С.Бямбацогт: Төрийн сайд хууль зөрчиж таарахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Дээрх асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрээр “Уул уурхайн томоохон бүтээн байгуулалтууд зогслоо. Хөрөнгө оруулагчид Монголыг орхиж явлаа. Олон арван компани үүд хаалгаа барьж, ажилтнуудаа цомхотголоо. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдлаа. Эдийн засаг, бизнесийн халгаатай, тогтворгүй орчноос болж хувийн хэвшлүүд дампуурлаа зарлаж эхэллээ.
2012 онд 86, 2013 онд 301 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож татан буугдлаа. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны арваннэгдүгээр сарын эцэст 572.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу хоёр дахин өслөө. Вальютын нөөц 21.8 хувиар буурлаа. Олон улсын төвшинд Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, өрсөлдөх чадварын индекс 14 байраар ухарлаа. Бизнесийн орчноор бас л хойшиллоо. Даяаршсан өрсөлдөөнд бид даруулж хоцорч байна.
Монгол Улсын өрийн хэмжээ 8.4 их наяд төгрөгт хүрлээ. Төсвөөс гадуур зарцуулсан бонд, Хөгжлийн банкны зээл зэрэг нь ДНБ-ний 63.5 хувьтай тэнцэж үндэсний эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тооцоолж байгаагаар бол “өнгөрсөн жил монгол хүн бүр 863 мянган төгрөгийн өр төллөө”.
Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах нэрээр 3 их наяд төгрөгийг 00-ийн цаас шиг хэвлэж тараалаа. Үр дүнд нь бараа бүтээгдэхүүний үнэ 23-30 хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар эрс буурлаа. Монгол төгрөгийн ханш унаж, валютын ханш 29-35 хувиар өслөө.
Тиймээс олон улсын "Блүүмберг" агентлагаас энэ онд ханш нь хамгийн их унасан мөнгөн дэвсгэртээр Монгол Улсын төгрөгийг нэрлэж дэлхий дахинд зарлалаа. Монголынхоо мөнгөн дэвсгэртийг ингэж анх удаагаа сульдан доройтохыг та бид бүгдээрээ харлаа. 2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол энэ онд 11 хувь болж буурлаа. 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 3459 ам.доллар байсан. 2012 онд 3342 ам.доллар, 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2800 орчим ам.доллар болж буурлаа.
Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засаг уруудсан доройтсон, дампуурсан, буурсан, хойшилсон, ухарсан гэдэг хэдхэн үгээр илэрхийлэгдэх боллоо. Гэхдээ өссөн, нэмэгдсэн зүйл бас байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гурилын үнэ 20 хувиар, "Атар" талх 27 хувиар, цагаан будаа 30 хувиар, сүү 27 хувиар, тараг 25 хувиар, өндөг 70 хувиар, орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өслөө. Эдгээр тоо баримт бол эрх баригчдын ард түмэндээ барьж байгаа энэ оны “бэлэг” юм...
УИХ-ын гишүүн Д.Ганбат
Сайд Ч.Улаан, сайд Н.Батбаяр нар улс орны төсөв санхүү, эдийн засгийн амин чухал асуудлыг хариуцан ажиллахдаа дээрх нөхцөл байдлыг бий болгосноос гадна Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг унагаасан тул улс төрийн соёл, төрийн сайдын ёс зүйг бодож хариуцлагагүй үйлдэл, бодлогогүй шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”. Жирийн иргэд хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээдэг байтал төрийн сайд нь хуулиа зөрчөөд сууж байж таарахгүй. Бид хуулиа хэрэгжүүлдэггүй, хуулийг мөрддөггүй, хуулийг биелүүлдэггүй сайдуудтай хариуцлага ярьсаар байх болно” гэлээ.
Үүний дараа гишүүд сайд нарт хандан асуулт тавилаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Орон нутагт ажиллалаа, асуудал их байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тал байна. Гэхдээ цөөнхийн бүлгээс тавьж байгаа асуудал нь цаг үеэ олсон уу. 1996-2000 онд бид олон Засаг огцруулж байсан, гэвч өөрсдөө л хохирсон. Эдийн засагт энэ улстөржилт ямархуу нөлөө үзүүлж байгаа бол. Сангийн сайд хариулт өгнө үү?
Сангийн сайд Ч.Улаан:
-Засгийн газар нь УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн санхүүжилт босгох чиглэлээр ажиллаж байгаа. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц бонд босгож, ажилласан. Одоо бид хөгжлийн эх үүсвэр босгох зорилгоор Японы талтай хамтран ажиллаж байна, дотоодынх нь иенээр борлогдоно. Маргааш буюу 25-нд арилжаа явагдана. Гэхдээ манайд бий болсон улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор багагүй өөрчлөлт орлоо. Олон улсын зах зээл дээр ажиллахад дотоодын улс төр, эдийн засгийн байдал маш их нөлөөлж байна.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
УИХ-ын гишүүн М.Энхболд
-Хоёр сайдыг огцруулахтай холботойгоор Японы талын нөхцөл байдал өөрчлөгдөж Самурай бондод нөлөө үзүүлж байна гэх. Та бүхэн бондынхоо нөхцлийг нь ойлголгүйгээр худалдаа хийх ажиллагаанд оролцчихсон юм биш үү. Олон улсын нөхцөлд үйлчилгээ өндөртэй, улс орондоо үлдэх мөнгө нь их. Нэг орны хараат байдлаар явагддаг юм байна. Маргаашийн арилжаа наймаанаасаа татгалзаач ээ, Монгол орноо бодооч ээ. Өр 12 сарын дотор хоёр дахин өсчихлөө?
Сангийн сайд Ч.Улаан:
-Иений бондын нөхцөлийг анхнаасаа судалж дүгнэлт хийж хандсан. Богинохон хугацаанд өөрчлөлт орж байгаа, энэ нь өнгөрсөн даваа гаригаас үүдэлтэй улстөрийн нөхцөл байдалтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 25-ний арилжааг зогсоох аргагүй.
Шинээр босгох эх үүсвэрийг аж үйлдвэржилтийн эх үүсвэрт зарцуулна гэж тодорхойлсон байгаа. Засгийн газрын төвшинд бондыг яриад “Үйлдвэржүүлэлтийн бонд” гэж нэрлэе гэж шийдсэн. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор арилжааны болон бусад нөхцөлтэй эх үүсвэрийг олон улсын зах зээлээс татах бололцоог хослуулан хэрэглэж байна.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Хоёр сайд ямархуу чадамжтай эдийн засаг хүлээж авсан гэж бодож байгаа вэ?
Сангийн сайд Ч.Улаан:
Сангийн сайд Ч.Улаан
-Ямар эдийн засгийг хүлээж авсан бэ гэхээр хэрэглээг хөөрөгдсөн, нийгмийн халамжид зориулагдсан эдийн засгийг хүлээж авсан. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих анхаарал сул байсан. Тийм учраас эдийн засгийн өндөр өгөөж яагаад нийгэмд мэдэгдэхгүй байна вэ гэдэг нь үүнтэй холбоотой.
Эрэлтийг хязгаарлаж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар бүтээн байгуулалтыг хийсэн. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлоход цаашдаа анхаарна. Ингэснээр зөв гольдролд орно. Бүтээн байгуулалтын ажлын эх үүсвэрийг Чингис бондоор хангасан. Орж ирээгүй бол төлбөрийн баланс хяналтаас гарч, валютын ханшийг алдах байсан.