Нийслэлийн иргэд тендер төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэлх бүх шатны мэдээллийг нээлттэй авч эхлэлээ
Нийслэл хотод хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын бүх л үе шатны мэдээллийг нийтэд хүргэх нэгдсэн лавлах систем ашиглалтад орж байна.
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар хөрөнгө оруулалтын ажлын талаар иргэдээс санал авах, төлөвлөх, тендерийг зарлах, зохион байгуулах, үнэлэх, хянах, шалгаруулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах, үйл ажиллагааг хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд, ил тод шудрага зохион байгуулах, үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх зорилготой энэхүү цогц системийг бий болгожээ.
Нийслэлийн Засаг дарга бүх л хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын гол зорилгыг иргэдийн тав тухтай байдлыг хангах, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг зорьж байгаа. Үүн дээр, Нийслэлд хэрэгжих тендерүүдэд иргэд эзний ёсоор хяналт тавих боломж нөхцөл давхар бүрдсэн нь худалдан авах ажиллагаанд гарсан томоохон ахиц дэвшил болж байна.
Учир нь, худалдан авах ажиллагааны эзэд буюу иргэд хотдоо, хороондоо ямар бүтээн байгуулалт хийх талаар санал өгөн төлөвлөлтөд оролцох цаашлаад уг тендер зарлагдах, хэчнээн аж ахуйн нэгжийг ямар шалгуур үзүүлэлтээр шүүж, тэднээс аль нь ямар шалтгаанаар ялж, ялагдсан ба гүйцэтгэгчээр шалгарсан компани хэдий хугацаанд ямар ажил хийх, түүнд төрөөс хэдий хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж байгаа талаар бүх л мэдээллийг олон нийт болоод тендерт оролцогчид, төсвийг удирдагч нар нэг эх үүсвэрээс хугацааны хоцрогдолгүй авч эхлэлээ.