УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.06

О.Баасанхүү: Стандартаар бүгдийг шийдэх ёстой

Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүд асуулт асуун, үг хэлснээр үргэлжлэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү үндсэн чиглэл хэлэлцэхийг дэмжихгүй хэмээн үг хэллээ.

Тэрээр “Миний зүгээс энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй. Хуулийн тухай хуулийг баталчих юм бол баталсан хуулийн тухай өөр нэг  хуулийг батлах хэрэгтэй болно. Ийм цагираг болчих гээд байна.

Харин захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийг түргэн батлах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ нь захиргааны байгууллагуудын ерөнхий стандартыг тогтоож, хуулийн тухай хууль гэх мэтийн Үндсэн Хуулиасаа давсан хууль батлах хэрэггүй болно. Ямар ч асуудал дээр тогтсон стандартаар бүгдийг шийдэх ёстой” хэмээн хэллээ.