Монгол Улс бага татвартай орны тоонд зүй ёсоор орно
УИХ-ын гишүүн, Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг
2012.12.24

Монгол Улс бага татвартай орны тоонд зүй ёсоор орно

Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа. 

-Саяхан Хөшөөтийн орд  газрыг стратегийн ордод хамруулахтай холбогдсон танилцуулгыг та Засгийн газрын хуралдаанд хийсэн. Үүнд хүмүүс их сайшаалтай хандаж байгаа. Тиймээс Хөшөөтийн орд газрын нөөц болон ашигт малтмалын чанарын талаар яриагаа эхэлье?

Манай яаманд Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах эсэх асуудлыг судалж санал боловсруулах үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ үургийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ордын эрэл, хайгуул, тодорхой төвшний нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байдаг. Харин дараа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч "Мо Ен Ко" (Моngolian Еnergy Согроrаtion) компани нь нөөцийг нэмж тогтоосон гэдэг. Энэ ордын 40 орчим хувь нь коксжих нүүрс, үлдсэн нь эрчим хүчний нүүрс гэсэн мэдээлэл бий. Энэ ордтой холбоотой мэдээлэл, стратегийн ордод хамруулах эсэх нь ажлын хэсгийн санал дүгнэлтээр тодорхой болно.

-Хөшөөтийн уурхайн нүүрсийг Хятад руу Ярантын боомтоор гаргахаар болсон. Монголын коксжсон нүүрсний ихэнх нь Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гардаг. Яагаад Ярантын боомтыг сонгосон юм бэ. Үүнтэй холбоотой эдийн засгийн үр өгөөжийн талаар яривал?

-Хөшөөтийн нүүрсний ордод Ярантын боомт ойрхон учраас гэж ойлгож байна. "Мо Еn Ко" компани ордоос Ярантын боомт хүртэл авто зам тавьсан. Дээр дурдсан бусад боомтоор өмнөд хөрш рүү нүүрс зөөхөөр зайтай учир тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, түүгээр дамжин нүүрсний өөрийн өртөг өсөх нь ойлгомжтой юм.

Хөшөөтийн нүүрсний чанар Таван толгойн нүүрснээс ч илүү гэх юм. Ярантын боомтоор нэг тонн нүүрсээ 107 ам.доллараар гаргана гэсэн мэдээлэл гарсан байсан. Нүүрсний үнэ цаашдаа өсөх боломж байгаа юу?

-Таван толгойн ордын коксжих нүүрс чанараараа нэлээд дээгүүрт ордог гэдэг. Дэлхийн зах зээл дээр ч, Хятад компаниудын манай компаниудаас нүүрс худалдан авдаг үнэ ч энэ оны гуравдугаар улирлаас нэлээд унасан. Ер нь аливаа ашигт малтмалын түүхий эдийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг нь зах зээлийн эдийн  засгийн  жам. Дээр нь ганцхан худалдан авагчтай байгаа нь түүхий эдийн үнэ унах үед борлуулагч талд илүү хүнд байдал үүсгэдэг талтай. Энэ байдлаас гарах арга нь хэд хэдэн худалдан авагчтай болох, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, ашигт малтмалынхаа боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх, тухайн ашигт малтмал экспортлогч орнуудтай зах зээлийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн хамтарсан бодлого баримтлах зэрэг арга хэмжээ байж болно. Энэ зорилтын хүрээнд манай яам, шинэчлэлийн Засгийн газраас ашигт малтмалын экспортын хэд хэдэн худалдан авагчтай болохын тулд төмөр  зам тавих, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх, ашигт малтмалын салбарт экспортын нэгдсэн, нэг цонхны бодлогыг нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхдээд байна.

Мөн   манай   компаниудын зүгээс ч нүүрсээ олон улсын төвшин угаах, боловсруулалт хийх зорилт тавьж байгаа  биз ээ. Ингэснээр ашигт малтмалын экспортын үнэ олон улсын зах зээл ойртох, үнийн хэлбэлзэл багасах, цаашилбал компаниудын орлого ашиг ч, улсын төсөвт орох орлого ч  нэмэгдэх болно. Түүнчлэн нүүрсийг  төмөр замаар тээвэрлэх нь ачааны машинаар тээвэрлэснээс тээврийн зардал буурахаас гадна, хүнсний аюулгүй байдал хангагдаж, байгаль  орчинд үзүүлж буй хохирол багасах учиртай. Мөн Хятад, АНУ зэрэг хүн ам ихтэй оронд саяхан явагдсан сонгуулийн дараа эдийн засаг нь сэргэх хандлага гарч, нүүрсний үнэ ч өндийж эхэлснийг тэмдэглэхэд таатай байна.

-Хөшөөтийн уурхайн асуудлаас ч дутахааргүй нэгэн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах боллоо. Энэ бол Оюу толгойн гэрээ. Саяхан Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын хоёр гишүүн мэтгэлцсэн нь нэг талаар ард түмэнд тодорхой ойлголт өгч чадлаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Олон нийтэд гэрээний талаар тодорхой төвшний ойлгоц өгсөнд мэтгэлцээний ач холбогдол байсан гэж бодож байна. Цаашид ийм мэтгэлцээнийг зохион байгуулалт, асуух асуултад анхаарах шаардлагатай байх. Мэтгэлцээнийг харж байхад нэг нь гэрээ байгуулах үед бэлтгэгдсэн санхүүгийн моделийг тайлбарлаад, нөгөө нь тэндээс нь асууж байгаа дүр зураг харагдаж байсан. Асуулт нь тийм оновчтой байгаагүй гэж бодож байна.

Зарим хүмүүсийн Оюу толгой төсөл Монголд ашигтай гэж яриад байгаа нь ойлгомжгүй, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн байр суурь гэж хэлэх байна. Ийм их баялгийг ашиглаж байж, эзэн орон ашигтай байх нь мэдээж юм. Гэрээг байгуулахдаа газар доорхи баялгаа үнэлсэн эсэхэд өнөөдөр хэн ч хариулт өгөөгүй байна.

Анхны хөрөнгө оруулалтын таван тэрбум ам.долларын 3.6 тэрбум ам.доллар нь хөрөнгө оруулалтын зээл юм.

Энэ нь том төсөл учир нэлээд хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Санхүүжилтээ өнгөрсөн хугацаанд сайн татсан. Энэ бол Оюу толгойн баялгийн хүч, менежментийн үр дүн юм. Үүний үр дүнд бүтээн байгуулалтын ажил хугацаандаа амжилттай явагдаж байна. Энэ сарын сүүлчээр баяжуулах үйлдвэр ашиглалтад орно. Үүнд бол бүх хүн талархаж байгаа.

-Оюу толгойн гэрээний асуудал ийн сөхөгдөөд байвал хөрөнгө оруулагчдыг үргээгээд л байна гэсэн үзэл бодолтой ч хүн олон байна. Ер нь, энэ гэрээ маань хувирч өөрчлөгдөөд байх уу. Яг ямар зүйл нь хувирах ямар нь тогтвортой байх вэ?

-Ийм төсөл дээр хувь нийлүүлэгчид нь хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн хяналтад байдаг. Монголын Засгийн газар бол хувь нийлүүлэгч. Хувь нийлүүлэгчид гэрээнд заасан эрх ашиг нь хөндөгдөөгүй тохиолдолд, гэрээнд өөрчлөлт оруулаад байхыг аль ч тал нь хүсэхгүй. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд нэг удаа хувь нийлүүлэгчид гэрээнд өөрчлөлт орсон.

Одоогийн байдлаар энэ төслийн хөрөнгө оруулалтын зардал ТЭЗҮ-д   зааснаас 40 гаруй хувиар өссөн байна. Энэ ямар шалтгаанаар  өссөнийг Оюу толгой ХХК-ийн удирдлагын зүгээс тодорхой болгоогүй байгаа  гэсэн. Уг нь хууль, гэрээнд зааснаар төлөвлөсөн зардал өссөн   тохиолдолд зайлшгүй ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, тэр нь холбогдох бүтцийн байгууллагаар баталгаажсан байх учиртай. Энэ өссөн  зардлыг тодорхой болгохгүй хугацаа алдаж байгаа нь хууль, стандарт чангатай оронд биеллээ олсон ил тод уул уурхайн зарчмыг мөрдөхгүй байна  гэж ойлгогдож байна, Энэ зардлын өссөн хэмжээгээр Монгол Улсын Засгийн газарт орох татварын орлого буурна гэсэн үг. Энэ байдалд хувь нийлүүлэгч талууд гэрээний зарим заалтыг тодорхой болгох нь   зүйтэй   гэдэг дээр санал нэгдэж хэлцэл үргэлжилж байна. Нөгөө талаас Засгийн газар, салбарын яам гэрээ байгуулахтай холбогдож гарсан хууль, тогтоомжийн биелэлтийг хангах үүрэгтэй тул энэ чиглэлд ажлын хэсэг ажиллаж байна.

-Хөрөнгө оруулагчид гэснээс манай эдийн засгийн өнөөгийн тулгуур салбар нь уул уурхай гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл энэ жил батлагдсан стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн үйл ажиллагаагзохицуулах тухай хуулиас үүдэн хөрөнгө оруулагчид дүрвэсэн гэх юм. Наад зах нь уул уурхайд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан гэж байгаа. Зарим тоо баримтаас үзвэл энэ оргүй үг биш нь харагдаж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ийм хууль батлагдсан. Хөрөнгө оруулагчид жаахан болгоомжилсон байхыг үгүйсгэхгүй.  Хөрөнгө оруулагчид гарч явсан гэдэгтэй бол санал нийлүүлэхгүй байна. Тухайн онд хэрэгжиж байгаа төслөөс хамаараад хөрөнгө оруулалтын хэмжээ хэлбэлздэг. 2011 онд Оюу толгойн төслийн хэрэгжилттэй холбогдож хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад хамгийн чухал нь татварын орчны тогтвортой байдал, татварын хувь, хэмжээ юм. Монгол Улс бага татвартай орны тоонд зүй ёсоор ордог.

Энэ хууль үндсэн хоёр зорилготой. Нэг дэх нь Монгол Улс сүүлийн 20 гаруй жил хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримталж ирсэн. Гэвч уул уурхай зэрэг салбарт төрийн өмчийн оролцоо нэмэгдэж байна. Гэтэл дээр нь гадаадын төрийн өмчтэй компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэх нь зохисгүй юм. Үүнийг энэ хуулиар зохицуулахыг зорьсон.

Хоёр дахь нь тусгаар тогтносон орон бүрт үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг. Тиймээс үүнийг стратегийн ач холбогдол бүхий салбар гэж томъёолсон. Энэ нь банк, харилцаа холбоо, эрдэс баялаг гэсэн гурван салбар болно. Гэхдээ эдгээр салбарт хөрөнгө оруулалттай холбогдсон ямар нэг хязгаарлалт хийгээгүй. Зөвхөн аль ч оронд байдаг тусгай зөвшөөрлийн тогтолцоог л нэвтрүүлсэн. Ийм л юм. Ийм зохицуулалт аль ч оронд байдаг. Хөрөнгө оруулагчдын сонирхол буураагүй байгаа нь саяхан явагдсан Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын арилжаа, хүү, хөрөнгө оруулагчдаас ирсэн захиалгын нийт хэмжээнээс тодорхой харагдсан байхаа гэж ойлгож байна.

Энэ хуулийн зарим заалтын талаар хөрөнгө оруулагчдын зүгээс янз янзын байр суурьтай байдаг. Тодруулбал, хуульд стратегийн ач холбогдол бүхий салбарт 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт орсон тохиолдолд Засгийн газар болон, УИХ-аас зөвшөөрөл авна гэсэн заалт бий. Энэ мөнгөний хэмжээг цаашид 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлага гарч магадгүй.

Эдгээр асуудал шинэчлэлийн Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах үед тодорхой болно гэж бодож байна. Одоогоор энэ журмын төсөл дээр ЭЗХЯ ажиллаж байгаа.

-Оюу толгойн бүтээгдэхүүн ирэх оны эхээр дэлхийн зах зээлд гарна гэсэн мэдээлэл гарсан. Мэдээж зэсийн баяжмал гаргах нь тодорхой. Оюу толгой ийн үйл ажиллагаа нь эрчимжсэнээр Монголын уул уурхайн салбар дэлхийд хэрхэн үнэлэгдэх вэ?

-Оюу толгойн ил уурхайн болон бүтээн байгуулалтын ажил эцсийн шатандаа орсон. Баяжуулах үйлдвэр оны өмнө ашиглалтад орно. Ирэх оноос олборлосон бүтээгдэхүүнээ экспортолж эхэлнэ. Үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эдийн засагт чухал байр суурийг эзлэх болно.

-Мэдээж Оюу толгойн төдийгүй уул уурхайн бүтээгдэхүүн олборлоход хамгийн чухал зүйл бол эрчим хүч байдаг. Оюу толгой ХХК эрчим хүчээ ӨМӨЗО-оос авч эхэлсэн байна. Эрчим хүчний асуудлыг цаашид дотоодын нөөц боломжоор шийдэх гарц байна уу?

-Байлгүй яах вэ. Энэ дээр өмнөх Засгийн газар хугацаа алдаж ирсэн нь тусгүй. Таван толгойн ордод цахилгаан станц барих ажлыг түргэтгэх шаардлагатай. Оюу толгой ХХК 600 мвт-ийн хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ-г бэлэн болгосон гэсэн. Гэрээнд ордыг ашиглаж эхэлснээс дөрвөн жилийн дотор цахилгаан станц барьж ашиглалтад оруулах гэж заасан байгаа.

Уг нь Оюу толгой ХХК нүүрс зөөж байхаар Таван толгой дээр хамтарч цахилгаан станц бариад өндөр хүчдэлийн шугам татаж цахилгаанаар хангах нь илүү зохистой байхаар харагдаж байна. Мөн Таван толгойн хувьд коксжих нүүрсээ экспортолж, эрчим хүчний нүүрс нь тэр хэвээрээ үлдэхээр байгаа. Ийм нөхцөлд ажлын хэсгээс Оюу толгой ХХК-ийн удирдлагад Таван толгойд хамтарч цахилгаан станц баривал ямар вэ гэсэн санал тавьсан байгаа.