Д.Тэрбишдагва: Энэ бол үеэ өнгөрөөсөн эрүүл бус улс төр шүү дээ
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаанаар «Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай» УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал гишүүдийн 85.5 хувийн саналаар батлагдсан.
Сүүлийн үед Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын талаар багагүй хэл ам гарах болсон. Энэ талаар Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцсан юм.
-Шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын ач холбогдол, хойшид гарах үр дүнг товчхон үгээр дүгнэхгүй юу?
-Татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендерийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанаргүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан гажуудал маш их байгаа.
Энэ бүхнээс болоод төрийн мөнгө элсэнд асгасан ус шиг буцаад буух эзэнгүй замхарч байна. Эдгээр гажуудлыг тооцон үзэж үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр Худалдан авах ажиллагааны тухай хууль гарч, Худалдан авах газрыг байгуулсан.
Энэ байгууллага байгуулагдаад нэг жил болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд урьд өмнө байгаагүй үнэхээрийн дэвшилттэй ажилласан гэж миний хувьд дүгнэж байгаа. Нэгдүгээрт хүнд суртал байхгүй.
Хоёрдугаарт манай байгууллагын бүх ажил ард түмэнд ил болсон. Гуравдугаарт Худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой асуудлыг яам тамгын газар юм уу, албан тушаалтнууд, дээрээс нь янз бүрийн ТББ-ууд шийддэг байдал үндсээрээ өөрчлөгдсөн.
Өнөөдөр ил тод, мэргэжлийн өндөр түвшинд шалгагдсан байгууллагууд гадны байгууллагуудын давхар шалгалтын дунд явагдаж байгаа тул энэ ажилд үндсэн өөрчлөлт гарсан гэж дүгнэж байгаа. Гэхдээ энд шийдэгдээгүй нэг асуудал байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд Худалдан авах ажиллагааны тухайд зураг төсөв байхгүй хугацаандаа гардаггүй, дутуу хийгддэг тендерийн будлиантай асуудал улсын хэмжээнд аалзны тор шиг бүрхчихээд байгаа нь хэнд ч нууц биш. Энэ бол сүүлийн 10 гаруй жилд бугшсан хамгийн хэцүү асуудал.
-Яг өнөөдрийн байдлаар анхны төсөв нь бараг 10 дахин нэмэгдсэн дуусаагүй барилга улсын хэмжээнд нэлээд бий гэдэг?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 орчим байна. Олон жил даамжирсан болохоор их хэцүү асуудал. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохын тулд ялангуяа сонгуулийн өмнөх жилд таван тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэх газар «Ямар ч гэсэн 500 саяын урьдчилгаа өгөөдөх» гэж байгаад л авдаг.
Хэрэв 500 саяын бүтээн байгуулалт байвал дор хаяж 10 хувийг нь олго гэж тавиулчихаад тэр бүхнийгээ сонгогчдод «Миний хийсэн ажил» гээд орилчихдог. Гэтэл яг амьдрал дээр нөгөө 500 саяынх нь ажил гээд аваад үзэхээр юу ч байдаггүй.
Өнөөдөр тэр 50 саяар томоохон ажил эхлэх үнэндээ боломжгүй шүү дээ. Зураг төсөв байхгүй, хэн гүйцэтгэх нь тодорхойгүй, баахан мөнгө нэхсэн төсөв оруулаад ирдэг. Үнэндээ УИХ, Засгийн газрын гишүүдийн маш хүчтэй лобби орсон, ямар ч анхан шатны боловсруулалтгүй төсөвт Засгийн газар дарагдаж байна гээд шулуухан хэлчихье.
-Ямар ч судалгаа үндэслэлгүй зураг төслийг хянах, буцаах боломж Засгийн газар, яамдад бий шүү дээ
-Байлгүй яах вэ дээ. Экспертизүүд эхнээс нь шалгаад анхны төслийн өртөг хэд байсан юм, одоо хэд болчихоод байгаа юм, үнэ өсөх үндсэн суурь шалтгаан юу байв гээд бүх юмыг маш нарийн гаргаж ирж байна. Гэхдээ зарим газар урьдчилаагүй хүндрэл гарч, анхны төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдол бий.
Одооноос эхлээд төсвийн мөнгийг хэн нэг эрхтэн, даргын үзэгний үзүүрээр шийддэг үе өнгөрчээ гэдгийг л хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.
Зарим нэгнээс нь дурдвал Завхан аймгийн Соёлын төвийн барилга, Завхан аймгийн Их-Уул, Цэцэн-Уул, Баянтэс суманд баригдах 200-250 хүний суудалтай Соёлын төвийн барилгууд байна. Тэдгээр барилгын улсын төсөвт өртөг нь 700 сая төгрөг байж.
Гэтэл экспертизүүд газар дээр нь нарийвчилсан судалгаа хийгээд үзэхээр Их-Уул суманд 3.2 тэрбум, Цэцэн-Уулд 1.2 тэрбум, Баянтэс суманд 1.5 тэрбум төгрөг гараад ирэх жишээтэй. Яг адилхан барилгын зураг, төсөвт өртөг гурав дахин өндөр гарч байгааг бид зайлшгүй шалгаж, нягтлах ёстой.
Энэ талаар Ерөнхий сайдын ярьж байгаатай би санал нэг байгаа. Нөгөө талаар бүх талын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй мөртлөө УИХ-ын гишүүд саналаараа оруулж ирээд, өөрсдийнхөө аманд орсон тоог хэлдэг арга барил чинь хол явахгүй шүү гэдгийг хэлэх ёстой.
Одооноос эхлээд төсвийн мөнгийг хэн нэг эрхтэн, даргын үзэгний үзүүрээр шийддэг үе өнгөрчээ гэдгийг л хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүд чуулган дээр дураараа янз бүрийн санал оруулаад байж болохгүй юм байна, санаан зоргоороо хэрээс хэтэрсэн юм тавиулчихвал хэзээ ч бүтэхгүй юм байна» гэдгийг л эхнээс нь ойлгуулж эхлэхээр зарим ажил эхлээд байгаа.
-Монголын тухайд бүтээн байгуулалтын ажлын хугацаа богинохон. Цаад тал нь найман сар. Харин «Худалдан авалтын газар» байгуулагдсанаар энэ асуудалд эргэлт гарах найдвар бий юу?
-Улсын төсөв батлагдлаа л бол 10 хоногт багтаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг зарлах ёстой. Хэрвээ ингээд зарлачих юм бол аль ч яамыг буруутгах үндэслэл байхгүй болно.
Одоогийн зарчмаар бол зураг, төсөв гэсээр байтал хамгийн үр бүтээлтэй ажиллах хугацаагаа алддаг энэ дампуу байдал арилна. Нөгөөтэйгүүр батлагдсан зураг төсөвтөө баригдан, газар дээрх ажил ерөөсөө урагшаа явдаггүй байдал арилах учиртай.
-Тэгэхээр зураг төсөвгүй барилга эхлүүлж Монгол Улсын хуулийг зөрчиж байгаатай хатуу тэмцэх нь?
-Яг тийм зураг, төсөвгүй барилгын ажлыг эхэлж байна гэдэг нь Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа. Гэтэл төсөвт өртөг нь суучихсан гээд хоёрын хооронд ажил эхэлдэг байдлыг үндсээр нь тас цохих ёстой. Барилга, хөрөнгө оруулалтын салбарт он удаан жил даамжирсан энэ асуудлыг зоригтой барьж авч, шийдэмгий ажиллаж байгаа Ерөнхий сайдыг үнэлэх ёстой.
УИХ, Засгийн газрын гишүүдийн маш хүчтэй лобби орсон, ямар ч анхан шатны боловсруулалтгүй төсөвт Засгийн газар дарагдаж байна.
Хэдийгээр бидэнд намын үзэл баримтлал гээд ялгаатай зүйл байдаг ч Монгол Улсын үндэсний эрх ашиг, ард түмний аж амьдрал гээд зайлшгүй нэгддэг олон асуудал бий. Засгийн газар, харьяа агентлагуудын зөв зүйтэй гаргаж ирсэн асуудлыг дэмжиж хамтран ажиллаж байж л Монгол Улс хөгжил дэвшлийн зөв замаар явна шүү Засгийн газрын Шадар сайдын хувьд хэлэхэд «Худалдан авалтын газар» байгуулагдсаныг зөв зүйтэй алхам гэж дүгнэж байгаа.
Харин насаараа шахуу Хууль зүйн сайдаар суучихаад Монгол Улсын хууль эрхзүйн орчныг булингартуулахаас өөрийг хийгээгүй Ц.Нямдорж мэтийн хүмүүс олон үглэх хэрэггүй гэж л хэлэх байна. Улстөр хийхдээ хоцрогдсон аргаар, өөрийгөө лут хүн болгох гэж зүтгэдэг хөөрхийлөлтэй байдлаа болих хэрэгтэй шүү дээ. Үеэ өнгөрөөсөн, эрүүл биш улстөр шүү дээ. Тэртэй тэргүй хэн нь юу хийгээд явааг ард түмэн ойлгож л байгаа шүү дээ.