Төр стратегид оруулна гэх нэрээр дээрэм хийх гэж байна
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.06.07

Төр стратегид оруулна гэх нэрээр дээрэм хийх гэж байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн еренхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.

-Засгийн газар стратегийн ордод долоон ордыг нэмэх төслийг хүлээж аваад УИХ-ын хэлэлцүүлэгт шилжүүлчихлээ. Энэ долоон ордын бүгдэд нь их, бага хэмжээгээр хувийн хөрөнө оруулалт хийгдсэн байгаа. Төр хувийн хөрөнгө рүү ингэж шууд орж болох уу?

-Төрийн мэдлийн байхаар л найдвартай, сайн гэж ойлгодог социализмын үеийн ойлголт хүмүүсийн толгойноос салахгүй байна. Яг амьдрал дээр ямар ч эзэнгүй юмыг л төрийнх гэдэг шүү дээ. Энэ бол улстөрчдийн хийж байгаа тоглолт. Уул уурхайгаас юм олж аваагүй үлдсэн бизнесмэн төрд олон бий. Тэд ямар нэг байдлаар төрийн нэрийг далимдуулж хувийн хэвшилд оччихсон томоохон ордуудыг салгаж авах гэж ийм арга хэрэглэж байна. Нэг үгээр хэлбэл төр дээрэм хийж байна. Хувийн өмчийг хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа хэрэг.

-Дэлхийд стратегийн орд гэсэн ойлголт байдаг уу?

-Дэлхийн ямар ч улсын Ашигт малтмалын хуулийг үзэхэд стратегийн орд гэсэн үг байдаггүй. Харин уран гэх мэт үндэсний аюулгүй байдалтай холбоотой цөөн тооны ашигт малтмалыг стратегийн түүхий эд гэж онцолсон байдаг. Хуульд заасан стратегийн ордын тодорхойлопт нь ч утгагүй. Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн гэнэ гэж заасан байдаг. Эндээс харахад Монгол Улсад ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах аргагүй болчихож байгаа юм. Хувийн хэвшилд томрох боломж олгохгүй заалт гэх гээд байна л даа.

-Стратегид нэмэх ордуудад хүрэн нүүрсний орд хэд хэд байгаа. Хүрэн нүүрс стратегид орох ашигт малтмал мөн үү?

-Нүүрс бол стратегийнх биш. Завханаас бусад бүх аймаг нүүрстэй учраас Монгол хэзээ ч нүүрсээр хомсдохгүй. Цайдам нуурын хүрэн нүүрс гэхэд коксждоггүй, яг л Багануурын нүүрсний үргэлжлэл. Цахилгаан станцаа түлшээр хангах ёстой гэсэн тайлбар хэлдэг. Цахилгаан станц хувийн компаниас нүүрс авч болно шүү дээ. Тавдугаар цахилгаан станцыг нүүрсээр ханга гээд гэрээ хийхэд л шийдэгдэх асуудал. Ийм ордыг төр заавал өөртөө авч эрсдэл хүлээх шаардлагагүй. Хөшөөтийн нүүрс ч гэсэн бохирдол ихтэй. Их мөнгө зарж байж олборлож борлуулах нүүрс. Уул уурхай асар эрсдэлтэй салбар гэдэг нь нүүрсний үнээс тодорхой байна.

Нүүрс бол стратегийнх биш. Завханаас бусад бүх аймаг нүүрстэй учраас Монгол хэзээ ч нүүрсээр хомсдохгүй.

Одоогийн байдлаар нүүрс борлохоо байчихлаа. Төр, хувийн бүх компанийн олборлолт зогсчихоод байна. Ийм эрсдэл рүү төр орох гээд байгаад гайхаж байна. Зүгээр л татвараа аваад, хяналтаа тавиад явбал бидэнд илүү ашигтай. Томхон ордуудаас авах татвараа нэмэх маягийн зохицуулалт байж болно шүү дээ. Ингээд бодохоор стратегид орд нэмэх нь төрийн үндсэн сонирхол биш шиг байгаа юм. Төрд байгаа хэсэг хүн л “Төр дампуурвал дампуураг, ямар ч байсан энэ ордыг авчихсан байгаа хүмүүсээс нь салгаж авъя. Стратегид авсныхаа дараа төрд очихоороо бурууддаг юм байна гэж нэг сенсацлаад буцаагаад хувьчлал зарлая.

Тэгээд тэр үед нь хувьчлаад авчихъя” гэсэн далд бодлоор л ийм юм хийгээд байна гэж хардахаас өөр гаргалгаа харагдахгүй байна. Эсвэл энэ ордуудыг төрийн өмчтэй болгочихоод юмаа шахаад сууж байхад амар гэж бодож байж мэдэх юм. Эрүүл саруул ухаантай хүмүүс бол ойлгож байгаа. Ойлгож байгаа гэдгийг нь Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгад туссан байсан стратегийн 15 орд дээр өөр орд нэмэхгүй гэсэн утгатай заалтаас харчихаж болно.

-Нүүрснээс гадна газрын ховор элементийн хэдэн ордыг стратегид оруулна гэж байгаа. Газрын ховор элементийг стратегид оруулах нь хэр зөв бэ?

-Газрын ховор элементийг стратегийн түүхий эд гэж үзэхийг үгүйсгэхгүй. Учир нь газрын ховор элементийн нөөц дэлхийд ховор, Хятадад л нэлээд элбэг байдаг. Хятад Улс газрын ховор элементдээ хязгаар тавьснаас болж электроник хөгжсөн орнуудын үйлдвэрлэлд их хүндрэл учирч байгаа. Гэхдээ газрын ховор элементийн нөөцтэй ордуудыг стратегид авахдаа төр гаргасан зардлыг нь эзэмшсэн хувийнхаа хэмжээгээр гаргаж, нэмэлт хөрөнгө оруулаад явах учиртай.

-Стратегид нэмэхээр хэлэлцэх гэж буй ордуудаас яг хөрөнгө оруулсан хэчнээн орд байгаа вэ?

-Дорноговь аймгийн Лу-гийн голын ховор элементийн ордод гадаадын хөрөнгө оруулалттай компани өчнөөн жил хайгуул хийсэн. Их ч мөнгө зарсан. Хэрвээ төр эдгээр ордыг стратегид оруулах шийдвэр гаргавал Лугийн голын ордод хайгуул хийсэн компанид зарсан мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй болно.

-Газрын ховор элементийн нөгөө хоёр орд дээр нь ч гэсэн хайгуул хийсэн байдаг юм билээ. Бас хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн хайгуул уу?

Тийм ээ, хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Газрын ховор элементийн Мушгиа худаг, Халзан бүргэдэйн хайгуулд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Цайдам нуур гээд Төв аймгийн Баян суманд оршдог нүүрсний орд байна. Энэ орд гэхэд маш олон компанийн эзэмшилд байдаг. Нэлээд хайгуул хийсэн. Хайгуулд зарсан тэр мөнгийг нь өгөхөөс эхлээд асуудал гарч ирнэ. “Мо Эн Ко” компани байна. Стратегид оруулна гээд байгаа ордуудаас хамгийн их хөрөнгө зарсан компани. Ховдод 300 гаруй км зам барихаас эхлээд бутээн байгуулалтын их ажил хийсэн. Одоо нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад өгөх гэж байгаа. Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэж байгуулагдсан компани л даа. Эднийг орж ирэхээс өмнө Ховдын нүүрсний уурхай хэцүүхэн байсан.

“Мо Эн Ко” компани байна. Стратегид оруулна гээд байгаа ордуудаас хамгийн их хөрөнгө зарсан компани. Ховдод 300 гаруй км зам барихаас эхлээд бутээн байгуулалтын их ажил хийсэн. Одоо нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад өгөх гэж байгаа.

Сугын буудал, Луст өршөө зэрэг таван хоршоо аж ахуйн нэгжүүдэд салангид байсан лицензүүдийг нэгтгэн худалдаж авч ажлаа эхлүүлсэн байдаг. Тэр үед нэг хэсэг монголчууд лицензээ зарж мөнгөжиж байлаа. Одоо энэ компани гэхэд л 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Хөшөөтөд татсан гэсэн тоо бий. Нэг зүйлийг онцлоход энэ мөнгөний талыг нь хөрөнгө оруулагчдаасаа зээлсэн байгаа. Өөрөөр хэлбэл эргэж төлөх өртэй гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын зарцуулсан энэ өчнөөн тэрбум төгрөгийн дор хаяж талыг нь төлөх үүрэг төрийн нуруун дээр ирж байна. Энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж таарна аа даа. Тийм их хэмжээний мөнгө Монголын төсөвт өнөөдөр лав байхгүй.

Хөшөөтөд хөрөнгө оруулсан 11 мянган хувьцаа эзэмшигч дэлхийн өнцөг булан бүрд бий. Дэлхий даяар тархсан ийм олон хувьцаа эзэмшигчтэй компанийн хөрөнгө рүү халдвал Монголын нэр хүндэд аймшигтай нөлөөлнө. Шийдвэр гэрлаа л бол дэлхий нийтээр шуугиж эхэлнэ. Шуудхан хэлэхэд манай улсын нэр хүнд Венесуэл шиг болно. Төр нь бүх юмыг нь булааж авч байна гэж ирээд бичнэ. Азид ардчиллаараа тэргүүлж байгаа орон энэ тэр гэсэн тодотгол бүр байхгүй болно. Хэдхэн хүний лобби, нарийн яривал ашиг сонирхлын зөрчлөөс болж бүхэл бүтэн улсын эдийн засаг, нэр хүндэд том хохирол учрах гээд байна.

-“Гацуурт”-ын алтны төслийг хэрэгжүүлж байгаа “Сентерра гоулд” стратегийн ордод орохоо зөвшөөрсөн гэж дуулдсан. Үнэхээр орохыг хүссэн хэрэг үү, эсвэл ямар нэг шалтгаан байна уу?
Стратегийн 15 ордоос стратегид оруулах шаардлагагүй өчнөөн орд бий. Хамгийн тод жишээ нь Асгатын мөнгөний орд. Тийм гоё орд биш. Далайн түвшнөөс 3000 метрийн өндөрт байдаг жижигхэн политемаллын орд шүү дээ.

-Аргаа барсандаа л зөвшөөрсөн байх. Урт нэртэй хуулинд нэг сонин заалт бий. Ой, усны сан бүхий газарт ашигт малтмал олборлох нь хохиролтой гэж үзээд гаргасан хууль шүү дээ. Тэгсэн хэрнээ стратегийн ордод энэ заалт хамаарахгүй гэсэн заалтыг оруулчихсан. Төрийн мэдэлд байгаа компани ой, усны санд ойрхон алт олборлоход байгаль сүйдэхгүй юм байна л даа. Хувийн компани л байгаль сүйтгэнэ. Энэ заалтыг харахаар яах аргагүй ингэж ойлгогдоод байгаа юм. “Гацуурт” төслийн хөрөнгө оруулагчдын хувьд алтаа олборлох гэхээр урт нэртэй хууль саад болоод байгаа учраас стратегид нь орж хувиа хуваагаад ч хамаагүй ажлаа үргэлжлүүлье гэж бодсон байх. Төслөө хэрэгжүүлэхээ больё, зогсооё гэхээр өчнөөн хөрөнгө оруулсан улс чинь ингэхээс өөр аргагүй шүү дээ. Гацаанаас гарах арга нь стратегид орох. Би тэгж харж байна. Янз бүрийн аргаар хувийн хэвшлийнхнийг мохоож байгаагийн нэг илрэл нь гэнэ.

-Стратегийн 15 ордоос руулах шаардлагагүй байсан нэг ордыг онцлооч гэвэл та алиныг нь онцлох вэ?

-Стратегийн 15 ордоос стратегид оруулах шаардлагагүй өчнөөн орд бий. Хамгийн тод жишээ нь Асгатын мөнгөний орд. Тийм гоё орд биш. Далайн түвшнөөс 3000 метрийн өндөрт байдаг жижигхэн политемаллын орд шүү дээ. Тэгээд бас байрлал нь яг хил дээр. Орд дээр очихын тулд Оросын нутаг руу хоёр, гурав орж гарч байж очдог. Тийм ордыг стратегийн болгох хэрэг байхгүй. Оросууд л юу юм гэхээс гадныхан угаасаа хөрөнгө оруулахгүй. Австралийн нэг компани хөрөнгө орууллаа гэхэд Орос хил рүүгээ оруулахгүй бол бүтэхгүй. Ямар ч бодлогогүй хийсэн ажил гэдэг нь эндээс харагдаад байгаа юм.

-Одоо яригдах гэж байгаа долоон ордын цаана стратегид оруулж магадгүй 30 гаруй ордын жагсаалт бий. Тэр ордуудаас онцолж хэлэх орд байна уу?

-Тэр жагсаалтад хоёр улсын хамтарсан хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани бий. Энэ талаас нь харвал гадаадын хөрөнгөд хүртэл төр халдахаар бэлдэж байна гэсэн үг. Олон улсын гэрээ хуулийн адил хүчин төгөлдөр гэсэн заалт бий шүү дээ.

-Танай ассоциацаас стратегийн ордод нэмэхээр яригдаж байгаа ордуудын талаар шийдвэр гаргах түвшнийхэнд асуудал тавих уу?

-Уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс хувийн хөрөнгө оруулалт хийгдсэн ордуудыг стратегид оруулах ёсгүй гэсэн байр сууриа гишүүдэд албан бичгээр хүргэхээр болоод байна.