Засгийн газар, Хүмүүнлэгийн баг хоорондын уялдаа холбоо сайжирна
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дах суурийн төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Бангкок дах бүсийн төв, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Гамшгийн бэлэн байдлын салбар дундын төлөвлөгөөг эцэслэн батлах семинар” өчигдөр эхэллээ.
Семинарыг нээж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу нар үг хэллээ.
2009-2010 оны зудын гамшгийн дараа Монгол Улсын Засгийн газар гамшигтай тэмцэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбар дундын кластер системийг хэрэглэх шийдвэр гаргаснаар НҮБ, ОБЕГ хамтран бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, гамшгийн үед удирдлага зохицуулалт Хүмүүнлэгийн багийн 12 кластерийг байгуулсан билээ.
“Гамшгийн бэлэн байдлын салбар дундын төлөвлөгөөг эцэслэн батлах семинар” гурван өдөр үргэлжмлнэ.
Өнгөрсөн хугацаанд гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөний ерөнхий баримт бичиг, кластер бүрийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөний төсөл болон хүмүүнлэгийн тусламжийг хүргэх аргачлалуудыг боловсруулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, мэдлэгийг дээшлүүлэх хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулаад байна.
“Гамшгийн бэлэн байдлын салбар дундын төлөвлөгөөг эцэслэн батлах семинар” гурван өдөр үргэлжлэх бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх өнөөгийн арга, туршлагыг оролцогчдод таниулах, салбар дундын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, Засгийн газар, Хүмүүнлэгийн баг хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монгол улс дахь Кластерийн бүтцийг хэлэлцэж, батлах, гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлахад оршиж байгаа юм.