Мөрдөх албаны тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай
МҮОНТВ-ийн “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийн зочдоос УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Ганбат нарын байр суурийг хүргэж байна. Нэвтрүүлгээр Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадавхиа сайжруулах үүрэг хариуцлагаа иргэнийхээ өмнө ямар ямар хуулиар, дэлхий нийтийн өмнө ямар ямар дүрэм журмын хүрээнд хүлээдэг вэ?
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил боллоо. Ард иргэд маань гадаадын хүссэн улс орондоо чөлөөтэй явж, худалдаа эрхэлж байгаа. Гадаадын иргэд бас монгол улсад хөрөнгө оруулж, жуулчилж, харилцан бие биедээ ирж очиж байна. Монгол улсын эдийн засаг өдрөөс өдөрт, жилээс жилд өсч, тэлж байна.
Энэ хэрээр шинэ төрлийн, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэргүүд сүүлийн үед өсөх болсон. Гэхдээ зөвхөн монголд биш дэлхий нийтээрээ өсч буй хандлага. Ийм төрлийн гэмт хэргүүдэд хүний наймаа, хар тамхины хэрэг, терроризмын хэргүүд, албан тушаалтны гэмт хэргүүд гэх мэт ордог.
Энэ гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд дэлхий нийтээр тусгайлсан байгууллага байгуулан, тус байгууллагаараа дамжуулан ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.
Монгол улс дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хууль гаргах зайлшгүй шаардлага гарсан. Мөрдөх албаны хууль УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. УИХ-ын даргын захирамжаар нилээн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
-Сүүлийн үед манай нийгэмд сонсогдох болсон аюултай, янз бүрийн зохион байгуулалттай гэмт хэргүүд үндэсний аюулгүй байдалд заналхийлж магадгүй гэдэг үүднээс энэ хуулийг санаачилсан байх. Нууц биш бол хуулийн санаачлагч нь ямар хүмүүс байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрдөх алба ба тусгайлсан чиг үүрэгтэй зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх алба байгуулна гэж бий. Түүнээс гадна хууль зүйн салбарын хүрээнд томоохон шинэчлэлүүд явагдаж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас, Засгийн газраас өргөн баригдсан хуулийн төсөл.
-Энэ хуулийг гаргах цаг нь болсон гэж үзэж байна уу?
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Өнөөдрийн цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц төдийлөн оновчтой биш байна. Хууль зүйн яам, Засгийн газраас ч тэгж үзэж, олон нийт ч тэгж харж байгаа. Нөгөө талаараа өнөөдөр, маргааш гарах гэмт хэрэгтэй өчигдрийн хуучин арга барилаар тэмцэхэд төдийлөн үр дүнтэй биш. Хэдэн жилийн өмнө хар тамхины гэмт хэрэг гэж байхгүй байлаа.
Манай улс хэдэн жилийн өмнө хар тамхийг тээвэрлэгч орон гэдэг байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэдэг хүмүүс бий болсон.
Манай улс хэдэн жилийн өмнө хар тамхийг тээвэрлэгч орон гэдэг байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэдэг хүмүүс бий болсон. Ард иргэд маань хар тамхи тээвэрлэгчдийн золиос, тэдний нэг хэсэг нь болж, олон газар хоригдсон. Гэтэл манайд үр ашигтай тэмцэх нэгж нь алга.
Мөн сүүлийн 20-иод жил зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор мөнгө угаах гэмт хэрэг, албан тушаалын, авлигын гэмт хэргүүдтэй тэмцэх арга барилтай болоогүй. Түүнчлэн хүний наймаа, биеэ үнэлэх, хүний эд эрхтнийг худалдах гэх мэт хуучин байгаагүй гэмт хэргүүд гарч байна.
Үүнтэй үр ашигтай тэмцэхийн тулд Мөрдөх албаны тухай хуулийг яаралтай баталж, мөрдөх албаны бүтцийг байгуулан ажилд нь оруулах шаардлагатай. Энэ хууль нийгэмд хүлээлттэй байдалтай байна. Намрын чуулганаар биш юмаа гэхэд хаврын чуулганаар гаргах байх.
Нэвтрүүлгийн сэдэвтэй холбогдуулан үзэгчдийн асуултад хариулт өглөө.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү...