Ц.Даваасүрэн: УИХ үлгэр жишээ хууль сахидаг байх ёстой
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ долоо хоногт Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцлүүлгийг хийнэ. Бие даагчдын зөвлөл энэ төслийг хэлэлцэх явцад хоёр зүйл дээр анхаарсан. Үр дүн гарсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн ордуудыг хувь хүн, хэсэг бүлэг нөхөд эзэмших зүйл заалт орсон байсан.
Үүнийг бид эсэргүүцэж, энэ чиглэлийн заалтыг оруулахгүй байхаар ахиц дэвшил гаргасан. Мөн хувийн хэвшилд тулгуурлан бүгдийг хувьчилна гэсэн заалт байсныг хэлэлцүүлгийн явцад унагасан. Нэг ёсондоо энэ заалтыг оруулбал "Эрдэнэт" үйлдвэргүй болно гэсэн үг. Харин яагаад бид үүн дээр эсрэг байр суурьтай байсан гэхээр хувьчлалыг эргээд харахад сайнаас гадна саар зүйлүүд байна. Үндэсний хэмжээний татварын орлого бүрдүүлж байсан компаниуд хувьчлагдсаны дараа тэр үүргээ гүйцэтгээгүй дүр төрх ажиглагдаж байгаа.
Тиймээс үндэсний хэмжээний томоохон баялгийг эзэмших тухай асуудал төр, ард түмний мэдэлд байх ёстой гэдгийг Бие даагчдын зөвлөл барьж байгаа. Дэгийн тухай хуулиудад өөрчлөлт орно. Ирц бүрдэхгүй байгаа нь УИХ-ын гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал. Түүнээс биш захиргаадалтын аргаар юм уу, хуулиа гаргаагүй байж шийднэ гэдэг нь буруу зүйл. УИХ үлгэр жишээ хууль сахидаг байх ёстой. Үлгэр жишээ ажилдаа ханддаг байх ёстой байгууллага. Тиймээс Дэгийн тухай хуулиудад гишүүдийн эрх ашгийг хөндсөн заалт байх нь буруу гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Хотод олон тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр, хөгжлийн бүтээн байгуулалт явж байгаа. Үүнтэй холбогдуулаад үр дүн гарахгүй тохиолдолд, ямар нэгэн хууль бус зүйл гарахад хариуцлага нь ямар байх вэ гэдэг асуудал бий.
Буруу шийдвэр гаргасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нугалж төлүүлнэ гэдэг нь үндсэндээ 5-6 сая төгрөг байдаг. Ийм байдлаар хариуцлага байхгүй, маш олон том бүтээн байгуулалтын шийдэл яваад байна. Тиймээс үр дүнгийн талаар нэхэл хатуутай байж, хуульд чухал ач холбогдолтой зүйл оруулна.