Б.Гарамгайбаатарыг байнгын хорооны даргад зүтгүүлэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2013.12.25

Б.Гарамгайбаатарыг байнгын хорооны даргад зүтгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг дахин сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, байнгын хороодын дарга нарыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд, одоогийн дарга нараа улираан сонгохыг дэмжих шийдэл гаргасан юм байна.

Дээрх байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дуусган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дуусгав.

Энэ хүрээнд хэд, хэдэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд гишүүдээс дэмжлэг хүлээлээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалд элс, хайрга, дайрга зэрэг барилгын материалд түлхүү ашигладаг ордууд хамаарч байна. Тэдгээр ордыг хайх, ашиглах бол Ашигт малтмалын газарт хандан тусгай зөвшөөрлийг авсан байхаас гадна орон нутгийн ИТХ-д хандан зөвшөөрөл хүсэх ёстой. Мөн тухайн шатны ИТХ, Засаг дарга тус бүр үүрэг хүлээж байна.

Тухайлбал, дээрх чиглэлээр зөвшөөрөл авч тухайн орон нутагт хайгуул болон олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нь байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулбал түүнийг таслан зогсоох, цаг хугацаандаа татвараа төлж байгаа эсэхэд хяналт тавих, мөн тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах, үйл ажиллагаа явуулахаас нь өмнө тухайн газар нутагт палентологийн болон авран хамгаалах ажиллагаа явуулсан эсэхийг нягтлах зэрэг тодорхой үүрэг хүлээж байгаа юм. Энэ бүх заалт гишүүдээс дэмжлэг хүлээснээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.