Ж.Батсуурь: “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн хаана байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар асуулт тавьж, Ерөнхий сайд болон бусад сайдууд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн юунд байна вэ? Ингэж асууж байгаагийн учир гэвэл судалгаанаас харахад Улаанбаатар хот маань хөгжингүй орнуудын нийслэлүүдтэй харьцуулахад өндөр өртөгтэй байна.
Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа. Гэтэл хүмүүсийн орлого доогуур. Энэ талаар ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Засгийн газрын эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ихэнх арга хэмжээнүүд мөнгөтэй хүмүүсийн халаасыг түнтийлгээд л өнгөрдөг.
Ерөнхийд сайд Н.Алтанхуяг:
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” бүх юмны үнийг тогтворжуулах зорилгогүй. Харин бусад бараа үйлчилгээний үнэд нөлөөлдөг цөөн хэдэн зүйлийн үнийг тогтворжуулъя гэж шийдсэн юм. Жишээ болгож нефтийн тухай ярьж болно. Нэг жилийн турш 50 төгрөгөөр хямдарч харьцангуй тогтвортой өнгөрлөө. Яльгүй нэмэгдэх нь зүй ёсны үзэгдэл. Мах, цементийн үнийг ч боломжийн хэмжээнд барьж чадлаа.
Гэхдээ зарим бараа бүтээгдэхүүний үнийг барьж чадахгүй байгаа нь үнэн. Манай зах зээл дээр салбар бүрт цөөн тооны компаниуд ноёрхдог. Тэд хоорондоо яриад үнээ тогтоочихдог. Тиймээс Засгийн газар шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө л ажиллаж байна.