Сайд нарын асуудлаар гишүүд ингэж ярив
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай асуудлаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэе.
МАН-аас эдийн засагт үүссэн хүнд нөхцөл байдлыг Сангийн сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын үйл ажиллагаатай шууд холбоотой хэмээн үзэж, өчигдөр /XII.16/ дээрхи хоёр сайдыг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм. Энэ асуудлаар өнөөдөр "Шударга ёс" эвсэл, Ардчилсан намын бүлгүүд хурал зарлаад байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хоёр сайдыг огцруулах асуудал тавьсан үндэслэлтэй танилцлаа. Ер нь бол би Засгийн газрын шүүмжилдэг. Манай нам Засгийн эрх барилцаж байгаа ч ард түмний амьдрал туйлын хүнд байна. Гэхдээ МАН-аас улстөр хийх зорилгоор энэ хоёр сайдын асуудлыг өргөн барьсан уу гэж харж байна. Засгийн газарт байгаа манай намын гишүүд далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байгаа. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Тооцохдоо эдийн засаг унасан үндэслэлтэй байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Энэ талаар мэдээллийн хэрэгслээс олж уншлаа. Хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөл хуралдаж, тодорхой байр суурь илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах талаар хоёр удаа бичиг өгсөн. Хоёр сайдыг бид нарийвчлан судлах ёстой. Энэ бол кабинетын хариуцлага байх ёстой.
Нэг сайдын хариуцлагаас болж нөхцөл байдал хүндэрсэн бол сайдад хариуцлага тооцох ёстой.
Харин Засгийн газар шийдсэн зүйл нь ард түмэнд хохирол учруулсан бол кабинетаараа хариуцлага хүлээх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
-Энэ саналыг бол ойлгож байгаа. Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа асуудал нь Засгийн газрын хийж байгаа ажлыг зогсоохыг хүсч, 2016 оны сонгуулиа харсан үйлдэл гэж харж байна.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
Тодорхой асуудлууд дээр дээрх хоёр сайдад хариуцлага тооцоё гэж манай бүлгийн гишүүд ярьж байна. Эдийн засаг, төсвийн байдал их хүндэрсэн учраас Ч.Улаан сайд, Н.Батбаяр хоёрт хариуцлага тооцох асуудлыг МАН-ын бүлэг УИХ-д өргөн барихаар шийдлээ. Төсвийн орлого тасарч, гадны хөрөнгө оруулалт буурлаа.