Х.Баттулга: Ардчилагчид та бүхнийг Ухаалаг төрийн төлөөх нөр их ажилд уриалж байна
МоАХ-ны дарга Х.Баттулга
2013.12.10

Х.Баттулга: Ардчилагчид та бүхнийг Ухаалаг төрийн төлөөх нөр их ажилд уриалж байна

МоАХ үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойн хуралд МоАХ-ны дарга Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Журмын нөхдөө, ардчилагчдаа!

Хүндэт Зочид оо, монголчуудаа

Жил бүхэн энэ өдөр бид хуран цуглаж, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн, цаашдын замаа тодорхойлдог. Өнгөрснөө эргэн харж, маргаашийн замаа засдаг.

Өнөөдрөөс эхлээд та бидний ажил болгох ёстой чухал зорилтыг Ардчилсан Ерөнхийлөгч, МоАХ-ны анхны дарга нарын нэг Ц.Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө тодорхой хэллээ. 24 жилийн өмнө та бид нээлттэй, чөлөөт зах зээлийн нийгэм, эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцэж явахдаа төрийг ухаалаг болгох талаар тогтож бодож амжаагүй нь үнэн билээ.

Шийдэх асуудлыг сэргэг харж түрүүлж хэлдэг Ерөнхийлөгч маань цагийг нь олж хэлэв. Тэр өмнө нь “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно” гэж цагийг нь олж хэлсэн. Өнөөдөр монгол орон Үйлдвэржсэн нийгмийг байгуулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ажиллаж байна.

Аливаа зүйл өөрийн цаг хугацаатай байдаг. Өнөөдөр төрөө ухаалаг болгохын төлөө нийгмийн ямарваа өөрчлөлт, хувьсгалыг түүчээлэгч Монголын Ардчилсан холбоо хүч анхаарлаа чиглүүлэх цаг болж гэдгийг Ардчилсан Ерөнхийлөгчийн үгнээс та бид ойлголоо.

Үеийн үедээ “Төрийн минь сүлд өршөө!” гэж сүслэн залбирч, хүндэтгэн дээдэлж ирсэн түмэн олондоо Монголын төр тийм ч ухаалаг хандахгүй байгаа нь үнэн. Өнөөдөр Ардчилагчид та бүхэнд зорих, тэмцэх зүйл олон байгаа ч хамгийн гол асуудал нь энэ л байна.

Монголын төр ухаалаг биш байснаас хөдөө сумууд хөсөр орхигдон гандаж, малчин олон орчин үеийн тохь тух, хөгжлөөс хоцрогдон гээгдэж байна. Нэг аймгийн Хөгжимт жүжгийн нэг л театрыг 3 тэрбумаар барихаар эхлүүлээд 10 тэрбумаар дуусгадаг хирнээ Шинэ сумын төв гэж соёлын төв, спорт цогцолбор, эмнэлэг, сургууль, дотуур байр, Захиргаа, инженерийн нэгдсэн сүлжээ цогцоороо ороод 10 тэрбумын өртөгтэй бүтээн байгуулалтад хөрөнгө гаргахаас цааргалдаг төр УХААЛАГ лав биш.

Ухаалаг төрийн гол шинж нь хуулийн засаглал гэнэ. Батласан хуулиа мөрдөж чаддаг ТӨР ухаалаг байдаг гэнэ. Тэгвэл манай төр батлаад гаргасан бодлогын баримт бичиг, хууль журмаасаа ухрахад ямагт бэлэн байдаг. Та бид үүнийг болиулж, хуулийн засаглалыг баттай тогтоохын төлөө тэмцэх ёстой болж байна.

Монголын Ардчилсан Холбоо анх байгуулагдсан цагаасаа л хуульд захирагддаг төрийг хүсч тэмцэж байсан энэ тэмцлээсээ хэзээ ч ухарч байгаагүй ээ.Иргэнд үйлчилдэг хууль, иргэдэд өгөөжтэй шийдвэр, тогтоомжийн төлөө тэмцэхдээ бид хэзээ ч өөрсдийгөө бодож хавчуулж байсангүй. 2007 оны хавар МоАХ баялгийн шударга хуваарилалт, шударга хандлагыг шаардан төв талбай дээр улс орны өнцөг бүрээс ирж жагсч шаардсны хүчинд ард түмний хөрөнгөөр хайгуул судалгаа нь хийгдсэн Тавантолгойн ордын 96 хувийг төр мэдэлдээ авах шийдвэр гаргуулж байлаа. Одоо энэ шийдвэрийн дагуу ордыг ард түмэнд өгөөжтэйгээр ашиглах асуудал л үлдэж байгаа.

Ухаалаг төр ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн сэтгэлгээг халах ёстой гэнэ. Өнөөдөр 260 мянган төсвийн ажилтан, 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 300 мянган ажилгүй иргэдийг 1 сая хүүхдүүдтэй нь 320 мянган ажил эрхлэгч төрдөө тушаасан татвараар авч явж байна.

Бидний төлөвлөсөн, эхлүүлсэн Үйлдвэржилтийн төслүүд амжилттай хэрэгжвэл дор хаяж 150 000 ажлын байр бий болно. Шууд бус ажлын байртайгаа тооцвол бид ажилгүй иргэдээ бүгдийг цалин орлоготой болгож чадна. Тэгэхээр Үйлдвэржилтийг үргэлжлүүлэн, бүтээн байгуулалтаа таслахгүй байх нь Ардчилагчдын бас нэгэн зорилт хэвээр байна.

Ухаалаг төр авлигагүй байх ёстой гэнэ. Ардчилсан хүчин засгийн эрхийг авснаас хойш авлигын үзүүлэлт ямагт буурсаар энэ жил ахин 11 байраар урагшилсан таатай мэдээ байна. Авлигатай хийх тэмцэлд Ардчилагчид биеэр үлгэрлэж, анхдагч партизан Хишигбат ажлын байран дээрээ өөрт нь 20 сая төгрөгийн авлига өгөхөөр завдсан этгээдийг илчлэн үлгэр дууриал үзүүлж байлаа.

Ухаалаг төр алсыг харсан бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой гэнэ. Монголын үйлдвэржилтийг бодит ажил болгохын төлөө бид алсыг харсан дэд бүтцийн бодлого гаргаж, түүнийгээ УИХ-аар батлуулсан. Одоо өнөө маргаашийн ашиг, эргэлзээ тээнэгэлзлээ умартан нэгэнт баталсан бодлогоо, хуулиа хэрэгжүүлэх л чухал байна.

Товчхондоо Ардчиллын алтан хараацай нарын нэг Ерөнхийлөгч Элбэгдоржийн та биднийг дараагийн хувьсгалт өөрчлөлтөд уриалан дуудаж байна. Иргэнлэг бөгөөд хуулийн хувьсгал. Өнгөрсөн нийгмээс бүр мөсөн салж, бүрэн шинэчлэгдэх өөрчлөлтөд дуудаж байна.

Журмын нөхөд бид дэмжихгүй бол, бид хийхгүй бол хэн хийх билээ. Илүү эрчээр, илүү хөгжил рүү эх орон ард түмнээ аваачихад Ардчиллын анхдагчид та нар минь түүчээлэн давшиж, оройлон оролцох ёстой. Аливаад хувийн ашиг завшааныг чухалчилдаггүй тэр л зангаараа Ардчилагчид та бүхнийг Ухаалаг төрийн төлөөх нөр их ажилд ханцуй шамлан орохыг уриалж байна.

Монголчууд үеийн үедээ аз жаргалтай, сайн сайхан амьдрахын төлөө үүнийг хамтдаа хийцгээе. Хонхны дуугаа ахин дуулцгаая.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!