихсан компаниудад үйл ажиллагаагаа явуулах, нөхөн сэргээлт хийх тодорхой хугацаа зааж өгөөд түүний дараа ямар нэгэн нөхөн төлбөр өгөхгүйгээр хаана гэх ёстой байсан юм. Гэтэл ингээгүйгээс болоод дээрх хуулийн хамрах хүрээнд багтах газарт үйл ажиллагаа явуулж байсан компаниуд Засгийн газраас их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлээд эхэлсэн. Нөхөн төлбөрийг нь өгөх гэхээр Засгийн газарт мөнгө байдаггүй.

Үүнээс болоод л хэн хэнийхээ нээнтэгт орчихоод ийм асуудал үүссэн гэж би ойлгоод байгаа. Нөгөөтэйгүүр, энэ хуулийг гарсны дараа хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж, татвар төлөөд явж байсан компаниуд нинжа хэлбэрээр үйл ажиллага явуулж, татвар төлөхөөс зайлсхийж эхэлсэн шүү дээ. Тиймээс энэ хуулийн төслийг маш сайн хэлэлцэж байж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах ёстой.

-Оюу толгой төслийн II үе шатыг эхлүүлэх санхүүжилтгүй байгаагаас болоод төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Засгийн газар “Рио Тинто”-д зээл авах зөвшөөрөл олгох эсэхээс энэ төслийн цаашдын хувь заяа шийдэгдэх дээрээ тулчихаад байна. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?

-Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ анхнаасаа муу, хариуцлагагүй болсон гэдэгтэй одоо хүн бүр санал нэгдэж байгаа байх. Энэ алдааг бид засах ёстой ч гэрээг 100 хувь өөрчилнө гэж байхгүй. Ямар ч байсан Монгол Улсын хүртэх ашгийн хугацааг наашлуулж, хэмжээг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллах ёстой.

Энэ ч үүднээс УИХ-ын гишүүд Засгийн газрыг шахаж ажиллаж байгаа. “Рио Тинто”-гийнхныг зардлаа зохиомлоор өсгөж байна гэдгийг иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэд, зарим улстөрч анхнаасаа л шүүмжилж байсан. “Рио Тинто”-гийнхон зардлаа дор хаяж хоёр тэрбум ам.доллараар зохиомлоор өсгөсөн байна гэдгийг аудитын шалгалтаар тогтоочихлоо шүү дээ.

“Рио Тинто”-гийнхныг зардлаа зохиомлоор өсгөж байна гэдгийг иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэд, зарим улстөрч анхнаасаа л шүүмжилж байсан.

Үүнийгээ тэд хүлээн зөвшөөрөөд зардлаасаа хасах юм бол монголчуудын хүртэх хувь хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа Засгийн газар Оюу толгойн ордоос 450 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж байсан. Гэтэл үүнийгээ биелүүлж чадаагүйгээс болоод л сая энэ оны төсөвт тодотгол хийчихлээ гэж би харж байгаа.

2013 оны төсвийг батлах үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдэд “Та нар Оюутолгойн ордоос ийм  хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлж чадах уу” гэж асууж байхад “Чадна” гэж хариулж байсан. Гэтэл энэ жил “Чадсангүй уучлаарай” гээд төсөвт тодотгол хийчихэж байгаа байхгүй юу. Зүй нь бол Засгийн газрын гишүүд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

-Ямар хариуцлага хүлээх ёстой гэж?

-Ёс зүй гэж байдаг бол Засгийн газрын гишүүд огцрох ёстой. Гэхдээ манайд ийм соёл байхгүй учир энэ мөнгийг ирэх оны төсөвт тусгах ёстой гэдэг шаардлагыг УИХ-ын зарим гишүүн Засгийн газарт тавьж байгаа юм.

-Та “УИХ-ын гишүүд Засгийн газрыг шахаж ажиллаж байгаа” гэлээ. Гэтэл бодит байдал дээр Засгийн газрын ихэнх сайд нь УИХ-ын гишүүд  учир таны хэлснээс эсрэг байгаа юм шиг ээ?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийж болно гэдэг өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулснаас хойш улс төрийн тогтолцооны хямрал манай улсад нүүрэлсэн. 76 гишүүнтэй парламентын арван хэдэн гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашчихаар Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарчихаад байна шүү дээ. Үүнийг яаралтай салгах хэрэгтэй. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээ загнаад суудаг байж болохгүй.

-Ерөнхий сайд саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ “өмнө нь баталж байсан төсвүүд “Авлигажсан” байсан” гэсэн. Та үүнтэй санал нэгдэх үү?

-Хэдэн он дамжаад ашиглалтад ороогүй барилгуудаас болоод л ийм яриа гарсан юм билээ. Яагаад ашиглалтад ордгүй, ямар үндэслэлээр төсөвт өртөг нь нэмэгдээд байдаг гэдгийг Засгийн газар хууль хяналтын байгууллагаараа шалгуулж, дүгнэлт гаргаад бодит баримттайгаар хэлэх ёстой гэж үзэж байна. “Авлигажсан төсөв баталж байсан” гэж Ерөнхий сайд хэлснээрээ УИХ-ын гишүүдийг тодорхой хэмжээгээр доромжилсон гэж би хувьдаа үзэж байгаа.

Тийм л юм бол “УИХ-ын гишүүн тэр тэдэн оны төсөв дээрээс тийм авлига авах замаар он дамжсан төсөвт өртийг нэмэгдүүлжээ” гэж хэлэх ёстой шүү дээ. Иймэрхүү байдлаар асуудлыг улстөржүүлдэг байдлаа эрх баригчид ч тэр сөрөг хүчнийхэн ч тэр болих хэрэгтэй. УИХ-ын гишүүд тойрогт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж хичээдгийг буруутгаж үзэж болохгүй. Тухайлбал, би Ховд аймгаас сонгогдсон гишүүн.

Ховд аймагт орох ёстой хөрөнгө оруулалт төсөвт тусгагдаагүй бол манай тойргийнхон намайг буруутгана. Ийм “соёлыг” өнгөрсөн 20 жилд манай улстөрчид бий болгочихсон байхгүй юу. УИХ-ын гишүүн болгонд л ийм асуудал байгаа. Үүний төлөө ажилласан УИХ-ын гишүүд яагаад Ерөнхий сайдаараа авлигач гэж дуудуулах ёстой юм. УИХ-ын гишүүүдийг хавтгайруулж авлигач гэж хэлж байгаа нь буруу.

-Төсөв батлах үеэр улс төржилт байнга гардаг л даа. Ирэх оны төсвийг батлах гэж байгаа учир иймэрхүү асуудал гаарах байх. Ирэх оны төсвийн төслийг хэр зэрэг улстөржсөн гэж та бодож байгаа вэ?

-Төсвийн орлого, зарлагын тэнцвэр алдагдсанаас болоод асуудал үүсээд байгаа юм. Ирэх оны төсвийн орлого сайн байгаасай гэж хүсэж байгаа. УИХ үүсэж болзошгүй эрсдлийг тооцож, асуудалд бодитойгоор хандахаар хичээж байна. Гэхдээ Засгийн газраас даруухан төсвийн төсөл өргөж барьсан гэж бодож байна.

-Гаалийн ерөнхий газар энэ жилийн улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо оруулж чадаагүйгээс болоод нэлээд асуудал үүссэн. Энэ ч бас энэ жилийн төсөвт тодотгол хийх нэг шалтгаан болсон юм биш үү. Та өмнө нь Гаалийн ерөнхий газрын удирдах албан тушаалыг хашиж байсан хүний хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Сангийн яамнаас төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг батлахдаа тухайн байгууллага нь өмнөх жилийн улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого оруулсан байна гэдгийг харгалзаж үзээд л энэ жилийн улсын төсөвтөө өнгөрсөн жилийнх нь орлогыг нэмэгдүүлээд тусгачихдаг. Энэ тогтолцооноос болоод л асуудал үүссэн байх. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулаад төсөвт төвлөрүүлэх орлогыг автоматаар шууд нэмсэн гэсэн үг.

Түүнээс биш Гаалийн ерөнхий газрынхан муу ажиллаад улсын төсвийн орлогыг тасалдуулсан гэж бодохгүй байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг л асуудал болсон юм болов уу гэж бодсон. Гэхдээ асуудал үүсгэх хэмжээгээр нөлөөлөөгүй байх аа. Эдийн засгаа урьдчилан харж чадаагүйн л гай байхгүй юу.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.