Ц.Оюундарь: Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргах эрхгүй
УИХ-ын гишүүн асан А.Муратаар ахлуулсан жигүүрийнхэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулахыг намынхаа удирдлагуудаас шаардаж байгаа.
Тэгвэл тус намын Үндэсний зөвлөлдөх хороо хэзээ хуралдах болон ямар асуудлын талаар хэлэлцэхийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас тодруулсан юм.
-Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах тов гарсан уу?
-Намын дүрмээр бол Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах товыг намын дарга зарладаг. Хэрэг эрхлэх газрын зүгээс Үндэсний зөвлөлдөх хорооны хэлэлцэх асуудлыг бэлтгэчихсэн байгаа.
-ҮЗХ-гоор ямар асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэсэн бэ. Хэлэлцэх асуудлууд дунд Р.Амаржаргал гишүүний асуудал байгаа юу?
-УИХ-ын гишүүн Р. Амаржаргалын асуудал ҮЗХ-той ямар ч хамаагүй. УИХ-ын гишүүний асуудлыг УИХ дахь намын бүлгээр ярих учиртай. ҮЗХ-гоор жигүүрийнхний тавиад байгаа шаардлагыг хэлэлцэнэ.
Тодруулбал жигүүрийн зүгээс ротацийн сонгуулийг байхгүй болгосныг буцаах ёстой. Мөн улс төрийн албан тушаалтнуудад ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг журамтай болох хэрэгтэй гэсэн. Бид үүний дагуу журам, төсөл боловсруулчихсан байгаа.
-Та Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Р.Амаржаргал гишүүний шийдвэрийг хэрхэн харж байгаа вэ?
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэдэн зуун мянган сонгогчийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сууж байгаа ардчиллын төлөөлөгч шүү дээ. Энэ хүн хувь хүнийхээ үүднээс шийдвэр гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл Р.Амаржаргал гишүүн аль хэдийнэ хувь хүн байхаа больсон.
Гэхдээ түүнд зайлшгүй ийм шийдвэр гаргах шалтгаан байвал УИХ хүлээж авах байх. Түүнээс биш дургүйгээ хүрэхээрээ ч юм уу, аль эсвэл тэмцэлд няцаад ингэж байгаа бол УИХ хүлээж авахгүй байх гэж бодож байна. УИХ-ын гишүүд шийдвэр гаргахдаа сонгогчдын эрх ашгийг бодож байж дараагийн үйлдлээ хийх ёстой.
-Та жигүүрийнхний байр суурийг юу гэж бодож байгаа вэ. Тэд “Намын дүрэм бүхэлдээ царцанги байдалд орчихлоо” гээд байгаа?
-Жигүүрийнхэн “Намыг эрүүл байлгадаг ганц зүйл ротаци байдаг. Үүнийг зогсоосон нь намыг унтаа байдалд орууллаа” гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнийг намын дүрэмд оруулахыг ҮЗХ- ны хурал шийднэ. Түүнээс биш одоогийн намын удирдлагуудтай ямар ч хамаагүй.
УИХ-ын гишүүд шийдвэр гаргахдаа сонгогчдын эрх ашгийг бодож байж дараагийн үйлдлээ хийх ёстой.
Өөрөөр хэлбэл 2011 онд ҮЗХ энэ өөрчлөлтийг хийсэн учраас ҮЗХ л намын дүрэмд өөрчлөлт оруулах учиртай. Хэрэв ҮЗХ хуралдаад ротацийг зогсоосон нь зөв шийдвэр байсан. Үүнийг өөрчлөх шаардлагагүй гэвэл ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ нь ҮЗХ-ны бүрэн эрхийн асуудал юм.
-Увс аймаг дахь Ардчилсан намын гишүүд намын хурлаа хийж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн байна. Мөн та СЕХ-ныхонтой уулзаж, Увсын асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан. Энэ юу болсон бэ. СЕХ-ныхонтой уулзсан уу?
-Увс аймгийн асуудал маш тодорхой. Сонгуулийн хуульд заасан тодорхой заалтууд зөрчигдсөн. Нэр дэвшигч өөрөө болон бусдаар дамжуулан мөнгө, эд зүйл тараах юм бол Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Энэ зөрчил нь УИХ-ын гишүүн болсны дараа шүүхээр тогтоогдсон бол УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгоно гэсэн заалт байгаа.
Шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад СЕХ ямар нэгэн алхам хийхгүй удаад байгаа учраас манай намын зүгээс “Энэ асуудлыг хэлэлцээч ээ” гэсэн өргөдлийг хүргүүлсэн. Өргөдлийг СЕХ 30 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргах ёстой.
-СЕХ-нд хэзээ өргөдлөө өгсөн бэ. Хариу өгөх эцсийн хугацаа нь хэзээ вэ?
-Бид өргөдлөө энэ сарын 8-нд өгсөн.