Кубад яагаад Тунис, Египет шиг бослого дэгдэхгүй байна вэ
2011.03.08

Кубад яагаад Тунис, Египет шиг бослого дэгдэхгүй байна вэ

Куба улсыг Египет,тэр бүү хэл Ливитэй зүйрлэшгүй. Харин Умард Солонгос л Кубад арай дөхөж очих байх. Энд элдэв хэлмэгдэл, хавчлага, дарамт шахалт илүү системийн шинжтэй бөгөөд маш харгис. Кубын дарангуйлагч дэглэм хүчтэй хэвээр байгаа учраас ямар ч сөрөг хүчний амыг богино хугацааны дотор барьж чадна.



Кубачууд яагаад Египет, Тунис зэрэг улсын дарлагдсан ард түмнүүд шиг босч, дарангуйлагч дэглэмээ авч хаяхгүй байгаа юм бол? Энэ асуултад АНУ-ын Уэйк Форестийн их сургуулийн улстөрч судлаач Питер Сиавелис “Гавана хотын гудамжинд ардчиллыг дэмжин жагсана гэж хүлээх хэрэггүй. Куба улс нь улстөр, эдийн засгийн байдлын хувьд Египет, тэрчлэн Ливи улсаас тэс өөр. Харин Умард Солонгос улстай илүү төстэй. Энд элдэв хэлмэгдэл, хавчлага, дарамт шахалт илүү системийн шинжтэй, арай харгис, хэрцгий. Кубын дарангуйлагч дэглэм хүчтэй хэвээр бөгөөд богино хугацааны дотор ямар ч сөрөг хүчний амыг таглаж, эсэргүүцлийн аливаа жагсаалыг хялбар дарчихна. Иймээс өөрчлөлт шинэчлэлийг хүсэгчид тэр дороо л тусгаарлагдах болно” гэж хариулж байна. Яагаад гэвэл Кубад ах дүү Кастрог урьдын адил цэргийнхэн, тусгай албад дэмжсээр байгаа аж. Түүнээс гадна энэ улсын эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хянадаг бөгөөд интернэтэд зөвхөн Коммунист намын дээд удирдлага л нэвтрэх эрхтэй юм. Иймээс кубачуудын ихэнх нь Ойрхи Дорнод, Умард Африкийн орнуудад дэгдсэн хувьсгал, бослогын талаар сонсоо ч үгүй.


Нөгөө талаас авч үзвэл Куба, Египет улсуудыг харьцуулбал тэдэнд төстэй талууд нэлээд бий. Аль алинд нь олон жилийн турш дарангуйлагч дэглэм ноёрхсон, залуусын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Тэр тусмаа маш олон боловсролтой залуус ажил эрхэлдэггүй аж. Куба улс өнгөрсөн жил төрийн албан хаагчдынхаа бараг 20 хувийг /энэ нь нэг сая орчим хүн/ халах шийдвэр гаргасан. Гэвч Арабын ертөнцөд дэгдсэн үймээн самуун тус улсын өнөөгийн удирдагч Рауль Кастрод хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн бололтой, тэрбээр гуравдугаар сард ажлаас халах тухай шийдвэрээсээ буцлаа. Түүнээс гадна Египетээс ялгаатай нь Куба улсад зохион байгуулалттай сөрөг хүчин байхгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөө ч мөн алга. Ер нь Куба улс бол төвлөрсөн эдийн засагтай дэлхийн хамгийн сүүлчийн орнуудын нэг. Иймээс энэ улсын хүн амын 85 орчим хувь нь төсвийн байгууллагуудад ажилладаг аж. Ноён Сиавелис “АНУ-тай хийх худалдаанд 50 жилийн турш хориг тавиатай байгаа нь коммунист дэглэмд ашигтай байдлаар эргэсэн. Яагаад гэвэл ийм хориг нь хүмүүсийн болон бараа таваар, мэдээллийн урсгалыг хязгаарлаж байдаг” гэжээ.


Ингэхэд Кастрогийн дэглэм АНУ-ын тоо томшгүй олон Ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн билээ. “Энд дүгнэлт хийх цаг болсон баймаар. Минийхээр бол Египетийг Куба улстай жишихийн оронд Венесуэльтэй харьцуулбал дээр. Энэ хоёр улс /Египет, Венесуэль/ боловсролын түвшин, хэт хотожсон байдал, хүн ам нь гар утастай, мөн нэгдсэн сөрөг хүчин болон гадаадын мэдээллийн эх үүсвэрт нэвтрэх боломжтой зэрэг үзүүлэлтээр адил төстэй. Тэрчлэн эдгээр оронд нефтийн мөнгийг бусад дарангуйлагч дэглэмд зориулж байгааг эсэргүүцэгчид олширч байна” гэж улстөрч судлаач Питер Сиавелис мэдэгдлээ.


Ирэх дөрөвдүгээр сард Кубын Коммунист нам сүүлийн 14 жилд анх удаа их хурлаа зарлан хуралдуулах юм. Энэ үеэр Кубын лидер Фидель Кастро өөрт үлдсэн цорын ганц албан тушаал болох намынхаа жолоог  дүү Раулийнхаа гарт атгуулах байх гэж шинжээчид таамаглаж байна. Рауль Кастро эдийн засгаа шинэчилнэ гэж амлаж байгаа ч түүний өөрчлөн байгуулалт хэр хол явахыг ёстой бурхан л мэдэх байх. Куба улс эсвэл Хятад-Вьетнамын загварыг дуурайж магадгүй юм. Тэгээд улстөрчдийн хатуу хяналтан дор эдийн засгаа аажмаар чөлөөлөхийг оролдож болзошгүй. Ноён Сиавелис “Эдийн засгийн шинэчлэл хэзээд улстөрийн өөрчлөлтийг шаарддаг. Вьетнам, Хятадын эдийн засгийн хэт амжилтын дүнд эдгээр орны Засгийн газар нь энэ эрэлт хэрэгцээг дарж чадсан. Харин Кубад тэдний амжилтыг давтах нөөц бололцоо, хүчин чадал байхгүй” гэж сэрэмжлүүлж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.