Ж.Эрдэнэбат: Шүдэнзний хайрцагнаас том мөндөр 20 гаруй минут орсон
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.07.10

Ж.Эрдэнэбат: Шүдэнзний хайрцагнаас том мөндөр 20 гаруй минут орсон

Онц байдал зарлаад байсан Сэлэнгэ аймгийн Түшиг суманд ажиллаад ирсэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байгалийн гамшиг тохиосон. Та тэнд хэд хоног ажиллаад ирлээ. Нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Байгалийн гамшиг тохиож хүнд нөхцөл байдал үүсэн гэдэг мэдээлэл аваад өнгөрөгч амралтын өдрүүдэд тус суманд ажиллаад ирлээ. Далайтай орнуудад цунами гэж байгалийн том аюул байдаг бол Түшиг суманд асар том хэмжээний мөндөр орсны улмаас их хэмжээний хор хохирол учирсан байна.

Уг сумын иргэдийн дийлэнх нь байшинд амьдардаг. Мөндрийн улмаас бараг бүх байшин, барилгын дээвэр цоорсон, шил, цонх нь хагарсан байдалтай байсан. Үүний улмаас оршин суугчид өөрсдийн гэртээ амьдрахад хүндрэлтэй байдал үүсээд байна.

Гэхдээ ард иргэдийн маань боломжийн амьдралтай нэг хэсэг нь хашаа, байшингийнхаа дээврийг засварлаад эхэлчихсэн байсан. Гэсэн хэдий ч нөгөө талд нь амьжиргааны түвшин доогуур айл өрх байна. Тэднийгээ төр засаг харж үзээсэй гэдэг үүднээс хүсэлт гаргасан байгаа.

-Энэ асуудал дээр орон нутгаас ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ?

-Аймгийн хувьд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг айл өрхүүдийн хашаа, хороог янзлах сэргээн засварлах тал дээр Түшиг суманд ажиллаж байна.

Мөн аж ахуйн нэгжүүд ч хандив өгч байна. Эхний ээлжинд ядаж дээврээр нь борооны ус гоожихгүй, цонхоор нь салхи сийгэхгүй байхын тулд иргэд маань ч эдгээр хүмүүстэй хамтраад ажиллаж байгаа.

-Хохирлын хэмжээг тооцож үзсэн үү?

-Эхний байдлаар тооцож үзэхэд гурван тэрбум орчим төгрөгийн хохирол гарсан гэж тогтоогдсон. Гэхдээ энэ тооцоонд бүх зүйлийг хамруулж чадаагүй. Сэлэнгэ аймаг маань өрөө тариалангийн өлгий нутаг.

Ер нь бүтэн цонх, дээвэртэй барилга цөөхөн үлдсэн гэхэд нэг их хилсдэхгүй.

Тус сумынхны мөндөрт сүйдсэн ургацыг энд тооцоогүй байгаа. Мөн 180 гаруй айл өрх орон гэргүй болж дээвэргүй болсон. Ер нь мөндөр орсон талын нэг ч цонх бүтэн үлдээгүй байна лээ.

-Гамшигт өртсөн албан байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?

-Түшиг сумын хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүх байгууллагууд нь сумын төвдөө учир мөндөрт ихээр өртсөн. Ер нь бүтэн цонх, дээвэртэй барилга цөөхөн үлдсэн гэхэд нэг их хилсдэхгүй.

Мөндөрт цохиулж гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэх үүднээс эхний ээлжинд эмнэлгийн засварын ажлыг маш яаралтай хийхийн тулд бүх хүчээ эмнэлэг дээр төвлөрүүлээд ажиллаж байна.

-Мөндөр хэдий хугацаанд үргэлжилсэн юм бол?

-Ердөө 20-хон минут хэртэй үргэлжилсэн гэсэн. Мөндрийн эзлэх талбайн хэмжээ ч их байгаагүй бараг 1000 м2 газарт буюу сумын төв хэсгээр орж байсан талаар иргэд хэлж байсан. Намайг очиход хайлчихсан байгаа нь гээд том том мөндөрнүүд үзүүлж байсан.

Хайлчихсан гэж байгаа нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй тийм том мөндөр байсан. Урьд өмнө ийм том мөндрийг нутгийн хөгшид ч үзээгүй хэмээн дуу алдаж байсан. Түшиг сумын ойн сангийн дийлэнх хэсгийг нарс мод эзэлдэг. Уулын мод нь хүн авчихсан юм шиг холтос нь ховхроод уначихсан, ямар ч шилмүүсгүй болчихсон тийм байдалтай байсан.

-Ийм хүчтэй мөндрийн үеэр байшин барилга ингэж сүйдэж байхад иргэд хэр зэрэг өртсөн бэ?

-Ямар ч байсан эрдэнэт хүний алтан амь эрсдээгүйд баяртай байгаа. Гэсэн хэдий ч эхний байдлаар 34 хүн бэртсэн гэсэн тоо гарсан. Тухайн үед ажлын цаг байсан болохоор бага насны хүүхэд гадуур байгаагүй.

Хайлчихсан байгаа нь шүдэнзний хайрцагны хэмжээтэй том мөндөр байсан.

Хэрвээ хүүхдүүд гадаа тоглож байсан бол маш аюултай зүйл болох байсан биз. Байшинтай айлууд бол дээвэр нь цоо цохигдож байсан ч байшиндаа хоргодож байсан гэсэн. Харин гэртэй өрхүүдийн хувьд шууд нурчихсан гэсэн.

Бүргэд хаалгыг чулуу нүүлгэчихсэн юм шиг зайгүй хонхойлгочихсон тэр мөндөрт хүн оногдвол яах вэ. Энэ тохиолдолд мөндөрнөөс хамгаалах зүйлгүй болсон хүмүүс мөндөрт цохиулсан л байж таараа.

Толгой нь хагарсан, хөл, гар нь хавдаж хөхөрсөн олон иргэд бий тэднийгээ эмчлэхийн тулд эмнэлгийн засварын ажлыг яаралтай хийж байна. Хүн ч гэлтгүй 104 мал мөндрийн улмаас хорогдсон.

-Засгийн газраас энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Хүсэлт гаргасан байгаа. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарах байх. Ямар ч байсан тодорхой хэмжээний хөрөнгө гаргана гэж мэдэгдсэн. Энэ тал дээр манайхан өөртэй нь ийм зүйл тулгарвал яах вэ.

Байшин маань дээвэргүй болчихвол яах вэ гэж бодоод нааштай шийд гаргаасай гэж бодож байна. Тухайн орон нутгийн ард иргэдээс шалтгаалаагүй цэвэр байгалийн гамшиг учир төр засаг нааштай хандаасай гэж хүсч байна.