2013.12.16

УИХ-ын гишүүдийн ирцийг хурууных нь хээгээр бүртгэнэ

УИХ-ын гишүүд чуулгандаа суухаа больсон нь бараг хэвшил болчихоод байна. Төсөв батлагдсанаас  хойш гишүүдийн ирц мэдэгдэхүйц мууджээ. Баасан гараг бүр “Засгийн газрын цаг”-т оролцдог гишүүдийн тоо эрс цөөрчихөөд байна.

УИХ-ын гишүүд сайдын алба давхар хашдаг учраас ардчилсан намын ирц тааруу байдаг боллоо. Хүч түрэн шийдвэр гаргах болвол бүгд үүрэг даалгавар аваад хуралдаа суудаг. Гэтэл хуулийн төсөл хэлэлцэх явцад бараа нь харагддагүй УИХ-ын гишүүн, сайд нар цөөнгүй байна. Мөн өөрийнхөө өмнөөс хэн нэгнээр санал өгүүлдэг явдал ч байна. Тиймээс УИХ-ын дарга энэ асуудлыг шийдэхээр нэгэн төсөл хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Аргаа барсандаа хурууных нь хээгээр санал бүртгэдэг болж байна. Үүнийг МАН-ын бүлэг сайшаан хүлээн авч байна. Олонхи болж засаг барьж байж ирцээ бүрдүүлээч, чуулган болон байнгын хороодынхоо хуралд ирж байгаач гэж бид шаардсаны эцэст ийм хуулийн төсөл өргөн барьсан юм.

УИХ-ын даргын хэлснээр зөвхөн чуулганд ч биш, байнгын хороодын хуралд гишүүдийн хурууны хээг бүртгэх юм байна. Ийм шинэ ажил гарсан учир төрийн ордонд нэг, хоёр өдөртөө засвар үйлчилгээний ажил үргэлжлэх юм байна.