Ирцээ бүрдүүлсэнгүй гээд байгаа МАН-д хоёрхон удаа хуралд суусан гишүүн ч бий
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар Байнгын хороод хуралдсангүй. Улмаар нэгдсэн чуулганаар баасан гаригт хэлэлцэх асуудал байсангүй. Та Байнгын хорооны даргын хувьд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа юу?
-Гишүүд хэлэлцэх асуудалд өөр өөр байдлаар ханддагаас шалтгаалж Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тухайлбал, өөрийнх нь хөндөж ярилцах сэдэв биш бол хуралд ирэхгүй байх жишээтэй. Мөн өнгөрсөн долоо хоногт нэлээд олон гишүүн гадаад болон дотоод томилолттой байсан. Манай Байнгын хорооноос долоон гишүүн гадаадад томилолттой, нэг гишүүн өвчтэй байсан. Гэхдээ бусад гишүүн нь хуралдаа ирсэн бол хуралдах боломжтой байсан л даа.
-Ер нь ирцээ бүрдүүлэх үүрэг нь хэнд байна вэ?
-Ард түмнээ төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувиар гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Баасан гариг бүрт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлынхаа төлөвлөгөөг гаргаж даваа гаригт бүх гишүүдэд тарааж өгдөг.
Тиймээс гишүүд хаана хэдэн цагаас аль Байнгын хороо хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг мэдэхгүй байна гэж байхгүй. Мөн УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтэс гишүүдийг хуралдаа ирэхийг шаарддаг. Ингээд байхад л гишүүд хуралдаа ирэхгүй юм. Харамсалтай нь, хуралдаа суухгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох хуулийн заалт одоохондоо алга.
-Байнгын хорооны дарга ирцээ бүрдүүлэх ёстой. Тэр тусмаа олонхийг бүрдүүлж байгаа намын гишүүдийг хуралд оруулах үүрэгтэй гэж А.Тлейхан гишүүн бухимдаж байсан. Та хоёрын дунд маргаан үүссэн шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
Аливаа улс төрийн нам дахь зөрчил маргаан бол байдаг л асуудал.
-Байнгын хорооны дарга аль ч намын гишүүдийг хуралд оролцуулах үүрэгтэй ажиллах ёстой. Энэ ч утгаараа ажлын албаараа дамжуулан гишүүдийг хуралдаа ирэхийг шаарддаг. Гишүүд ирэх, ирэхгүй нь өөрсдийнх нь ухамсарын л асуудал. А.Тлейхан гишүүний бухимдлыг би хүлээн авч байгаа. А.Тлейхан гишүүн олонхийг бүрдүүлж байгаа намуудын гишүүд хуралдаа ирэхгүй байна. Манай намын гишүүд ирчихлээ гэж хэлсэн.
Долоон гишүүн томилолттой. Бусад гишүүд нь удахгүй ирнэ гэдгийг би хэлсэн. Гэвч А.Тлейхан гишүүн миний тайлбарыг улстөржүүлсэн. Тухайн өдөр хурлын танхимд ирсэн гишүүдийг харж байхад огт хуралдаа ирж байгаагүй, УИХ-ын гишүүн болсноосоо хойш хоёрхон удаа манай Байнгын хорооны хуралдаанд суусан хүн байсан. Манай Байнгын хороо ирц хүрэхгүй гэдэг шалтгаанаар хуралдаанаа хойшлуулж байсан тохиолдол үүнээс өмнө байгаагүй. Харин энэ удаад хуралдаа байнга суудаг идэвхтэй гишүүд нь гадаадад томилолттой байсан учраас ирц бүрдсэнгүй.
-Байнгын хорооны хуралдаанд хоёрхон удаа суусан гишүүн бий гэлээ. Тэр нь хэн юм бэ. Энд нэрийг дурдчихвал цаашдаа хариуцлага ухамсарлах ч юм бил үү. Та нэрийг нь хэлж болох уу?
-Нэрийг нь хэлчихвэл тухайн өдөр үүссэн үл ойлголцох байдлыг улам дэвэргэх болов уу гэж бодож байна. Хуралдааны танхимд МАН-ын гишүүд байсан гэдийг л хэлье. Харин тухайн гишүүн “Би нээрээ хэдэн удаа хуралдаа сууж байлаа. Гишүүд хуралдаа ирэхгүй болохоор нэг иймэрхүү асуудал үүсдэг юм байна шүү” гэж бодсон байх гэдэгт найдаж байна.
-Тантай уулзсаных танай намтай холбоотой асуух зүйл байна. Ер нь танай намын дотоод уур амьсгал ямар байгаа вэ. Д.Тэрбишдагва сайдыг эсэргүүцэх хүн танай намд олон байх шиг байна.
-Аливаа улс төрийн нам дахь зөрчил маргаан бол байдаг л асуудал. Хэн нэгнийгээ шүүмжлэхгүй, алдааг нь засч залруулахгүй бол намын дотоод ардчилал үгүй болно. Энэ үүднээсээ эрүүлээр маргалдах, зөрчилдөх асуудал байх ёстой гэж бодож байна. Сүүлийн үед Шадар сайд, намын дэд дарга Д.Тэрбишдагватай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа асуудал бол манай зарим гишүүдийн гомдсон сэтгэлээс гарч байгаа зүйл.
Түүнээс биш нам дотор яахаа алдатлаа зөрчилдсөн зүйл алга. Шинээр сэргээгдэн гарч ирсэн манай нам үйл ажиллагаагаа явуулаад гурван жил гаруй болж байна. Бид өөрсдийгөө ядуу ард түмний намын гишүүд гэж үздэг. Тиймээс тэр ядуу буурай ард түмнийхээ хүсэл зорилгыг төлөөлөн парламентад ажиллаж байна.
-Та сая нам дотор эрүүл шүүмжлэл байх ёстой гэлээ. Одоо танай нам дотор үүсээд буй шүүмжлэл эрүүл гэсэн үг үү?
-Баян намуудын шидсэн чулуу, өнхрүүлсэн бөмбөг манай нам дотор хагарал үүсгэж байгаа. Энэ асуудал эрүүлээр шийдэгдэх байх. Нэгэнт улс орныхоо төлөө ажиллая гэж нэгдсэн хүмүүс энд ажиллаж байгаа гишүүдээ дэмжиж ажиллавал ард түмний амьдралд эсрэгээр нөлөөлнө. Түүнээс биш хий хоосон улстөржилт, үр дүнгүй шүүмжлэл дундаас оновчтой шийдэл, зөв гарц олдохгүй. Эцэст нь хэлэхэд, энэ хүмүүс одоо уур бухимдлаа тайлж, аливаа асуудлыг улстөржүүлдгээ болимоор байна.