УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.06

О.Баасанхүү: Засгийн газраас санал авч хууль санаачлах нэг зовлон байдаг

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэж гишүүд асуулт асуун, үг хэлснээр үргэлжилэв.  Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Захиргааны байгууллагын тухай хуулийг хэдийд оруулж ирэх бололцоотой вэ гэж хууль зүйн яамнаас асууя. Учир нь энэ хууль авилгал, хүнд сурталтай тэмцэхэд хамгийн их үр дүнтэй гэж америкчууд үздэг. Германаас үлгэр жишээ авч хэрэгжүүлсэн хамгийн шилдэг хууль гэж мэргэжлийн хүмүүс үздэг.

Мөн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн Газар хууль санаачлах тэгш эрхтэй субъектууд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн ямар ч асуудлаар хууль санаачлах эрхтэй гэж заасан байдаг. Үүнийг яаж ялгаж салгах вэ? Засгийн газраас санал авч хууль санаачлах нэг зовлон байдаг. Гэтэл Засгийн Газраас бид энэ хуулийг санаачилж байгаа учраас таныг дэмжихгүй гэж хариулдаг.

Миний бодлоор гишүүнтэйгээ хамтарч ажиллах ёстой баймаар. Хуулийг өргөн барих тухай хуульд 72 цагийн дотор УИХ-ын тамгын газар асуудлын бүрдлийг нь хүлээж аваад, УИХ-ын дарга хэлэлцэх товыг тогтоож өгөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл миний өргөн барьсан НӨАТ ийн тухай хуулийг одоо болтол хүлээж аваагүй. Учир нь УИХ-ын гишүүн ийм хууль санаачлах эрхгүй гэж хариулдаг.

Энэ хуулийн төслийг мэргэжлийн хүмүүс бодож боловсруулаад надаар дамжуулан барьж байгаа юм. Сангийн яам хамтарч ажиллахаас татгалзахгүй байна. УИХ-ын дарга үүнийг маань хүлээж авах уу? Хууль санаачлагчийн хуулийг хүлээж авахгүй байгаа нь УИХ ын гишүүн хууль даган мөрдөх үүрэгтэй гэсэн Үндсэн Хуулийн заалттай нийцэж байна уу үгүй юу? Гэдгийг асуулаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн Сайд Х.Тэмүүжин:

Захиргааны байгууллагын тухай хууль биш, харин захиргааны үйл ажиллагааны ерөнхий хуулийн тухай асуудал яригдаж байгаа юм. Энэ хуулийг дэлхийн олон улсууд Германы сайн туршлага хэмээн үзэж авч хэрэглэдэг. Тус хууль нь захиргааны байгууллагууд ер нь ямар үйл ажиллагааг яаж явуулах ёстой, явуулсан үйл ажиллагаа нь иргэдэд тохирохгүй хэрхэн гомдол барагдуулах зэрэг захиргааны байгууллагуудын ажлын ерөнхий стандартыг тогтоож өгсөн байдаг.

Үүнээс гадна захиргааны байгууллагуудын хүнд суртал, ойлгомжгүй байдалтай тэмцэх, тэдгээрээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалахтай зорилготой хууль.

Хууль зүйн яам хуулиа боловсруулаад дуусчихлаа. Одоогоор холбогдох байгууллагуудаас санал авч байгаа. Санал хураагаад дуусчихвал энэ бямба гарагт, эсвэл дараагийн бямба гарагт УИХ-аар хэлэлцэхээр зорьж байна. Ямартаа ч энэ ондоо багтаан УИХ-аар оруулах ёстой.

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл тогтоож байгаа нь хууль тогтоогч болон хууль санаачлагчдын эрхийг хязгаарлаж байгаа явдал биш. Үүний гол зорилт Засгийн Газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бодлогоо хууль болгож УИХ-аар хүлээн зөвшөөрүүлэх юм” хэмээн хариуллаа.

Хуралдааны гишүүдийн саналаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ.