Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан
2013.12.11

Р.Амаржаргал: Хамгийн гол нь надад совесть байгаа учраас хүсэлт гаргасан юм

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Р.Амаржаргалын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж эхлэхэд УИХ-ын гишүүн М.Энхболд “Өнөөдөр (өчигдөр) Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр УИХ-ын гишүүний тавьсан хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж, шийдвэрлэнэ гэж найдаж байна” гээд Р.Амаржаргал гишүүнээс бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгааныг нь тодруулсан юм.

Эрхэм гишүүн үүнийг зөвхөн улс төрийн хариуцлага үүрч буй хэрэг гэж тодорхойлоод “Би АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг учраас, зөв шударга яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас, хамгийн гол нь надад совесть байгаа учраас УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Р.Амаржаргал гишүүний санал, үндэслэлд хүндэтгэлтэй хандаж байна. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, улстөрчдөд сануулга өгөх үүднээс өргөдлөө өгч байна гэж ойлгож байна. Монголд байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойш хүмүүс өргөдлөө өгөөд тухай бүрт нь шийдвэрлэж байсан. Зарим нэгийг нь чөлөөлөхгүй байх шийдвэр ч гарч л байсан. Р.Амаржаргал гишүүн ёс суртахууны хувьд олон сайхан жишиг үзүүлж байсан. 1998 онд Ерөнхий сайдаар томилогдох гэж байхад өөрийнхөө төлөө санал өгөхгүй гээд татгалзсан.

Р.Амаржаргал гишүүн өөрөө өөрийнхөө төлөө саналаа өгсөн бол 1996-2000 онд олон Засгийн газар огцрохгүй байсан.

Тэгэхэд тухайн санал хураалт нь 50:50 хувь болж тэнцсэн. Ингээд өөрөө өөрийнхөө төлөө санал өгөөгүй учраас анх удаа Ерөнхий сайд болох гэж орж ирэхдээ УИХ-аас дэмжлэг аваагүй. Үүнийг нь ёс суртахууны маш сайн үлгэр дуурайл боллоо гэж тухайн үедээ бодож байсан ч дараа нь нэг зүйлд харамссан. Тухайн үед Р.Амаржаргал гишүүн өөрөө өөрийнхөө төлөө саналаа өгсөн бол 1996-2000 онд олон Засгийн газар огцрохгүй байсан.

Магадгүй С.Зориг амиа алдахгүй байсан биз. Тэгэхээр хувь хүний хувьд ёс зүйн шийдвэрийг харахаас илүүтэй улс орны хөгжлийн чиг хандлагын үүднээс бодож үзэх ёстой. Энэ удаа хувь хүнийх нь хувьд асуудалд хүндэтгэлтай хандаж байна. Гэхдээ улстөрч болсон хүн өөрөө өөртөө харьяалагддаггүй. Ард түмэн, тодорхой намд харьяалагдаж, улстөрд орж ирдэг учраас зарим нэг шийдвэрийн хувьд зөвхөн хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргаж болохгүй. УИХ-д шүүмжилж чаддаг хүн байх ёстой. Тиймээс чөлөөлөх хүсэлтийн эсрэг санал өгнө хэмээв.

УИХ-ын гишүүн Г.Батхүү:

-Р.Амаржаргал бол Монголын улс төрд чухал үйл хэргийг эхлүүлж, идэвхтэй явж байгаа хүн. Монгол Улсад болж бүтэхгүй зүйл олон байна. Үүнийг засаж, залруулья гэж байгаа бол Р.Амаржаргал гишүүнийг энд байлгаж, хамтарч, дэмжиж ажиллах ёстой. Ер нь бол болохгүй зүйл олон байна. Улс төрийн нам, аль нэг фракцын эрх ашгаас илүү дээгүүр үзэх ёстой олон зүйл бий.

Монголын төрд ажил хийх боломжгүй, хэн нэгэн хүний эрх ашигт нийцэхгүй бол олон аргаар зогсоох, ухраах үйл ажиллагааг хийдэг байдал бий болсныг хэлье. Энэ асуудал Р.Амаржаргал гишүүний өргөдлөө өгсөн шалтгааны нэг гэж бодож байна. Тэгэхээр бид өнөөдөр үүнээс ухарвал өөр хийх хүн олдохгүй. Ард түмний сонголтоос ухрах эрх танд байхгүй гэв.

Ингээд санал хураалт явуулахад 12 гишүүний долоо нь Р.Амаржаргалын гишүүнээс чөлөөлөгдөхийг дэмжээгүй юм. Маргааш эл асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ.