Цэцэд нэр дэвшигчдийн асуудлаар завсарлага авлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхээс МАН-ын бүлэг завсарлага авлаа.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон шүүгчдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд МУИС-ын Хууль зүйн сургуулийн захирал Д.Солонго, МУИС-ын Хууль зүйн сургуулийн доктор багш Ш.Цогтоо нарын нэрийг УИХ-д санал оруулахаар шийдвэрлэснийг нь Байнгын хороо ийн хэлэлцэх байсан юм.
Завсарлага авах болсон талаараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хурлын эхэнд танилцуулсан бөгөөд “Цэцэд нэр дэвшигчдийн асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцээгүй байна. Иймд судалж хэлэлцэх шаардлагатай байгаа тул гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Энэхүү хүсэлтийг нь хурал даргалагч хүлээн авснаар ирэх долоо хоногийн эхэнд Байнгын хороогоор хэлэлцэхээр болж буй аж.
Мөн өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны болоод дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулж олонхийн саналаар УИХ-д оруулан хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Хууль хяналтын байгууллагуудад томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэх зохицуулалт агуулга бүхий 7 хууль өргөн баригдаж 5 нь батлагдсан юм. Эдгээр хуулиудын хэрэгжиж эхлэх хугацаа нь 2014 оны нэгдүгээр сарын 14 тул энэхүү хугацаанаас урьтаж хийх зохицуулалтыг яаравчлах нь зүйтэй гэж хууль санаачлагч тайлбарласан байна.