2013.08.19

Г.Баярсайхан: Монгол Улс Алтны тухай хуультай болох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сард хуралдахаар болж байх шиг байна?

-Би ирэх сараас ажилдаа орно. Хэдийгээр амарч байгаа ч байнгын хорооны шугамаар холбогдох албаны хүмүүстэй уулзах шаардлага гарч байна. АНУ-ын Байгаль орчны судалгааны төвийн судлаач эрдэмтэн Пол Робинсонтой байгаль орчны асуудлаар санал солилцлоо. Энэ хүн Оюутолгойн байгаль орчны үнэлгээ, төсөл дээр шүүмж бичиж байгаа юм билээ.

Оюутолгойгоос хараат бус хүн. Манайхан олон улсын бие даасан байгууллагын хараат бус судлаачдаар томоохон уул уурхайн төслүүддээ мониторинг хийлгэвэл зүгээр юм шиг санагддаг. Энэ ч үүднээс нь би түүнтэй Монголын байгаль орчны талаар нэлээдгүй мэдээлэл аваад байж байна.

Эдийн засгийн нөхцөл байдлын тухайд ярихад үнэхээр амаргүй байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах нь зөв. Бодит байдлыг л ярьцгаая. Бүтээн байгуулалтын ажил хийгдэх ёстой. “Чингис” бондын мөнгөөр хийж байгаа ажлуудаа түргэн хийх хэрэгтэй. Угаасаа л хийх ёстой ажил.

Ажил эхлэх болгонд очоод тууз хайчилж болохгүй шүү дээ.Телевизүүдээр дарга нар байсхийгээд тууз хайчилж байгаа харагдах юм. Урин дулааны улиралд хийх ёстой ажлыг ингэж шоудах хэрэггүй. Гэтэл замын ажлууд явц муутай байгаа талаар дээр дооргүй ярьж байна. Энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй байгаа юм.  

-Дээр нь ам.долларын ханш өссөн нь асуудал үүсгээд байгаа. Үүнийг эдийн засагчид олон янзаар тайлбарлаж байна?

-Ам.долларын ханш өсвөл урт хугацаанд дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай. Нөгөөтэйгүүр эдийн засагт иргэдийн нуруун дээр дарамт болж очдог. Нэгэнт ам.долларын ханш чангарсан болохоор манай дотоодод хэрэглэж буй шатахууны үнэ нэмэгдэх муу нөлөөтэй.

Бид яагаад ийм нөхцөл байдалд хүрсэн эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт 11.7 хувьд хүрсэн гэж байгаа нь сайн хэрэг ч үүнээс илүү өсгөх боломжоо бид алдаад байна.

-Оюутолгойн далд уурхай зогссон нь Монголын эдийн засгийг оны эцэст сөхрүүлэхэд хүргээд байна. Дээр нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан нь асуудал үүсгээд байгаа шүү дээ?

Экспортын тоо хэмжээ

-Оюутолгойн хөрөнгө оруулалт зогслоо. Нүүрсний экспортоос орж ирэх ашиг буурч, зэсийн баяжмалын экспортын орлого ч мөн буурах болж. Тэгэхээр бид нэн түрүүнд экспортоо яаралтай нэмэх, дотооддоо валютын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаармаар байна. Манай экспортын үндсэн эх үүсвэр нүүрс.

Гэтэл бид нүүрсээ машинаар зөөж байгаа. Нүүрсээс олох ашгийнхаа ихэнхийг нь тээврийн зардалд өгчихөөд байна. Манайх нүүрсээ морин тэргээс зөөж байгаагаас өөрцгүй байна шүү дээ. Тиймээс бид асуудалд бодитой хандъя.

Өргөн, нарийн цариг гэж маргаад яах вэ. Бид хүссэн хүсээгүй нарийн царигтай төмөр зам урд хөрш рүү тавьж байж, Хятадын зах зээл дээр өрсөлдөх боломжоо олж авна. Бид аль болох богино хугацаанд их хэмжээгээр нүүрсээ экспортлох асуудлаа нэн түрүүнд бодох хэрэгтэй байна.

Энэ ажилд саад тотгор учраад байгаа нь монголчуудыг алгуурхан нүүрсний экспортод нь нөлөөлж байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна. Бид төмөр зам тавих гээд хэрүүл хийж байх хооронд ОХУ төмөр замаа тавьж, хойд хөрш Хятад руу их хэмжээний нүүрс экспортлох гэрээ хийсэн байна.

Манай улс өмнөд хөршид нүүрс нийлүүлэлтээрээ урд  нь явж байсан бол одоо хойш ухарсан байна. Манай улс төрчид нөхцөл байдлыг бодитоор харж, улстөржихөө болъё гэж хэлэх байна.

-Эдийн засгийн энэ хүндрэлүүдээс гарахын тулд бид яах ёстой вэ?

-Алт валютын гол эх үүсвэр. 68 хувийн татвар маш ноцтой үр дагавар авчирсан. Монголчууд алтаа хаягдал шороотойгоо хаячих цамаан болчихоогүй байна. Оюутолгойгоос олборлож байгаа алтыг Монголбанкаар дамжуулж тушааж байвал улс хөрөнгөжинө. Валютын нөөц ч нэмэгдэнэ.

Тиймээс алтны тухай хууль гаргах хэрэгтэй. Энэ хуулинд нинжа ирээд ч алтаа тушааж болно гэж заах хэрэгтэй. Ингэхдээ эдийн засгийн сонирхлыг нь бий болгох ёстой. Тэр нь дэлхийн зах зээлийн үнээс алтыг нь 10 хувийн нэмэгдэлтэй үнээр худалдаж авах хэрэгтэй. Ингэж байж нууцаар гараад байгаа алтыг зогсоож чадна.

Зөвхөн Монголбанк алт худалдаж авдаг болъё. Перу улс ийм хууль гаргаад алттай холбоотой бүх зохисгүй үйлдлүүд зогссон байна. Нэмэгдэл урамшууллын 10 хувийг алт олборлогч томоохон компаниуд сан байгуулж, урамшууллыг нь өгдөг юм билээ.

-Гэтэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурсан гэсэн статистек тоо гарчихаад байна. Оюутолгойн асуудлыг олон жил ярьсан ч өнөөдөр хөрөнгө оруулагчид нь нүүр буруулчихлаа. Тэдний шаардлагыг хүлээн авч Оюутолгойн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх ёстой юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тодорхой бодлого хэрэгтэй байгаа. Монголд гадаадын хөрөнгө оруулалт 43 хувь буурсан гэж байгаа ч 90 гаруйтай хувьтай болчихоод байна. Оффисийн байр түрээсэлдэг гадаадын компаниуд бүгд гараад явчихсан байна. Оюутолгойн гэрээг би их шүүмжилдэг.

Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд ашиг олох гэж орж ирдэг. Муу гэрээ хийсэн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Бид эргэж буцаж байна. Хэлсэн үгэндээ хүрдэггүй хүнтэй монголчууд нөхөрлөдөггүй. Манайхан гэрээгээ өөрсдөө хийчихээд байн байн буцаад байвал дэлхий нийт бидэнтэй харьцаж болохгүй юм байна гэсэн ойлголтод хүрнэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр “Чингис” бондын үнэлэмж буурсан байна. Бид Оюутолгойн асуудлыг олон жил ярилаа. Энэ үйлдвэрийг бариулаад авах хэрэгтэй байна. Үүний дараа өөрсдөө дотооддоо ярилцаж байгаад шийдэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчилж чадахгүй байсаар байтал хөрөнгө оруулагч нь үргээд гарчихлаа.

Нэг үгээр хэлбэл, Монгол гэсэн айлд худалдан авалт хийхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Засгийн газар гэрээгээ хийж чаддаггүй юм байна. Чаддаггүй юм бол зарим орны жишгээр бүгдийг нь өгчихөөд өндөр татвараа аваад сууж байхаас өөр арга алга.

-Н.Алтанхуягийн Засгийн газар энэ янзаараа байвал намар огцорч магадгүй гэсэн яриа сонсогдох боллоо. Саяхан Ардчилсан хүчний холбооныхон Хөвсгөлд хуралдсан гэсэн. Энэ холбоонд “Алтангадас” фракци буюу Н.Алтанхуягийн эсрэг бодол санаатай хүмүүс цөөнгүй байдаг. Магадгүй Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьсан юм биш биз?

-Манай Ардчилсан хүчний холбооныхон Хөвсгөлд аймагт чуулсан. Тэнд бид баруун бүсийн чуулга уулзалтаа хийсэн юм. Манай холбоо “Монголоо хөгжүүлье-Монголоо шинэчилье” уриатай. Бид чуулганаараа засаг төр огцруулах талаар яриагүй. Ярих ч шаардлага байхгүй. Тийм ч ёс байхгүй. Бид Засгийн газрыг өмнө нь огцруулах хоббитой байсан.

1996 онд АН олонхи болж засгийн эрхийг барьж байхдаа дөрвөн Засгийн газрыг огцруулсан. Эцэс сүүлд нь Монголын ард түмэн хохирсон. Дөрвөн жилийн хугацаанд тодорхой бодлогоо хэрэгжүүлээгүй, АН дотроо талцаж, хоёр тал болсоор байгаад 2000 оны сонгуульд бид элгээрээ хэвтсэн.

Үүнийг бид давтахыг хүсэхгүй байна. Одоогийн Засгийн газар сайн, муу нэрээ зүүгээд ажиллаад яваг. УИХ хяналтын ажлаа л сайн хийх хэрэгтэй байна. Сөрөг хүчин ч сайн ажиллах хэрэгтэй.