Д.Оюунхорол: Д.Арвин л эхэлсэн
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.12.12

Д.Оюунхорол: Д.Арвин л эхэлсэн

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ажлаа өгчихлөө. Оронд нь бүлгийн дэд дарга С.Бямбацогт томилогдлоо. Бүлгийн дэд даргын суудалд хэн байх бол?

-Одоогоор тэр асуудал яригдаагүй байна. МАН-ын боловсон хүчнээ сонгох.шалгаруулах журмын дагуу бүлгийн дэд даргыг сонгоно. Энэ зарчмаар МАН-ын бүлгийн даргаар С.Бямбацогтыг сонголоо. Намын Удирдах зөвлөлөөр тодорхой өндөр албан тушаалд ажиллах хүнийг сонгон өрсөлдөөний зарчмаар шалгаруулдаг байгаа. Энэ зарчмынхаа дагуу манай намын удирдах зөвлөл өглөө (өчигдөр) хуралдсан. Ингээд үе тэнгийн гурван залууг нэр дэвшүүлээд тэднээс хамгийн өндөр оноо авсан хоёр залуугаа намын бүлгийнхээ хурал руу оруулсан. Нууц санал хураалт явуулахад олонхийн саналыг С.Бямбацогт авсан. Манай С.Бямбацогт чадвартай, ажилсаг, зарчимч, шаргуу, хөдөлмөрч, аливаа ажилд сэтгэлээсээ ханддаг хүн. Тиймээс сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа.

-Н.Энхболд ямар шалтгаанаар бүлгийн даргын ажлаа өгөв. Өөрөө юу гэж тайлбарлаж байх юм?

-Тэрбээр бүлгийн хурал дээр “Ажлаа өөрийнхөө хүсэлтээр өгье" гэсэн. Түүний хүсэлтийн дагуу асуудлыг нь шийдвэрлэлээ. Ямар нэг тодорхой шалтгаан тайлбарлаагүй.

-МАН-ын удирдлагуудаас түүнийг өргөдлөө өг гэсэн шахалт үзүүлсэн зэрэг мэдээлэл бий...

Дарга нар болон хувь хүмүүсийн хооронд ямар асуудал болсныг би тааж мэдэхгүй.

-Н.Энхболд Увсын хоёр гишүүний асуудалд өөрийнхөө байр суурийг илэрхийлснээс ийм үйл явдал өрнөлөө гэх мэдээлэл ч байна. Тэрбээр “МАН-ын нэр хүндэд халтай байна. Энэ хоёр гишүүнийг буцаачихъя” гэсэн юм биш үү?

-Тийм асуудал огт болоогүй.

Сонгуульд дарааллан ялагдал хүлээсэн МАН-ыг М.Энхболдын толгойлдог хотын фракц яаж шинэчлэх бол. Та М.Энхболд даргаа дэмжиж байгаа юу?

Лидерийг цаг үе нь төрүүлдэг.

-Би дэмжиж байгаа. МАН-ын XXVII хурлаас 97 хувийн саналаар гарч ирсэн лидерийг бид яагаад хүлээн зөвшөөрч ажиллахгүй гэж. Лидерийг цаг үе нь төрүүлдэг. М.Энхболд дарга төрд ажиллаж болох бүхий л албан тушаалыг хашиж, шат дамжлагаар гарч ирсэн хүн.

-М.Энхболд дарга Их хурлынхаа үеэр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулна гэж амласан байсан. Үнэхээр тийм боломж байгаа юу?

-Үнэндээ хамтарсан Засаг байгуулах тухай яриагүй ээ. Ер нь эрх барьж байгаа улс төрийн том хүчинтэй хамтран ажиллана гэж байгаа. Бид тахимаа өгчихөөд сөрөг хүчин болчихлоо гээд ард түмний 40 хувийн саналыг авсан энэ том нам ард түмний төлөө хэнтэй ч зөвшилцөж, ойлголцож, хийж байгаа ажлыг нь дэмжих ёстой. Тэрнээс энэ нам голын нөгөө талд гарчихсан шүү гээд эрхэлж, гэдийгээд хэвтэж болохгүй. Эрх биш улс төрийн туршлага суусан зангаргаараа бид өнөөдөр улс төрийн соёлыг Монголын нийгэмд төлөвшүүлэхэд оролцох хэрэгтэй.

-МАН-ын бүлэг Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр 2016 он хүртэл МАН Засгийн газрыг унагах ажил хийх болов уу?

-Өнөөдөр Засгийн газар чинь дүлий байна. Эдийн засаг унаж байна. 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө 70 хувиар тасалсан Засгийн газартайгаа олонхи хариуцлага тооцох ёстой байсан. Бид ч шаардлага тавьсан. “Ажлаа муу хийсэн сайд нартайгаа, эсвэл засагтайгаа бүхэлд нь хариуцлага тооц. Бид та нарыг дэмжих болно” гэсэн.

Өнөөдөр Эдийн засаг унаснаас иргэд бухимдаж байна. Манай намынхан баруун таван аймгаар явж байхад иргэд “Тайван амьдармаар байна. Та нар ам.долларын ханшийг чангаруулаад, төгрөгийн ханшийг унагааснаар бидний амьдралаас хулгайлж байна. Та нарын бодлогын алдаанаас болж бидний амьдрал уруудаж байна, хариуцлагыг нь хэн тооцох юм бэ” гэж асууж байсан. Тэгэхээр Засгийн газартайгаа хариуцлага тооцох учиртай.

-Сэдвээсээ хазайя. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ үеэр Д.Арвин гишүүн өөрт тохиолдсон зовлонгоо гомдолтой нь аргагүй Ерөнхийлөгчид хэлсэн. Түүнийг үнэхээр хэл амаар доромжилсон юм уу. Та Д.Арвин гишүүнд юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм зүйл болоогүй ээ. Улстөрд сонгогдсон хүмүүс тухайн намын дэмжигчдийн саналыг авчихаад ингэж урвалт хийж байгааг би хувьдаа дэмждэггүй. Би Д.Арвинд “Та МАН-д гомдох эрх байхгүй. Энэ нам таныг хангалттай эрхлүүлсэн” гэсэн. Түүнийг дөрвөн удаа тойрогт нэр дэвших боломжийг олгож байсан. Д.Арвин мундагтаа УИХ-ын гишүүн болчихсон юм биш.

МАН-ын энэ том намын далбаан дор явж улстөрч болсон. Идсэн хоолныхоо тогоо руу нулимна гэдэг байж боломгүй асуудал. Би хувьдаа урвалт гэдэг мөнхийн хувиа боддог хүмүүсийн хийдэг ажил гэж боддог болохоор тэгж хэлж байгаа юм. Надад тохиолдсон шиг явдал Д.Арвин гишүүнд учирсан бол би хүлээж авах байсан. 2004 онд улс төрийн намын лидер нь яаж хүнийг шахаж болдгийг харж байхдаа би Д.Арвин шиг урвалт хийгээгүй.

Тэрээр АН руу урвасны- хаа дараа “Танай нам муухай, та нар шиг муухай хүмүүс байхгүй” гэж яриад сууж байх нь Монгол хүний жудаг мөн үү. Түүнээс айгаад бэргээд байх зүйл байхгүй. Хорхой хүртэл биед нь хүрэхээр аравганадаг ш дээ. Зүгээр байхад өдөөд байвал хариултыг нь өгнө шүү дээ. Энэ бол улстөрчдөд байдаг ердийн характер. Үүнд ердөө гайхаад байх хэрэггүй.

-Д.Арвин гишүүний хувьд нэг талаар шахагдсан байх. Гэхдээ түүний хувьд улстөрийн сонголт байсан юм биш үү?

-Түүний сонголтыг одоо бол хүндэтгэж байна. Д.Арвин гишүүнийг шахсан буландуулсан юм ерөөсөө байхгүй. Би эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувьд Д.Арвиныг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр оруулж, батлуулж байсан. Шахагдсан хүн Удирдах зөвлөлд орох бил үү.

Хуучнаар улс төрийн товчооны тийм хүнээ бид шахна гэж үү. Харин сонгуулийн хуулийн будлиантай, тойрогт нэр дэвшсэн хоёр хүн хоорондоо өрсөлдөж, зөрчил үүсдэг тоглоом тэр тойрогт нь байсан юм байлгүй дээ гэж харж байгаа. Хоорондоо маргалддаг тэр зовлон бүх хүмүүст ижил байсан шүү дээ.

Нэг тойрогт нэг намаас нэр дэвшсэн хоёр хүн хоорондоо үзээд байсан явдал бүх тойрогт байсан л юм билээ. Манай аймагт ч байсан. Гэхдээ тэрийг бид тэвчээд л даваад гарна. Тийм хэмжээний зүйлийг тэвчээд даваад гарч чадахгүй хүн яах гэж улс төрд өрсөлддөг юм.

-Та Төрийн ордны зоогийн газарт Д.Арвин гишүүн рүү дайрч давшилсан гэх юм билээ?

-Д.Арвин өөрөө УИХ-ын чуулган дээр эхлээд над руу дайрсан. Би өнөөдөр “Отгон тэнгэр” дээд сургуулийг байгуулаад 23 жил болж байна. ТҮЦ ажиллуулж үзээгүй байж байгаад тэрбумтан болчихсон хүмүүсийн дэргэд би Монгол Улсын залуусын оюуны хөрөнгө оруулалтад хангалттай хувь нэмрээ оруулсан гавьяатай гэж боддог. Тийм учраас Ерөнхийлөгч Гавьяат багш гэдэг цол өгсөн байх. Өнөөдөр хэдэн мянган оюутан залуусыг хоолонд хүргэсэн тэр эрдмийн уурхай руу маань дайрч давшлаад байгаа “ажаад” бас хариуг нь барина шүү дээ.

Энэ бол хүн ёсны асуудал байсан шүү. Би зүгээр байж байхад нь түүнд тийм хариулт өгөөгүй. УИХ-ын чуулган дээр оюутны тэтгэлгийн асуудлыг яригдахад л Д.Арвин өөрөө олон юм ярьсан. Д.Оюунхорол өөрөө тэр 70 мянгыг авч идэх гээд, Отгонтэнгэр сургуульд санхүүжилт хийлгэх гээд л байгаа юм шиг зүйл ярьсан. Би тийм санхүүжилтийн тухай яриагүй ээ. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиудын санхүүжилтийн тухай хуулийг анх Ерөнхийлөгч өргөн барьсан.

Би зургаан сар уг хуулийн ажлын хэсгийг ахалж байж батлуулсан. Тухайн үед манай нам олонхи байсан. Тэгэхэд тэр хуулийг эсэргүүцэж байсан хүн нь Д.Арвин байж. Тэрийгээ гаргаж ирж ярихдаа замбараагүй байдлаар илэрхийлж, намайг хувьдаа авах гэж байгаа юм шиг ярьсан. Оюутны 70 мянга гэдэг бол өнөөдрийн Монголын ирээдүй хойч үеийн оюуны хөрөнгө оруулалт.

-Их, дээд сургуулиудын эздийг дэмжиж байна гэж үзсэн юм биш үү?

-Оюутны дансанд орж байгаа мөнгө тэр сургуулийн захиралд ямар хамаа байна вэ. Тухайн оюутан тэр мөнгөө юундаа зарцуулах өөрийнх нь мэдэл.

-Улс төрд гарсан эмэгтэй гишүүд маань ингэж хоорондоо хагаралдаад| байхаар дараагийн улс төрд орох бүсгүйчүүдийн хувьд хаалт болох талтай...

-Д.Арвин бид хоёр улстөрд олон жил хамт явлаа.  Бидний хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн, намын нөхдүүд маань хараад ялгаж салгах байлгүй дээ. Улс төрд явж байгаа эмэгтэйчүүд хувийн эрх ашиг, биеэ цэгцтэй авч явах хэрэгтэй. Дараагийн үед эмэгтэй улстөрчдийн үүд хаалгыг тэр загвараар хааж болохгүй гэдэг байр суурьтай байдаг.

Бид улс төрд орж ирж, шийдвэр гаргах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлье л гэж байгаа юм бол эрх зүйн орчныг бий болгож, өөрсдөө загвар болох ёстой. Тэрнээс урвалт шарвалт хийгээд элдэв хор найруулгад хутгалдаад байвал бидний дараагийн улс төрд орох эмэгтэйчүүдэд маань гай болох вий мэд гэж боддог доо.

-Өнөөдрийн УИХ-ын чуулганы эхний асуудал ньР.Амаржаргал гишүүн тухай байсан. Танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Одоогоор ямар нэгэн байр суурь алга. Би хувьдаа Р.Амаржаргалыг Монголын төрд байх ёстой, Монголын томоохон улстөрчдийн нэг гэж боддог. Түүний оюуны потенциалыг монголын төр ашиглаасай. АН-д байгаа тод өнгө мөн.