"Шударга ёс" эвсэл Мөрдөх албаны тухай хуулийн талаар мэдээлэл сонсчээ
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдаж, Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва нарын мэдээллийг сонсчээ.
Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан хэмээн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийн эхэнд онцолсон юм. Уг хуультай холбоотойгоор Улсын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудаас энэ хуулийн төсөлтэй холбогдуулж санал авсан байна. Мөрдөх албаны тухай хуулийг Л.Цог ахалж байгаа гэнэ.
УИХ-д Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Шадар сайд Д.Тэрбишдагвын мэдээллийг сонссон гэнэ. Шадар сайд өнгөрөгч баасан гаригт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргахаар болсны хүрээнд энэ хуулийн төслийг өргөн бариад байсан.
Үүнтэй холбоотойгоор эвслийн бүлэг Шадар сайдаас болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг байлцуулан хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авсан гэв. Сүүлийн үед яригдах болсон Улс төрийн намуудын тухай хуульд эвслийн бүлгээс ямар байр суурьтай оролцох талаар ч мэдээлэл авсан юм байна.