“Эх орны төлөө” дээд шагнал гардуулав
2011.12.27

“Эх орны төлөө” дээд шагнал гардуулав

Батлан хамгаалах яамны “Эх орны төлөө”  оны дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд гардуулсан юм. Монгол Улсын зэвсэгт хүчинд онцгой гавьяа байгуулж, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд өнгөрсөн жилээс эхлэн энэхүү шагналыг гардуулдаг болсон билээ.


“Эх орны төлөө” батлан хамгаалах салбарын дээд шагналын 2011 оны эзнээр Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн Гэмтэл, бичил мэс заслын тасгийн эрхлэгч, хошууч Т.Сүхбаатар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хүний нөөцийн офицер, хошууч Г.Ялалт, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь нар тодорч, шагналаа гардлаа. МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарийг Монгол цэргийн нэр төрийг өргөхөд чухал ач холбогдол өгсөн “Тусгай салаа” телевизийн олон ангит киног бүтээлцсэний төлөө ийн тодруулсан бол Т.Сүхбаатарыг улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргаж, цэргийн 2 дугаар шатны эмнэлгийн багийн захирагчаар амжилттай ажилласных нь төлөө, Г.Ялалтыг “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Сьерра-Леон, Афганистан зэрэг улсуудад амжилттай үүрэг гүйцэтгэснийх нь төлөө шагнаж урамшуулсан байна.


Анхны “Эх орны төлөө” дээд шагналын эзнээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, дэслэгч Г.Аззаяа, БХИС-ийн ахлагчийн дамжааны багш Ш.Самбуу-Ёндон нар тодорч байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.