Итгэмээргүй бөгөөд этгээд хэрнээ нотлогдсон хачирхалтай нууц хуйвалдаанууд
2011.04.07

Итгэмээргүй бөгөөд этгээд хэрнээ нотлогдсон хачирхалтай нууц хуйвалдаанууд

Овоо босгоогүй бол шаазгай яаж суух вэ гэгчээр цуу яриа, элдэв домог ихэнхдээ ортой байдаг аж. Үүний жишгээр утгагүй, галзуу гэмээр онол, нууц хуйвалдаанууд үнэн хэрэгтээ түүхэн бодит баримтуудаар нотлогдсон байдгийг та мэдэх үү.

Дэлхийн зарим орны Засгийн газар ард иргэдийнхээ ухамсрыг хянаж байдаг
 

Энэ бол нууц хуйвалдааны хамгийн өргөн түгсэн хувилбар. Ямар ч гэсэн сэтгэцийн эмнэлгийн ихэнх өвчтөн энэ тухай ярьдаг. Зарим нь уг таамаглалыг “фольган малгайн онол” гэж нэрлэдэг. Фольг цаас гэж манайхан андахгүй байх. Яагаав, нөгөө загас, махыг ороон, шарах шүүгээнд хийдэг тугалган цаас шүү дээ.

 

“Засгийн газар тусгай цацраг туяаны тусламжтайгаар ард иргэдийнхээ тархинд нэвтэрч, өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ бидэнд үнэмшүүлдэг. Үүний тулд Иллюминатовын технологийг ашигладаг” гэсэн цуу яриа олон арван жилийн өмнөөс тархсан. Тодруулахад Европт 17-18 зууны үед бүлэг хүмүүс хуйвалдан дэлхий дахины үйл явдлыг удирдахыг оролдсоныг Иллюминатовын технологи гэдэг юм байна. Иймэрхүү онолыг галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд голдуу дэвшүүлдэг нь ойлгомжтой. Чухам тэд л байхгүй юмыг бий болгон харж, хий дуу хоолойг сонсох чадвартай шүү дээ.


Жон Ленноны алуурчин Марк Чепмен, мөн Роберт Кеннедийг хөнөөсөн Серхан Серхан нар үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мэдүүлэхдээ “Ямар нэгэн дуу хоолой надад тушаасан учраас би ийм алхам хийсэн” гэсэн байдаг. Тэгэхээр хэрэв та хамт ажилладаг хүнийхээ хоолыг хулгайлж байгаад гардуулчихвал “Намайг ингэ гэж үл үзэгдэх дуу хоолой шаардсан” гэж хэлж болох нь. Алдартнуудын алуурчдаас гадна Америкийн жирийн хүмүүс ч үе үе дуу хоолой сонсдогоо хүлээжээ. Тэд “Засгийн газар бидний тархинд нэвтрэхийг оролдлоо” гэж буруутгадаг. Зарим нь бүр ийм довтолгооноос хамгаалахын тулд фольг цаасаар малгай хийж өмсдөг аж. Дашрамд дурдахад кино урлаг энэ онолоос сэдэвлэн шизотой, гаж хүмүүсийн дүрийг бүтээсэн түүхтэй.

НОТОЛГОО:

 

2006 онд ийм нэгэн явдал болжээ. “Параноидальная шизофрения” гэсэн оноштой нэг эр АНУ-ын хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг ашиглан, богино долгионы дуу чимээ болон телепати, ховсны талаарх судалгааны ажилд хамаатай Засгийн газрын бүх баримтыг гаргаж өгөхийг хүсчээ. Мэдээж нууцын зэрэглэлд ороогүйг нь. Тийм оноштой хүн энэ зэргийн алхам хийлгүй яах вэ дээ. Иймээс хэн ч гайхсангүй, түүний хүссэн бүх баримт бичгийг өгч орхижээ. Дахиад онцлоход нууц бус архивыг шүү. Тэгээд ч мань эр “Миний ботинкны арын хэсэг цахилгаан соронзон зэвсгийн үйлчилгээний нөлөөгөөр ууршиж алга болсон” гэж эмч нарт мэдэгдсэн юм чинь.


Хошигнол хошигнолоороо гэдэг ч тэдгээр баримтыг харсан олон хүний дотор эвгүйрхжээ. Тэр бүү хэл галзуу хүний солиотой яриа ортой болохыг эрдэмтэд хуудас хуудсаар нь нотолж эхэллээ.
Америкийн татвар төлөгчдийн мөнгө үнэн хэрэгтээ хүний ухамсрыг удирдан жолоодох зорилго агуулсан төрөл бүрийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулагддаг аж. Жишээлбэл хувь хүний биеэ барих чадварыг бууруулах, түрэмгий, догшин авирыг намжаах үйлчилгээ бүхий телепати зэвсэг болон лазерын цацрагийг  бүтээсэн гэнэ. Нэг төслийн туршилт дээр ойролцоо байгаа хүнд хэт өндөр хэлбэлзэлтэй цацрагийн тусламжтайгаар телепати маягаар тушаал өгч, тухайн хүн биелүүлэх эсэхийг судалж байжээ. Тухайлбал туршилтад сайн дураар оролцогсдын тархи руу 1-10 хүртэлх тоог шууд “дамжуулсан” байна.


Одоо харин та жирийн хүмүүсээс нууцалсан баримтуудад юу байж болох талаар төсөөл дөө. Товчхондоо АНУ-ын Засгийн газар ухамсрыг хянах асуудалд асар их анхаарал хандуулж, тодорхой амжилтуудыг олсон байж таарах нь.

Хүн амын тооллого бол ард иргэдээ хавчин гадуурхах зэвсэг

Зарим хэт сэжигч хүмүүс орон даяар өрнөсөн хүн амын тооллогын бүх асуултад хариулахаас цааргалдаг. Тэр бүү хэл зарим нэг сайт “АНУ-ын тооллогын комиссын ажилтнуудын цуглуулсан материал, тухайлбал Америкийн жирийн иргэдийн гэр орны байршил, GPS координатыг НҮБ-ын цэргийнхэнд зориулан авсан” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл хэрэв АНУ-ын Засгийн газар гадаадын цэргийнхний тусламжийг авбал энэ мэдээлэл хэрэг болох юм байх. Үнэмшмээргүй энэ мэдээлэл гэнэт дуулиан болж хувирсан нь Конгрессийн гишүүнтэй холбоотой. АНУ-ын Конгрессийн гишүүн Мишель Бахман хүн амын тооллогын ганцханаас бусад асуултад хариулахаас татгалзсан нь ийнхүү гал дээр тос нэмэх шиг болжээ. Тэрбээр гэртээ хэдүүлээ амьдардаг вэ гэсэн асуултыг л бөглөсөн байна. Мишель Бахман “Үндсэн хуулийн дагуу бид үүнээс өөр мэдээлэл өгөх албагүй” хэмээн мэдэгдэв. Гэвч тэр удалгүй олны доог тохуу болсон юм. Яагаад гэвэл түүний сонгогдсон муж хүн амынхаа тоогоор Конгрессийн сонгуулийн тойроггүй үлдэж болзошгүй байдалд оржээ.


Засгийн газрууд ард иргэдээ тоолсны дараа хүн амын бүртгэл дээр үндэслэн арьс өнгөөр ялгаварлах, шашин шүтлэгийг гадуурхах бодлого явуулж, хорих лагериудад хорьдог гэсэн ам дамжсан яриаг дэмий цуурхал гэж шоолон инээж болох ч та эхлээд доор өгүүлснийг уншаад үз дээ.

НОТОЛГОО:

Энэ тийм ч солиотой санаа биш бололтой. Ямар ч гэсэн хүн амын тооллогын дүнг ашиглан ард иргэдээ лагерьт хорьж цагдсан явдал АНУ-д нэг бус удаа гарчээ. Мэдээж, цар хэмжээгээрээ яаж Гитлерийг гүйцэх вэ дээ. Гэхдээ мөн чанар нь адил.


2007 онд дэлхий дахинаа тарсан нэгэн баримтаас үзэхэд АНУ-ын хүн амын тооллогын товчоо дэлхийн II дайны үед нууц баримт бичгүүдээ тусгай албадад өгч, япон гаралтай америкчуудыг хоморголон баривчлахад тусалсан байна. Нийт 120 мянга гаруй япон хүн шоронд хоригдсоноос 62 хувь нь АНУ-ын иргэншилтэй байжээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт гүйцэтгэх засаглалд онцгой эрх олгосон тушаал гаргаснаар ардчиллын эх оронд ийм явдал болсон байна. Уг нь 1942 он хүртэл хүн амын тооллогын мэдээ маш нууц байсан аж. Харин япончууд Перл Харборт бөмбөг хаясны дараа бүх юм өөрчлөгдөв. Нүдний хэлбэрээр нь шууд оношилж, гадаадын дайсан хэмээн ази гаралтай хүмүүсийг хавчин гадуурхах, дарамтлах зэргээр ёстой галзуурал дэгдсэн байна. Яг тэр үед нууц албад Хүн амын тооллогын товчооны хаалгыг тогшиж, дусал  ч болов япон цустай хүмүүсийн нэр хаягийг авъя гэжээ. Тус товчоо шууд л хамаг мэдээллээ өгч орхисон гэдэг. Засгийн газарт ийм бүрэн эрхийг олгосон хуулиа америкчууд дайны дараа л халсан юм. Гэсэн хэдий ч түүн шиг аймшигт явдал АНУ-д 2004 онд дахин гарч, угсаа гарал, үндэстний хамаарлын тухай мэдээлэл задарч, “улстөрийн тогооны халуун”-ыг улам нэмжээ.


АНУ-ын Хүн амын тооллогын товчоо 2004 онд араб гаралтай болон Ойрхи Дорнодоос ирсэн цагаачдын үр удмууд бөөнөөрөө амьдардаг газар нутгийн талаарх мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын яамандаа дамжуулжээ. Үүний дараа 1000 гаруй хүн АНУ-аас хөөгдсөн юм. Үргэлжилэл бий

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.