Тусгай зөвшөөрлийг цуцалж, хуулиар зохицуулна
Статистик гаалийн орлого
2013.08.12

Тусгай зөвшөөрлийг цуцалж, хуулиар зохицуулна

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, замбараагүй олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг цэгцлэхээр холбогдох албаныхан ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар цэгцлэх асуудал ч үр дүнгээ өгч эхэлжээ.

Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онд 5913 болж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувьд хүрч байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар хайгуулын 2090, ашиглалтын 1274 тусгай зөвшөөрөл болж буурчээ.

Нийт олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнх буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэж байгаа нь уул уурхайн олборлолт, ашиглалт жилээс жилд нэмэгдэх хандлагатайг илэрхийлж байгаа гэнэ. Манай улс уул уурхай хөгжсөн дэлхийн хөгжилтэй орны туршлагыг судалж, хуулийн төсөлдөө шингээж өгөхөөр ажиллаж буй гэсэн.

Уул уурхайн татвар

Уул уурхайн томоохон ордтой дэлхийн ихэнх улс орны эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр өөрийн баялгийг хадгалах, нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ашиглах зарчим баримталж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, геологийн салбар нь уурхайн олборлолтоосоо 20- 30 жилээр түрүүлж, улс орны эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, тэр хэрээр үнэ цэнийг нь нэмэгдүүлж байдаг аж.

Дэлхий даяар уул уурхайн салбарын үйлдвэрлэл хумигдаж, хөрөнгө оруулалт эрс буурч байна. Зөвхөн манайд ч биш уул уурхай өндөр хөгжсөн Австрали, Канад зэрэг оронд ч байдал сайнгүй байна.

Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийн цаана хийхээр хүлээгдсэн хөрөнгө оруулалт болон төслүүдийг хуульд нийцсэн замаар, эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг Уул уурхайн яам эрэлхийлж байгаа аж.

Мөн тэд замбараагүй, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалтаар дулимаг, урсгалаараа хөгжиж ирсэн уул уурхайн салбарыг нийгэм, байгаль орчин, эдийн засагт ээлтэй болгон хөгжүүлэх талаар анхаарч эхэлжээ.

Тухайлбал, энэ салбарт эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих замаар өрсөлдөх чадварыг сайжруулах гэнэ. Түүнчлэн үүсээд буй цаг зуурын хүндрэл бэрхшээлийг даван    туулахад найрсаг харилцаатай түнш орнуудтай төрөл бүрийн түвшинд хий эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Ялангуяа нүүрсний экспортыг харилцан ашигтай дэмжих талаар өмнөд хөршийн засгийн газартай тодорхой уулзалт, хэлэлцээрийг зохион байгуулахаар товлосон байна.