Гамшгийн эдийн засаг
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2013.12.03

Гамшгийн эдийн засаг

Өмнөд далайн хар шуурганд дайруулсан Филиппинд иргэд нь гамшигт нэрвэгдэж байгаа мэдээ суваг болгоноор гарахад бүгд зүрх шимшрэн үзэж байна. Харин төсвөө танах тухай тархиа гашилгаж суусан надад үүнээс монголчууд бид яаж мөнгө хийж болох вэ гэх бодол төрөв.

Олон улсын гамшгийн зах зээл дээр амжилттай ажиллаж болох уудам нутаг, стратегийн байрлал, улстөрийн тогтвор гээд харьцангуй давуу тал бидэнд байна. Гай гамшиг бол мэдээний нэг хэсэг, бидний амьдралын салшгүй хэсэг, гамшиг дэлхийн хаа нэгтээ үргэлж болж байдаг. Санаа дагаад ч тэрүү, сүүлийн жилүүдэд глобал гамшиг улам олон тохиолдох болсон. Жишээ нь Европт энэ жил түүхэнд байгаагүй хүйтэн болно гэсэн. Азийн орнуудад цунами тасрах биш.

НҮБ-аас өмнөд болон зүүн Азид болох гамшгийн нөөцөнд зориулж хүнс, тусламжийн нөөц хадгалах үлэмж том агуулахуудыг Хөшигийн хөндийгөөс холгүй баривал  манай Засгийн газар агаар газраа түрээсэлж, дэд бүтцээр хангаж  орлоготой болно. Тэнд гарах олон ажлын байранд манай залуучууд орж, НҮБ-д өндөр цалинтай ажиллах болно. Зам холбоо, дэд бүтэц дагаад хөгжинө. Нөөцийн төвийг дагаж хувийн хэвшлийн үйлчилгээ ажиллана. Нөгөөтэйгүүр ядарсан бусдад туслах нь Бурханы хүсэлд нийцнэ бизээ.

Дэлхийд хүнсний дутагдал глобал асуудал болж, жил тутам хоол хүнс үнэтэй болж байна.

Хүнсний нөөцийн зориулалттай хадгалах тариа ногоо хүнсийг тарьж ургуулах мөнгийг НҮБ-ын санхүүжилтээр гаргачихна. НҮБ-аас гадна Улаан загалмай зэрэг олон байгууллага бий.  Харин бидэнд ногоо тарих талбай, хүсэлтэй хүмүүс зөндөө. Тариа ногоо, махаа боловсруулж хадгална гэвэл үйлдвэр барих бизнесийнхэн алга ташаад ирнэ. Хүнсний хомсдол дэлхийд улам нэмэгдэж байгаа, хүнсний хэрэглээ эрэлтийн өсөлтийг үзвэл энэ бол ирээдүйтэй зах зээл. Эрсдэл, нөөцөө НҮБ-ээр даалгуулчихвал үлдсэнээ бид ажилсаг иргэдтэйгээ хамт хийчихнэ.

Дэлхийд хүнсний дутагдал глобал асуудал болж, жил тутам хоол хүнс үнэтэй болж байна. Ялангуяа Энэтхэг, Хятад болон Азийн бусад улсууд, Африкт бодитой асуудал болсон. Бангладешийн хүнсний хомсдолын гол шалтгаан нь жил бүр болж байгаа үер юм. Харин зарим улсад нь улстөрийн тогтворгүй байдал тариа будаа тариулдаггүй. Усны дутагдал ч хүнсний хомсдолын бас нэг голлох шалтгаан болдог. Азид будааны үнэ сүүлийн 20 жилд тасралтгүй өслөө. Цалингийнхаа ихэнхийг хүнсэнд өгдөг манайхан хүнсний үнэ өсөх энэ зовлонг андахгүй. Монгол шиг эрүүл хүнстэй газар ховор. Стандарт дээрээ л ахиц гаргачихвал Монголын минь эрүүл хүнс дэлхийд үнэлэгдэх цаг тун ойрхон иржээ.

Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадна гамшгийн үед яаралтай хэрэглэгддэг бусад орны бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хадгалаад л  тээвэрлэхэд ч бид овоохон мөнгө олно. Том асуудлаа олж харж тэнд хүчээ зангидаж төвлөрүүлбэл шийдэж болно. Ганцхан зүйлээс их орлого олдог Давос гэж хот байна. Зөвхөн кофены экспортоор орлого олдог 15 улс байна. Бид ноцож чадахгүй уугиад, хэзээ нэг асах бол гэж хүлээлгүй эхэлмээр байна.

Төрийн үндсэн үүрэг бол өөрөө бизнес хийх биш зах зээл бий болгож, дэд бүтэц, бүтээн байгуулалтын нөхцөлийг бүрдүүлж өгч, гадаад орнуудтай гэрээ хэлцлийг нь хийж өгөх явдал. Бусдыг бүгд хувийн хэвшил хийж чадна.

Олон улсын гамшгийн зах зээл дээр хурдтай ухаалаг ажиллаж, иймэрхүү том төсөл, том мөнгө босговол энэ жил шиг жаахан төсвөө булаацалдаж суухгүйсэн. Манай төсвийн 90 хувь нь татвараас бүрдэж иргэдийн халааснаас гардаг. Алийн болгон ардуудыг шулж амьдрах вэ, ТӨРИЙГ УХААЛАГ АЖИЛЛУУЛЪЯ.