Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва
2013.06.24

Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас  урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах бэлэн байдлыг хангах байнгын ажиллагаатай зөвлөлийн хурал  өчигдөр болж, Улаанбаатар  хот орчмын газар хөдлөлтийн  идэвхтэй хагарлууд дээр хийж буй судалгааны танилцуулга хийлээ.

Улаанбаатар хот орчимд байнгын ажиллагаатай 30 станц болон  нүүдлийн зургаан станцыг ажиллуулж газар хөдлөлтийн идэвхжилтийг  тасралтгүй байдлаар хянадаг байна.

2013 он гарсаар зургаан сарын байдлаар нийтдээ 925 газар хөдлөлт  болсноос 95 хувь буюу 878 нь Эмээлт орчмын хагарлын дагуу болсон бөгөөд хүчний хувьд  сул магнитуд нь 1,0 бага хүчтэй  газар хөдлөлт, 97 хувь  нь хүчтэй  таван удаа болжээ.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумаас  баруун тийш 20-30 км зайд  магнитуд нь 3,8  хүрсэн. 2005 оноос хойш ажиглагдаж эхэлсэн газар хөдлөлтийн өндөр идэвхжилт өнөөг хүртэл буурахгүй жил ирэх тусам өссөөр байгаа гэсэн мэдээллийг Одон орон, геофизик судалгааны төвийн  секторын эрхлэгч М.Өлзийбат мэдээлсэн  юм.

Газар хөдлөл судлах сектор

Мөн хурлын үеэр Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын шугамаар “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” хоёр дахь шатны төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг  гишүүд дэмжсэн юм.

Газар хөдлөлтийг  бүртгэх сүлжээ станцуудын  хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дундговь, Баянхонгор аймгуудад шинээр гурван станц байгуулах ажил удааширч, багаж төхөөрөмж болон ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутмаг, албан газрыг байгуулах  асуудал шийдэгдэхгүй байгааг анхаарч  шийдвэрлэж өгөхийг Шадар сайдаас хүслээ.

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва газар хөдлөлтийн аюулаас ард иргэдийг хамгаалах, хот суурин газрууд болон барилга байгууламжуудыг хүчтэй газар хөдлөлтийн үед тэсвэртэй байхаар төлөвлөж барих, болзошгүй эрсдлийн дараах авран хамгаалах  ажиллагааг зохицуулах  чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлийн гишүүдэд чиглэл өглөө.

 Мөн 2014 оны улсын төсөвт тусгах шаардлагатай нийслэл орчмын байнгын ажиллагаатай станцуудын жилийн урсгал зардал, нүүдлийн 15 станц худалдан авах зардал зэрэг ажлын судалгаа тооцоог хийж ирэх сард багтаан саналаа боловсруулж оруулах, Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хямралт нөхцөл байдлын үеийн удирдлага нэгдсэн ажиллагааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулахыг Шадар сайд үүрэгдлээ.