2011.12.09
Монгол-Германы хамтын ажиллагаанд ахиц гарав
Монгол УИХ хурал, Засгийн газрын гишvvн, Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Берлин хотноо 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав.
Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаа, түүний дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх бөгөөд энхийг дэмжих болон хүмүүнлэгийн ажиллагаа, батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, зэвсэглэл, техник зэрэг чиглэлээр хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэв.
Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Бонн хотноо 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулсан Афганистаны талаарх Олон улсын бага хуралд оролцож, Афганистаны талаар бусад улс орны баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, өөрийн орны хувь оролцоог танилцуулан, сурталчлах, мөн зарим орон, байгууллагын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны явц, хөгжлийн талаар ярилцаж, санал солилцов.
Түүнчлэн тэрээр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Фуксийн урилгаар Кобленц хотноо 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хийсэн айлчлалынхаа үеэр Бундесверийн Хуурай замын цэргийн командлал, Зэвсэглэл техник, материал хангалтын төв албаар зочлов.
Батлан хамгаалахын сайдыг хүндэтгэн хүлээн авсан Бундесверийн Хуурай замын цэргийн командлагч дэслэгч генерал Карл-Хүвуртус фон Вутлер Афганистанд германы цэргийнхэнтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэл, монгол цэргийн сахилга, зохион байгуулалт, цэргийн хэргийн чадварт сэтгэл нэн өндөр байгаагаа илэрхийлж байв. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн хүчний хоорондын хамтын ажиллагаа, тухайлбал уулын явган цэргийн тусгай бэлтгэл сургуулилтыг хамтран хийх болон бусад асуудлаар санал солилцов.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.