“Монголын Программ Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар” Чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.11.11

Н.Алтанхуяг: Толгой доторх баялгийг үнэлнэ

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Программ Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган” Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ. Чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг  хэлсэн үгэндээ:

Би өөрийн дэргэд Мэдээлэл технологийн зөвлөл нэг жилийн өмнө байгуулсан. Цаашдаа програм хангамжийн тал дээр илүүтэй анхаарна. Нэг жилийн өмнө манай мэдээлэл технологийн салбар хоорондын уялдаа байхгүй, дээрээс нь засаг төрийн бодлого байхгүй, мэдээлэл технологийн салбарын стандарт шаардлагын талаар цэгцтэй бодлого, үйл ажиллагаа байгаагүй.

Өнөөдөр ч цэгцэлж чадаагүй байна. Гэхдээ анхдугаар чуулган маань энэхүү асуудлыг шийдэх гаргах ёстой. Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээлэл технологийн зөвлөл жилийн хугацаанд ерөнхий том үндсээ босголоо. Одоо хувийн хэвшил маань цаашаа мөчирөө ургуулах учиртай. Бид тус тусдаа мод ургуулах биш нэгдэж нэг үндэснээс бүгд салаалах ёстой.

Ганц жишээ дурьдахад эрүүл мэндийн салбарын мэдээлэл технологийн байдал нь тус бүрдээ программын сайжруулалтыг хийсэн байдаг. Гэхдээ хоорондооо уялдаа, холбоо байхгүй. Тиймээс бүдийг хооронд нь холбох, нэгдсэн сүлжээ үүсгэх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын очер дараалал, болохгүй байгаа зүйл нь явж явж мэдээлэл технологийн салбарын асуудлыг шийдчихвэл амархан шийдэгдэхээр байгаа.

Орбитод байдаг дата төвийг мэдээлэл солилцох төв болгосон. Тус тусдаа маш их мэдээллийг дундын мэдээллийн сан болгосон. Зохих журмын дагуу хэн ч мэдээллээ авах боломжтой болсон. Одоо эмнэлэгт очоод баахан юм асууж, шалгаахгүйгээр шууд үйлчлэх боломжтой. Ингэснээр маш том хувьсгал гарна. Эмнэлгийн очер дараалал 20 хувиар хөнгөрнө.

Програм хангамжийн чиглэлийг дэмжих, Ерөнхий сайдын ивээл дор хөгжүүлэх шаардлагатай байна гэж надад зөвлөсөн. Төр засгийн зүгээс ямар бодлого гаргаж, ямар дэмжлэг үзүүлэх вэ, яаж нэгдсэн байдлаар ажиллах вэ гэдгийг ярих хэрэгтэй байгаа. Тиймээс ч өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байна.

Бид газар доорхи баялгаа бид үнэлээд лиценз олгоод байгаа. Тэгсэн хэрнээ толгой доторх баялагийн үнэлж чадахгүй байна. Тиймээс энэ байдлыг яг өнөөдрөөс эхлээд халъя гэж хэллээ. Чуулган үргэлжилж байна.