Ж.Энхбаяр: Ерөнхий сайдыг олонхи л огцруулна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай аймагт дахин сонгууль явуулах тухай асуудал хөндөгдөх боллоо. Сонгууль дахих болсон шалтгаан нь юу вэ. Ардын намын гишүүд Ардчилсан намд урвасан нь орон нутгийн сонгуулийг дахихаас аргагүй болгосон тухай ч сонсогдох боллоо?
-Аливаа улс төрийн нам сонгуульд Засгийн эрх авах гэж л өрсөлддөг. УИХ-ын сонгуульд улс төрийн нам ялалт байгуулсан нөхцөлд намын дарга нь Ерөнхий сайд болдог шиг орон нутгийн сонгууль ч мөн адил. Тухайн аймагтаа ялалт байгуулсан намын дарга нь Засаг дарга болдог. Харамсалтай нь, энэ зарчмыг эвдэх сонирхол зарим бүлэг хүмүүст байсаар дүрэмгүй, эрээ цээргүй, хууль ёс завхруулах “тоглолтыг” хийсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ.
Уг нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд гурван ч том сонгуулийн цикл өнгөрөхөд, Говь-Алтай аймгийн Ардын нам ард түмнийхээ дэмжлэгийг авч урьд үзүүлсэн сонгуулийнхаа амжилтаас ч илүүг үзүүлсэн. Энэ нь Говь-Алтай аймгийн удирдлага ажлаа хийж чадаж байсны баталгаа шүү дээ.
-Эрээ цээргүй үйлдэл болж байна гэж та хэллээ. Энэ нь яг юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд УИХ, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага дөрвөн жилийн хугацаанд ажиллана гээд тодорхой заачихсан. Бүх хууль, тогтоол, шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа. Гэтэл өнөөдөр Говь-Алтай аймагт 2008-2012 онд ажилласан ИТХ бүрэн эрхээ сэргээчихсэн, орон нутгийнхаа төсвийг батлаад сууж байна, энэ бол хууль зөрчсөн эрээ цээргүй үйлдэл шүү дээ.
-Яагаад ийм байдал үүсчих вэ?
Говь-Алтай аймгийн Ардчилсан намын захиалгаар энэ бүх зүйл болж байна.
-Говь-Алтай аймгийн Ардчилсан намын захиалгаар энэ бүх зүйл болж байна. Сонгуулийн үр дүнгээр Ардын нам 21, Ардчилсан нам 12 суудал авсан ч таван можаритор, 12 пропорцианаль суудлыг хүчингүй болгосон. Сонгуулийн маргааныг 14 хоногийн дотор багтаан шийдвэрлэх ёстой ч бүтэн жил дамнуулсан, энэ бүхнээс болж ийм байдал үүслээ.
-Гэхдээ Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан аймгийн удирдлагыг төдийгүй таныг хүртэл Авлигатай тэмцэх газарт өгсөн тухай дуулдсан. Ямар нэг “но”-той асуудал үүссэн болоод шалгуулахаар хандаагүй гэж үү?
-Говь-Алтай аймгийн Ардчилсан нам улаан цагаандаа гарсан. Хууль, хүчний байгууллагад өргөдөл өгдөг, улс төрийн дарамт хийдэг. Авлигатай тэмцэх газрын хувьд ирсэн өргөдлийн дагуу ажиллаж байгаа. Хангалттай л шалгалаа, сүүлийн дөрвөн жил шалгасан.
Шалгаад юу ч гаргаагүй. Хамгийн гол нь шалгалт бүхэн нь сонгуулийн өмнө болдог. Сонгууль дуусахаар намждаг. Одоо дахиад манай аймагт орон нутгийн сонгууль зарлаж байна, дахиад л асуудал үүсэх байх. Гэхдээ Алтайн ард түмэн сонголтоо хийсэн, сонголтоо дахиад баталгаажуулах байх гэж найдаж байна. Бид олон түмэнд үнэн үгээ хэлээд сонгуульд оролцож таарна.
Харин энэ бүх эрээ цээргүй үйлдэл нь эцсийн дүндээ ард түмний төрт ёсондоо итгэх итгэлийг эвдэж төрд ажиллах хүмүүсийг халшраах нь л гэж эмээж байна.
-Танай бүлгийн зүгээс төрийн алба данхайж 200 мянгад хүрсэн тухай шүүмжилдэг байтал та яагаад төрийн албаныхан ажлаасаа халширч зугатаана гэх маягийн юм ярина вэ?
-Төрийн төлөө зүтгэдэг зөв шударга хүмүүс нь зугатааж эхэлж байна шүү дээ. Жишээ нь, Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг УИХ-д хандан тавиад байна. Гэтэл Ерөнхийлөгч маань ухаалаг төрд ухаалаг албат хэрэгтэй болохыг зөвлөөд байгаа. Маш том бодлогын асуудал. Даанч Засгийн газар Ерөнхийлөгчийн хэлсэн төрийг ухаантай болгох тухай бодлогыг хэрэгжүүлж чадахгүй нь харамсалтай. Чадахгүй гэдэг нь олон зүйлээр илэрч байгаа.
Жишээлэхэд, Засгийн газрын сайн, мууг ард түмнийхээ халаасанд үлдээж байгаа төгрөгөөр хэмжиж болно. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан жил гаруйн хугацаанд Монгол Улсын гадаад, дотоод нэр хүнд, макро эдийн засгийн гол үзүүлэлт, монгол төгрөгийн ханш, төгрөгт итгэх итгэл, зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар, Монгол Улсын өр гээд бүхий л үзүүлэлт уналаа.
Түүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна, цахилгаан, дулааны суурь үнэ өслөө. Орлогыг нь өсгөж чадаагүй хэрнээ иргэдийнхээ халаасанд байгаа төгрөгийг нь үнэ цэнэгүй болгосон нь энэ Засгийн хамгийн том алдаа. Өнөөдөр төрийн бүтэц ямар том данхайсныг ард иргэд бүгд мэддэг боллоо. Ардын намынхныг энэ тухай анх хэлэхэд, Ерөнхий сайд “Тийм юм байхгүй” гэж үгүйсгэж байсан.
Монгол төрийн тэргүүн төр данхайж 200 мянгад хүрсэнийг ард түмэндээ хэлсэн. Эрх биш Ерөнхийлөгчийн өмнөөс Ерөнхий сайд “Та худлаа ярьж байна” гэж хэлэхгүй болов уу. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Н.Алтанхуяг сайд “Би бол үнэн хэлж байгаа, наад асуудлаа та нар Ерөнхийлөгчид хэлээ” гэсэн. Хэлэх ч үг олдоогүй, хэн нь худлаа ярьсаныг цаг хугацаа харуулах биз дээ.
-Ерөнхийлөгч ухаалаг төрийн тухай ярих үеэрээ “Чингис бонд дөрвөн жилийн дараагаар төлөгдөнө шүү” гэдгийг анхааруулсан. Чингис бондын санхүүжилтээр хийсэн төслүүдийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Мөн Засгийн газар бондоо өөрөө хуваарилж байгаа нь хяналтгүй болгож байна гэж хэлсэнтэй та санал нэгдэх үү?
Хуулиа гаргачихаад дараа нь зээлийнхээ тухай ярих хэрэгтэй гэж хэлсэнтэй санал нэг байгаа.
-Тийм ээ, төрийн тэргүүний хэлсэн, Хөгжлийн банк явж байгаад найдваргүй зээлийн үүр болчихсон байх вий дээ. Яагаад Засгийн газар босгосон зээлээ өөрөө хуваарилаад байгаа юм, хяналт байхгүй байна. Хуулиа гаргачихаад дараа нь зээлийнхээ тухай ярих хэрэгтэй гэж хэлсэнтэй санал нэг байгаа. Миний хувьд Чингис бондтой холбоотойгоор хамгийн их санаа зовж байгаа зүйл бол 5 см зузаантай таван жилийн насгүй зам тавиад байгаад харамсдаг, эргээд бид төлнө шүү дээ.
2017 онд Монгол Улс асар их өрийн дарамтад орохоор байгаа. Гэтэл зам нь байх уу, үгүй юу. Энэ ухаантай асуудал мөн үү. Мөн утааны асуудлыг өнөөдөр хүн бүр ярьж байна. Нүүрс тараагаад утааг шийдэх үү, үгүй шүү дээ. 50, 60 тэрбум төгрөг зарцуулаад үр дүн байхгүй утаа нэмэгдээд байгаа. Энэ нь өөрөө ухаалаг шийдэл биш болохыг л харуулаад байгаа хэрэг.
-Эрх баригч намын зүгээс “Утаа бол зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд бий болсон зүйл биш, өмнөх Засгийн газартай холбоотой. ТЭЦ-2 цахилгаан станцыг түшиглэн хагас коксжсон түлш үйлдвэрлэж нүүрсний хэрэглээг бууруулах ёстой ч одоо хэр нь хэрэглээнд гараагүй байна. Энэ нь МАН эрх барьж байсан үетэй холбоотой” гэж танай намыг буруутгадаг?
-Эдийн засаг унахаар Хятадаас боллоо, эдийн засаг хямрахаар АНУ-аас боллоо, дотоод асуудал ярихаар Ардын намаас боллоо гэдэг. Хэзээ бидний бодлогын алдаа боллоо гэж хэлэх юм бол доо, эрх баригчид. Энийгээ хэлж чадахгүй, үүнийгээ ойлгож чадахгүй болохоор нөхцөл байдал улам л буруудаад, эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж хийрхэл нэмэгдээд, төрийн албаны бэлтгэгдсэн боловсон хүчнээ хайр найргүй халж солиод чадавхиа алдаад байх юм. Яах ч ёстой юм бэ дээ.
-“Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч “Бизнес эрхлэгчид хамгийн дарлагдсан ард түмэн боллоо” гэж хэлсэн. Үүнтэй санал нэгдэж байна гэж ойлгож болох уу. Дарамт шахалтыг яаж багасгах вэ?
-Тийм ээ, бизнес эрхлэгчдийг дарлах бүхэл бүтэн тогтолцоо бий болсон гэдэгтэй санал нэгдэнэ. Бодит жишээ татъя, өнөөдөр 570 орчим аж ахуйн нэгжид эрүү үүсгэгдээд цагдаад шалгагдаж байна гэж байна. Өнөөдөр мөн машин импортоор оруулж ирдэг 70 гаруй иргэнийг шалгаж эхэллээ гэж мэдээлж байна. Баригдаагүй, шалгагдаагүй дарамтад ороогүй бизнес эрхлэгч Монголд байна уу. Дээр нь гадаадын хөрөнгө оруулагчаа хөөгөөд явуулчихсан.
Монголтой холбоотой бүх үнэт цаасууд дэлхийн зах зээл дээр 400-1000 хувь унасан. Монголд хийсэн хөрөнгө оруулалт үр дүнгүй болцгоосон бүгд шатацгаасан. Саяхан 2013 оны эдийн засгийн мэдээлэл гарахад дотоодын хөрөнгө оруулалт эрс татарсан байна лээ. Одоо Монголд бизнес хийснээс гадаадад бизнес хийх нь амар болж байна. Бизнесийн салбарт төрийн оролцоо хэрээс хэтэрч ажил хийх боломжгүй болгож байгаатай холбоотой хэрэг шүү дээ. Төр савраа татаж хувийн хэвшлийнхэн бизнесээ саад тотгоргүй хийх боломжоор хангах ёстой.
-Ирэх онд эдийн засаг сэргэх болов уу?
-Хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан. Улстөржилт, хийрхэл хэмжээнээсээ хэтэрсэн, бодлогын том алдааг Засгийн газар гаргасан. Үүнээс амархан гарахгүй. Улстөрийн хариуцлагаа тооцоод, жаахан өөрчлөлт хийгээд юм боддог хүмүүсээ гаргаад урагшаа явбал улс оронд хэрэгтэй. Өнөөдрийн энэ байдлаараа явбал энэ өвөл, ирэх хавар хамгийн хүнд үеийг туулах хэрэгтэй болох болов уу.
Үүнийг би юутай холбож ярьж байна вэ гэхээр валютын нөөцтэй холбож ярина, гадаад худалдааны тэнцэл ихээхэн алдагдалтай гарч байгаатай холбож ярина. Дээр нь 2013 оны төсвийг хар л даа, 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт батлаад өгсөн байхад Засгийн газар чүү ай 400 тэрбумын ажил хийлээ.
Ажлаа хийж чадахгүй, 30-хан хувийн гүйцэтгэлтэй. Татвараа цуглуулж чадахгүй болчихсон. Татвар тэнгэрээс бууж ирэхгүй баялаг үйлдвэрлэгчид бий болгоно. Тэдний итгэлийг алдсан. Үүнтэй холбоотойгоор 1 их наяд гаруй төгрөгөөр төсөв тасарч орж ирсэн. Татварын бааз суурь олигтой нэмэгдэх бололцоо байхгүй, тийм учраас ирэх жил их хүнд цаг үеийг туулна.
-Танай нам тэгээд энэ бүхнийг хараад суугаад байх юм уу?
-Бид улс төрийн асуудлыг байнга л тавьж ирсэн шүү дээ. Даанч эрх баригч хүчин өөрсөддөө дүгнэлт хийхгүй байна. Ерөнхий сайд өргөн барьсан төсвөө авлигажсан гэж зарласан, үнэхээр бодлогогүй. Өргөн барьсан төслөөсөө хэзээ ч 200 гаруй обьектоо царцаалгаад зогсож байсан Ерөнхий сайдыг би мэдэхгүй. Тийм болж байна.
-Сүүлийн өдрүүдэд УИХ ирц бүрдүүлэх тал дээр ажиллаж чадахгүй, байнгын хороодын хуралдаанууд тогтмол хойшилж байна. Яах ёстой вэ. Гэтэл улс орны эрх ашигтай холбогдох амин чухал хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг урагшилдаггүй?
-Бүгдээрээ дарга болчихсон юм чинь яаж ирц бүрдэх вэ дээ. Ерөнхийлөгчийн давхар дээлийн асуудлыг УИХ-аар яаралтай шийдэх шаардлагатай. Цаг алдмааргүй байна. Яагаад гэвэл, итгэл гэдэг үнэхээр удаан сэргэдэг. Арван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд гадны хөрөнгө оруулалт Монголд эрчимтэй орж ирсэн. Тэр итгэл нэг жилийн дотор алга боллоо. Үүнийг дахин сэргээхэд хугацаа орно. Гэсэн ч цаг алдах ёсгүй, ажиллах ёстой.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Хаан сонголтыг уландаа гишгэж байгаа, Ерөнхий сайд болон түүнийг багийнханд хариуцлага тооцох асуудлыг оруулж ирнэ” гэж уржигдар хэлсэн. Хэзээ танай намаас Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг оруулж ирэх гэж байна вэ?
-Бид асуудлыг гаргаад тавьдаг ч олонхи хамгаалсаар ирсэн. Ерөнхий сайдыг олонхи л огцруулна, сайдыг олонхи л огцруулна. Цөөнх чадахгүй.
-Яагаад, үнэхээр асуудал байгаа нөхцөлд огцруулах ёстой юм биш үү. Цөөнх хэтэрхий сулбагар үлбэгэр байх шиг ээ?
-Олонхи өөрсөддөө дүгнэлт хийгээд асуудлыг шийдэх нь улс оронд хэрэгтэй байгаа ч тийм чадвар алга. Хамгийн ухаантай, мэдлэгтэй, боловсролтой нь энэ Засгийн газарт байгаа юм шиг байна. Огцруулахад дараагийн хүн нь алга гэх юм уу даа, ойлгож байна.