2011.04.25

Л.Болд: Энхийг сахиулагчдын шилдгүүд бол энэ цагийн Дандар баатарууд

 


УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа.

-УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Танай яамны ажилд ч үнэлэлт, дүгнэлт өгч байгаа. Хэрэв сайд таныг салбарынхаа ажлыг өөрөө дүгнээч гэвэл ямар дүн тавих вэ?

-Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг удирдаж байгаагийн хувьд ажил төрөл маань ямархуу түвшинд байгаа талаар өөрийн үнэлэлт дүгнэлт мэдээж надад бий  л дээ. Гэхдээ өөрөө толгойлдог салбартаа дүн тавих нь хаашаа юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор энэ хавраас эхлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг парламентаар хэлэлцэж байгаа нь зөв зүйтэй, ажил хэрэгт тустай хэлэлцүүлэг болж байна гэж ойлгож байгаа. Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Засгийн газрын хөтөлбөрийн манайтай холбоотой хэрэгжилтийг хэд хоногийн өмнө авч хэлэлцсэн. Ойрын өдрүүдэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дүгнэж, цэгнэж ярих байх. Байнгын хорооны болон намын бүлгүүдийн хурал дээр гишүүд санаа авмаар цөөнгүй зүйл ярьж байна лээ. Тэр бүхнийг цаашид ажилдаа тусгаж ажиллана. Чухамдаа бидний ажилд бодит дүнг Их Хурлын гишүүд л тавьж таарна. Түүнээс гадна иргэд сонгогчдын хатуу шалгуур бий. Таны асуултын хариулт болгож хэлэхэд манай яамныхан Их Хуралд гаргаж өгсөн танилцуулгадаа Засгийн газрын 4 жилийн хөтөлбөрт тусгагдсан манайтай холбоотой заалтуудын хэрэгжилтийг 2010 оны байдлаар 66.5 хувь гэж дүгнэсэн байна лээ. Сайдын хувьд ч би иймэрхүү багцаатай байгаа болов уу гэж бодож байна.  2010 оны ажлын үр дүнгээр яамдыг Засгийн газрын ХЭГ-аас шалгаруулсан байна лээ. Үүгээр манай яам нэгдүгээрт орсон. Ер нь батлан хамгаалахын ажил үйлс өөдрөг талдаа байгаа гэж хэлж болох байх. Батлан хамгаалахын шинэчлэл өнгөрсөн 3 жилд гайгүй хийгдсэн гэж үздэг. Энэ жилийг шинэчлэлийн шийдвэрлэх жил болгож зарлаад том том зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллацгааж байна.

-Ерөнхий зүйл яривал бүх л яамдад хийсэн бүтээсэн зүйл байгаа. Тиймээс танай яамнаас хамгийн сайн хэрэгжүүлсэн, хэрэгжихэд хамгийн төвөгтэй байгаа хоёр асуудлыг онцолж ярилцвал ямар вэ?

-Тэгье. Засгийн газрын хөтөлбөрийн 5.2.2-т заасан “НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх” зорилт өнгөрсөн хугацаанд хамгийн амжилттай хэрэгжиж байгаа гэж үзэж байна. Яг он, сараар яривал ийм ажиллагаанд оролцогсдын тоо ихээхэн хэлбэлздэг. Жишээ нь, 2010 онд манай энхийг сахиулагчид Чадад анх удаа бүтэн сектор хариуцан үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын цэргийн хүчнийг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулсан.

Энэ үед нэг ээлжинд бид 264 цэрэг дайчдаа Африк тив рүү илгээж байлаа. Гэтэл манайхаас биш, НҮБ, Чадын Засгийн газрын харилцан үл ойлголцлоос хамаараад Чад дахь энэ ажиллагаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон. Ингэхээр нэг ээлжинд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж байгаа дайчдын тоо цөөрчихөж байгаа юм. Гэвч амьдрал баян. Чад, Сьерра-Леонд манай ажиллагаа дуусч байхад Суданд Монголын зэвсэгт хүчин анх удаа цэргийн хээрийн 2-р шатны эмнэлгээ дэлгэж байх жишээтэй. 2-р шатны эмнэлэг гэдэг маань ажиллагааны бүсэд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, цэргийн багт мэс засал, сэхээн амьдруулах зэрэг нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг нэг ёсны томоохон клиникүүдтэй ижил зиндааны эмнэлэг байдаг.

Манай эмч, сувилагчид АНУ-аас тусламжаар ирсэн хэдэн сая долларын өртөгтэй тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслээ дэлгэчихээд алс Африкт олон улсын энхийг сахиулагчдын эрүүл мэндийг хамгаалж байна гэсэн үг. Афганистанд бид саяхан нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургагч багш нараа илгээлээ. Бүр 2003 оноос Монголын зэвсэгт хүчин их бууны сургагч багш нараа тийш нь явуулж Афганистаны үндэсний армийн офицер, ахлагч нарыг хэдэн мянгаар нь их буучин болгож бэлтгэсэн. Тэгвэл одоо нисдэг тэрэгний нарийн ширийн зүйлд афган нөхдөө сургаж байна. Ингэхээр манай энхийг сахиулагчид  жилээс жилд чадваржиж байгаа нь гарцаагүй биз.

Манай 2300 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид Сьерра-Леоны тусгай шүүхийн аюулгүй байдлыг 5 жилийн хугацаанд найдвартай хамгаалж сая энэ үүргээ дуусгалаа. Энэхүү ажиллагаа дууссантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энэ 3-р сарын 3-ны өдөр гаргасан 1971 дүгээр тогтоолд Монголын цэргийн багт тусгайлан баяр хүргэсэн байна лээ. Үе залгамжилсан цэргийн алба хаагчид гэдэгчлэн манай зэвсэгт хүчинд ажиллагаа дамжсан туршлагатай, хал үзсэн энхийг сахиулагчдын бүхэл бүтэн үе бойжиж байна. Зэвсэгт хүчний 311-р ангийн захирагчийн орлогч дэд хурандаа Б.Баатар, 330-р ангийн захирагчийн 1-р орлогч дэд хурандаа Б.Эрдэнэбат, Батлан хамгаалахын их сургуулийн тэнхмийн дарга дэд хурандаа Ц.Гандорж, 150-р ангийн ротын ахлагч ахлах ахлагч Т.Энхбаатар, Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийн ахлах багш хошууч А.Балжинням нар хамгийн олон удаа буюу тус бүр 5 удаа үүрэг гүйцэтгэн Ирак, Косово, Сьерра-Леон, Чад улс дахь энхийг сахиулах ажиллагааны анхдагчид гэж зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Би тэднээрээ бахархдаг.



Монголын Батлан хамгаалахын сайдын хувьд анх удаа Пентагонд албан ёсоор 3-р сард айлчлахдаа, Португалийн Лисбонд улсынхаа Ерөнхийлөгчийн хамт НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохдоо, дөнгөж сая Сөүлд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жиний урилгаар айлчилж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийхдээ ч Монголынхоо эгэл бор цэргүүдийн ачаар энэ бүх урилгыг хүлээн авч, үүний үр дүнд манай салбарын шинэчлэл урагшилж байна гэдгийг юун түрүүнд мэдэрч байснаа хэлье гэж бодож байна.

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралт гээд хүнд хэцүү сорилтуудыг  манай зэвсэгт хүчний алдар гавьяат ахмадууд нэр төртэй даван туулсан. Тэдний залгамж халаа шинэ цагийнхан энэ үеийн зэвсэгт хүчний дүр төрхийг тодорхойлж байна гэж би итгэлтэй хэлнэ. Чухамдаа манай энхийг сахиулагчдын шилдгүүд бол орчин цагийн Дандар баатрууд гэж би бас хэлнэ.

-Та дандаа гэгээлэг зүйл ярилаа. Энхийг сахиулахтай холбоотой бүх юм ногоон гэрлээр бүтэж байгаа гэсэн үг үү?

-Яаж тийм юм байхав дээ. Харин ч хамгийн их эсэргүүцэл дунд хамгийн их амжилт олж байгаа ажиллагаа бол энхийг сахиулах гэж би ойлгодог. Бодлогын түвшинд бол энхийг сахиулахыг эсэргүүцээд болиулъя гээд байгаа зохион байгуулалттай хүч үгүй. Төр засгийн түвшинд сайн дэмжлэгтэй байгаа. Хууль нь өнгөрсөн онд шинэчлэгдэж сайжирсан. Харин зарим улс төрчид эргэлзээ байдаг. Байж ч болно. Тэд юу гэдэг вэ гэвэл Л.Болд хэдэн цэргүүдээ Африк явуулчихаад энд бэлэн байдал алдагдуулж байна гэдэг. Хуулиар Монголын зэвсэгт хүчин эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах үндсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд цаг ямагт бэлэн байхын тулд манай зэвсэгт хүчний ангиуд, цэрэг дайчид байнгын бэлтгэл сургууль хийж байх ёстой л доо. Манайхан зохих хэмжээнд хийж дадсан. Гэхдээ галт хэрэгсэл, сум, нөөц хэрэгслээс авахуулаад дутагдаж гачигдах юм зөндөө. Тиймээс байнгын бэлэн байдал гэдэг яг үнэндээ асуудалтай тулгардаг. Энэ байдлыг гэтлэхэд тус болж Монголын зэвсэгт хүчний байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангахад онцгой хувь нэмэр оруулж байгаа ажиллагаа бол энхийг сахиулах. Тиймээс энд бодлогын түвшинд ч, үйл ажиллагааны хувьд ч ямар ч ухралт байх ёсгүй гэж би хатуу боддог. Түүний төлөө ч болохгүйгээс болохыг нь хүртэл зүтгэж байгаа.

Энэ оны эхээр Монголын зэвсэгт хүчин НҮБ-аас Зааны ясан эрэг улсад хэрэгжүүлж байгаа энхийг сахиулах ажиллагаанд батальоны хэмжээний бүрэлдэхүүнтэй оролцох урилга хүлээн авсан. Энэ бол манайханд том шанс байсан. Чад, Сьерра-Леоны ажиллагаа дуусгавар болсноос тэр. Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд түвшинд манай оролцоог дэмжсэн л дээ. Харин түүнээс доогуур ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаа алдсанаас болж бид энэ ажиллагааг хэрэг дээрээ алдахад тулаад байна. Би үүнд маш харамсаж байгаа. Хэрэв манайхан энэ ажиллагаанд батальон оролцуулж чадсан бол энэ жилдээ гэхэд Зэвсэгт хүчний хөгжлийн санд 10 тэрбум төгрөг НҮБ-ын нөхөн төлбөрөөр орох байлаа. Үүгээр бид энэ жилдээ багтаж барихаар төлөвлөсөн 300 айлын сууцаа өлхөн санхүүжүүлэх байсан. Манай цэргийнхэн чинь насаараа ангиас анги, аймгаас аймаг, сумаас сумдын хооронд нүүдэллэж явдаг улс. Сонголтоороо биш тушаалаар шүү дээ. Насны эцэст орон байр ч үгүй үлддэг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлтийг батлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэх бололцоо гарч байгаа ч төсөв мөнгө хомсдолтой хэвээр л байна. Чухам ийм л зорилгод тэр 10 тэрбум төгрөг зарцуулагдах байсан юм.

Энхийг сахиулахыг ил далд эсэргүүцэгчдийн өөр нэг гаргаж ирдэг үндэслэл нь эрсдэл. Л.Болд хэдэн цэргээ мөнгөний төлөө дайн байлдаантай газар руу явуулж байна. Одоо болно, үүгээр хязгаарлая, бүр зогсооё гэцгээдэг. Зогсоож болно л доо. Гэхдээ үүнээс цэрэг дайчид маань лав хожихгүй. Монголын зэвсэгт хүчин хожихгүй. Үүнийг би баттай хэлнэ. Мэдээж Афганистанд явах амралтад очиж байгаатай адилгүй. Би нэг удаа цэргүүдээ Афганд газар дээр нь очиж эргэсэн. Манай төлөөлөгчдийг очихоос өмнө зарим орны сайд, дэд сайдад халдсан учир хамгаалалтын өндөр зэрэглэлд биднийг авсан. Намайг 3 сэтгүүлч дагалдан явсан.  Сэтгүүлчид, цэргийнхэн бид бүгд хамгаалалтын хантааз зэргийг оролцуулаад 17 кг жинтэй тээш биедээ авч явдаг байлаа. Амьд үлдэхийн баталгааны тулд шүү дээ. Тэгэхээр ямар ч ажиллагаа эрсдэлтэй гэдгийг бүх түвшиндээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Бид яаман дээрээ ярьж байгаад “Монгол цэргүүд Иракт” баримтат кино бүтээлгэсэн юм. Тэнд 5 жилийн турш манай 10 ээлжийн 2000 орчим дайчин Иракт байнгын халдлага дайралтад өртөж байсныг үнэн мөнөөр нь үзүүлсэн. Үүнээс ард иргэд маань, тэр тусмаа хүүгээ, охиноо энхийг сахиулахаар явуулж байгаа цэргүүдийн маань ар гэрийнхэн ямар хүнд хэцүү нөхцөлд монгол цэргүүд үүрэг гүйцэтгэдэг гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон байх.

Нөгөөтэйгүүр монгол хүний аз, хийморь лундаанд, монгол цэргийн сүр хүчинд бид итгэдэг. Бурхан харж үзсэн юм байлгүй. Өнөөдрийг хүртэл ямар нэг том эрсдэл хүлээгээгүй байна. Гэхдээ огт хохиролгүй өнгөрсөн гэвэл  худал. Энэ дашрамд эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлж, энхийг сахиулах ариун үйлсийн төлөө амиа алдсан хурандаа Д.Нарантулга, гэрээт цэрэг Б.Мөнгөншагай нартаа, тэдний гэр бүлд гүн хүндэтгэлээ илэрхийлье гэж бодож байна. Тэд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч эх орны эрэлхэг хөвгүүд байсныг нь салбарынхан нь өнөө хэр дурссаар л байдаг.

Сүүлийн үед зарим хэвлэлээр цухалзуулах болсон нэг таагүй хандлагын талаар хэдэн үг хэлье. Саявтар интернетийн нэгэн сайтад Сьерра-Леонд мэндэлсэн хар хүү энхийг сахиулагч эцгээ Монголоос хайж байна гэх утгатай мэдээлэл цацагдаж, түүнийг нь зарим хэвлэл шүүрч аван болсон явдал мэтээр хэсэг  шуугилаа. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ийм утгатай захидал занаа хаанаас ч ирээгүйг манай албаныхан нотолж байна лээ. Өнгөцхөн харахад ердийн нэг мэдээлэл гэмээр, лавшруулаад үзвэл цаанаа илт өөр зорилготой нь ойлгогдож байсан. Үүний өмнө ер нь цэргийнхэн, ялангуяа Африкт явж байгаа нь ДОХ, бусад халдварт өвчнөөр өвдсөн байх вий, үзлэг шинжилгээнд хамруулъя гэх яриаг хэвлэлийнхэн төдийгүй төрийн байгууллагын зарим ажилтан ч санаатай санамсаргүйгээр гаргаж байсан. Ингэж нэг хэсэг шуугиснаа Сьерра-Леоны зохиомол захиа болоод даамжраад гараад ирж байгаа юм. Энэ нь гэм биш зан. Манай салбарыг бүр шефэлж аваад өө л олдвол худал голдуу байнга шүүмжилж байдаг өдөр тутмын сонин байх. Зарим улс төрчид энэ сонины ард Монгол ардын намын том зүтгэлтэн байдаг гэлцдэг. Хамтарсан засагт сайд хийж байгаа болохоор өөр намын том зүтгэлтэн үүнийг зохион байгуулаад байгаа гэдэгт би итгэдэггүй. Нэг удаа энэ сонин намайг нисдэг тэргээр 20 хэдэн км-т байх гэртээ хүргүүлдэг гэж залахаар нь шүүхэд өгөөд заргаа авсан юм. Тэгээд зогсох болов уу гэсэн үгүй юмаа. Яам, Жанжин штабын албаны баримт бичгийг хүртэл жагсаалт маягаар тавиад гүжирдэнэ. Жишээлбэл, манай цэргүүд Чадад явахад тендерээр тодорхой хэмжээний худалдан авалт хийсэн. Мэдээж монголын компаниудаас. Гэтэл нэг дугаартаа нөгөөх сонин манайд юм нийлүүлсэн бүх компанийн нэрсийг жагсаагаад дээр нь “Төрийн мөнгөөр хөлжигсөд” гээд тод гарчиг тавьчихсан байх жишээтэй. Хэдий ийм жижиг юмаар хөөцөлдөх зав зай үнэхээр байдаггүй ч хаанаас ийм мэдээлэл тараагаад байна гээд сураглахаар амьгүй албат нэг тодорхой сэтгүүлч Зэвсэгт хүчнээс халагдсан нэг нөхрөөс мэдээлэл авч нийтлүүлээд байгаа нь бараг тодорсон.

Би 1990 онд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан хүний хувьд тэр нэг сэтгүүлчтэй цаг ямагт заргалдаад байлтай биш. Хамгийн гунигтай нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамааран ажил төрлөөсөө өөрчлөгдсөн цөөн хүн ийм юм энд тэнд тараагаад байгаа гэж яригдаад байгаа нь үнэхээр таалагддаггүй. Цэргийнхэн цэгц, голч, ноён нуруутай байх ёстой улс. Алба хааж байхдаа ч, тэтгэвэрт гарсан хойноо ч. Харамсалтай нь хувийнхаа жижиг гомдлоос салбарынхаа олон мянган залуусын энхийг сахиулах ариун үйлсийг харлуулахаас ч буцахгүй хүн байдаг нь тун тоогүй. Гэхдээ ийм хүн дэндүү цөөн. Цаашдаа улам цөөрнө биз. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох хүч байхгүй биз дээ. Манай энхийг сахиулагчид дотооддоо болон гадаадад одоо ч нэр хүндтэй байгаа, цаашид ч нэр хүндтэй, урилга заллагатай байна гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Энэ 7 хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай яам томоохон бодлогын баримт бичиг боловсруулсныг хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэр нь “Монгол Улсын Зэвсэгт хүчнийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах чиглэл”. Одоогоор НҮБ-аас дэлхий даяар энхийг сахиулах 16 ажиллагаа явуулж байгаагаас манай Зэвсэгт хүчин 13 ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчдаа илгээх бололцоотой гэж бид үзэж байгаа юм.

Үүнийгээ Засгийн газраар нэг мөр баталгаажуулах зорилттой байна. Сайд нар ч дэмжих байхаа. Ингэвэл НҮБ-аас урилга ирэх үед олон шатанд шийдвэр хурдан гаргахад амар хялбар болно. Нэг ёсондоо Зааны ясан эргийн ажиллагаанд хоцорсон гашуун явдлаас сургамж авч байна гэх үү дээ. Манайхны зарим нь НҮБ-ын ажиллагаа гэхээр л бэлэн, манай цэргүүдийг хүлээгээд байдаг юм шиг ойлгодог. Тийм юм байхгүй.  Социализмын үед мах, сүүнд монголчууд дугаарладаг байсан шиг олон улсын нэр хүндтэй энэ ажиллагаанд бас л дараалал, өрсөлдөөн байдаг юм. Харин монгол цэргүүдийн өрсөлдөх чадвар дэлхийд дээгүүр байгаа. 

-Одоо тэгвэл хэрэгжихэд хамгийн төвөгтэй байгаа асуудлаа ярихгүй юу.

-Хэрэгжүүлэхэд хамгийн төвөгтэй гэж хэлэх боломжгүй ч зохих саад бэрхшээлтэй учирч байгаа зорилт бол цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах. Энд мэдээж хамгийн гол саад нь хөрөнгө мөнгө. Уг нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-ын нэр бүхий 30 гишүүний санаачлагаар нэмэлт, өөрчлөлт орж батлагдсанаар цэргийн алба хаагчид, ялангуяа тэтгэвэрт гарч байгаа, олон жил ажилласан хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг нааштай шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдсэн. Энэ хуулийн нэмэлтийг хэрэгжүүлэх  4 журмыг Засгийн газраас баталсан. Ингэхээр жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө суугаад асуудал шийдээд явна гэсэн үг. Гэхдээ л бодит байдал дээр удах шинжтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч удахгүй “Төрийн батлан хамгаалах бодлого”-ын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ төсөлд Зэвсэгт хүчинд дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиас доошгүйг жил бүр төсөвлөж байх зарчмын чухал заалт тусгагдаж байгаа.

Энэ 4 хувьд зөвхөн батлан хамгаалах, зэвсэгт хүчин төдийгүй хилийн ба дотоодын цэрэг ч хамаарахаар төсөлд тусгагдсан. Одоогоор өмнө нэрлэсэн цэргийн байгууллагуудын төсөв нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд ч хүрдэггүй. 4 хувь болбол зэвсэгт хүчнийг үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлж ирсэн өнөөг хүртэлх хандлага нааштай өөрчлөгдөх юм. Тиймээс манай салбарынхан УИХ-ын хаврын чуулганаар салбарынхаа Үндсэн хууль болсон Төрийн батлан хамгаалах бодлого шинэчлэгдэнэ, ялангуяа тэр 4 хувьтай холбоотой заалт батлагдана гэж хүлээж байгаа. Нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд цэргийн амралт, сувилал, худалдаа үйлчилгээний татваргүй сүлжээг нэвтрүүлэхээр Засгийн газрын хөтөлбөрт тусгайлан заагдсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр цэргийн Багабаян амралтад барьж байгаа энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төвийн барилгын ажил ахицтай байгаа. 9-р сард ашиглалтад хүлээгээд авчих байх. Манай яам салбарын амралт сувиллын сүлжээтэй болохоор хүч тавьж ажиллаж байна. Өмнө нь манай харьяанд байсан ч ашиглалт нь төдийлөн сайн биш Монгол цэрэг жуулчин, “Шонхор” хүүхдийн зуслан, Найман шарга сувилал, Аварга тосонгийн рашааныг түшиглэсэн сувилал зэргийнхээ үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ цэргийн томоохон ангиудын байршилд ойр байгалийн үзэсгэлэнтэй газруудад зарим амралт сувилал нэмж байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хөтөлбөрөө ч сайдын зөвлөлийн хурлаараа баталсан, гүйцэтгэх удирдлагаа ч томилсон. Ар талын мэргэжилтэй, бизнес сэтгэлгээтэй хошууч генерал М.Жаргалыг туршлага, мэдлэгийг нь харгалзан сүлжээний гүйцэтгэх захирлаар ажиллуулж байна. Сүлжээгээ төсвийн мөнгөөр биш манай энхийг сахиулагчдын олж ирсэн Зэвсэгт хүчний  хөгжлийн сангийн хөрөнгөөр өргөтгөх бодлого баримталж байгаа. Гэтэл цэргийнхэнд энэ олон амралт хэрэгтэй гэж үү, Л.Болд намынхнаасаа энд тэнд амралт худалдаж авах гэж санаархаж байна, санаархал нь баригдаад түр зогслоо гэх мэтээр манайхыг шефэлсэн нөгөө сонин бас л бичээд амжсан байна лээ. Тэдэнд мэдээлэл дамжуулсан “сонор соргог” нөхөрт хандан нэг зүйл хэлье. Би өөрөө амрах гэсэн юм биш, цаашид нэг ээлжинд нэгэн зэрэг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх  1500 хүртэлх цэрэг дайчдынхаа эрүүл мэндийг бодсондоо, эх орондоо байгаа нийт цэргийнхнийхээ тусын тулд, Засгийн газрын хөтөлбөрт болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт туссан учир цэргийн амралт сувиллын сүлжээг байгуулах л болно. Би Монголын үйлдвэрчний эвлэлээс ажил хөдөлмөрийн гараагаа зааварлагчаар эхэлсэн хүн. Тэнд 6 жил ажиллахдаа халуун, хүйтэн, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн зовлон бэрхшээлийг сайтар ойлгосон. Цэргийнхэн бол хаана ч ачаалал авч байдаг, сайн дураараа биш томилолтоор, хүслээрээ биш тушаалаар үүргээ гүйцэтгэх гээд явж байдаг улс. Цэргийнхэн үйлдвэрчний эвлэл байгуулж эрх ашгаа хамгаалж болдоггүй. Тэдний эрх ашгийг төр хамгаалдаг. Тиймээс эхэлсэн, зорьсон ажлуудаа сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах сүүлчийн мөч хүртэл гүйцээхийн төлөө, түүнээс цааш улс төрч ч бай, иргэн хүнийхээ хувиар ч гүйцэлдүүлэхийн төлөө ажиллах болно гэж хэлмээр байна даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.