Монгол улсын үндэсний аюулгүй байдал ба дүрвэгсдийн асуудал
2011.02.21

Монгол улсын үндэсний аюулгүй байдал ба дүрвэгсдийн асуудал

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын төлөөлөгчид, албаны хүмүүс Монгол Улсад ирсэн, холбогдох албаны хүмүүстэй санал солилцож байгаа гээд л "дүрвэгсэд"-ийн талаар цөөнгүй мэдээлэл цацагдах боллоо.

Оюутолгой, Таван толгойн талаарх дуулиантай мэдээллүүдийг шуугианд дарагдан хүн болгон анзааран уншиж ач холбогдол өгөхгүй байгаа мэт боловч "дүрвэгсдийн" талаарх асуудлын мөн чанарыг ойлгодог хүмүүсийн хувьд төдийгүй Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс бол анхаарахгүй өнгөрөөж болохгүй асуудал юм.

Өнөө үед дүрвэгсдийн асуудал дэлхий дахинд тэр тусмаа Азийн бүс нутагт улам хурцдаж байна. Одоогоор дэлхий дээр 43 сая орчим дүрвэгсэд байгаагаас хил залгаа ОХУ-д гэхэд 800000 хүн эх орноосоо дүрвээд байгаа аж.

Хөрш хоёр их гүрний дотоод улс төрийн байдал хурцадснаас эдгээр орнуудаас угсаа гарал, хэл, соёл нэг монгол угсааны үндэстнүүд, мөн тэрчлэн гуравдагч орноос ялангуяа Хятадаар дамжин Хойд Солонгосоос дүрвэгсэд орж ирэх магадлал өндөртэй. Дэлхийн II дайны дараа дүрвэгсдийн асуудал онцгой хүндэрч, 1950 онд Дүрвэгсдийн дээд комиссарын газрыг байгуулсан.

Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцийг НҮБ 1951 онд баталсан бөгөөд энэ конвенцид дэлхийн 121 улс нэгдээд байна. Манай улс энэ конвенцид одоогоор нэгдээгүй бөгөөд ер нь Азийн орнуудаас нэгдэж орсон улс орон цөөхөн байдаг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3-р зүйлийн:

3.1.2.3 Гадны дүрвэгсэд олноор хил даван орж ирэх, гэнэтийн хяналтгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, эрх зүй, улс төр, дипломатын цогц арга хэмжээ авна.

3.1.3.5. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн, цагаачдын тооны зохист түвшинг хадгалж, бүртгэл, мэдээллийн тогтолцоо, эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.

3.2.1.9. Дотооддоо хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж, иргэдээ ажлын байраар найдвартай хангах замаар ядуурлыг арилгах тууштай бодлого хэрэгжүүлнэ гэж заасан. Гаднаас Монгол улсад орж ирсэн дүрвэгсдийн асуудлыг ямар аргаар яаж шийдвэрлэх вэ?, хүлээж авах юм уу? Эсвэл улсын хилээр хэрхэн буцааж гаргах вэ ? гэсэн асуудлууд гарч ирнэ.

1998 онд Бээжин хотод хуралдсан Дүрвэгсэдийн асуудлаархи олон улсын бага хурлаас гаргасан зөвлөмжид "Хилээр орж ирсэн дүрвэгсдийи асуудлыг шийдвэрлэхдээ юуны өмнө тэдэнтэй уулзан ярилцаж, тэдний зорилго, санал бодлыг сонсох хэрэгтэй. Ялангуяа тэдний удирдагч нартай ярилцаж зөвшилцөх нь илүү үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болно" гэж заасан байдаг.

Олон улсын практикаас харахад улсын хилээр цөмрөн орж ирсэн дүрвэгсдийг улсын хилд ойрхон удаан хугацаагаар байлгах нь тэдний аюулгүй байдал ба тухайн улсын тусгаар тогтнолд тодорхой хэмжээний аюул занал учруулдаг. Учир нь дүрвэгсдийн араас тэднийг буцааж авчрах зорилгоор зэвсэглэсэн бүлэг тухайн улсын зэвсэгт хүчний анги, салбарууд орж ирж улмаар зэвсэгт мөргөлдөөн ч гарч болдог магадлалтайг үгүйсгэж болохгүй.

Дүрвэгсэд, цагаачдыг хүлээж авах, суурьшуулах нь ихээхэн эмзэг асуудал бөгөөд хэд хэдэн үндсэн аюулыг бий болгодог.Тухайлбал:

1.Нийгмийн давхарга,үндсэн хүн ам, үндэстэн, ястнуудын бүтцэд өөрчлөлт оруулж, улмаар тэдний зүгээс үндсэрхэх, гадуурхах, үзэн ядах, хэт даврах үзлийг дэвэргэх хөрс суурь болдог. Тэд үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө, шашин шүтлэгээрээ үндсэн хүн амаас ялгаран нэгдэж тусгаарлан олон жилийн турш төлөвшүүлж бий болгосон ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг үгүй болгох.

2.Үндсэн хүн амын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хангалтын тогтолцоонд өөрчлөлт оруулдаг. Тодорхой мэргэжилгүй, хямд ажиллах хүчний урсгал, хөрөнгө чинээ, амьжиргааны түвшин, баян хоосны ялгааг улам бүр тодруулж улмаар нийгмийн давхаргын ялгарал үүсгэж улс орны улс төрийн тогтворгүй байдлыг бий болгоход нөлөөлдөг.

З.Гэмт хэргийн гаралт, эрүүгийн нөхцөл байдлыг хундрүүлэхэд ихээхэн нөлөөтэй Тухайлбал: аллага хядлага явуулах, тор засгийн удирдлагыг булаан авахыг оролдох, бослого, үймээн дэгдээх гэх мэт.

4.Тухайн улсын дотоодын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах, " гарал үүсэл, удам утсаа нь тодорхойгүй хүмүүс " учраас санаатай ба санамсаргүйгээр улсын хилийн ач холбогдлыг бууруулах, улс орны нэр хүндийг унагах, хууль ба хууль бус аргуудаар эрх ашгаа хамгаалах оролдлогуудыг хийх.

Үндэс угсаа, шашин шүтлэгээрээ нэгдэж үүндээ хэт үнэнч бүлэглэлүүдийн эсрэг тухайн орны хууль үйлчлэх боломжгүй, хүчгүйдэх болдог. Үүний жишээг өнгөрсөн жил Франц, Герман болон Европын бусад орнуудад болсон дүрвэгсдийн үймээн самуун сургамж боллоо. Ялангуяа мусульман шашинт дүрвэгсэд, цагаачдын бөөгнөрөл тухайн хүлээн авсан улс орондоо олон сөрөг үр дагаврыг авчирч, тэдний өмнө хүчин мөхөсдөх болов. Одоо АНУ-д 10 сая гаруй, Францад 6 сая, Германд 3,5 сая, Англид 1,5 сая, Японд 1 сая гаруй мусульман шашинт дүрвэгсэд амьдарч байгаа аж. Тэдний ихэнх нь шашин, омгийн зохион байгуулалттай нийгэмдээ дассан, боловсролгүй, хүн төрөлхтний нийтлэг соёл иргэншил, хууль ёсны ойлголтгүй хүмүүс юм.

Ойрын 20 жилд Баруун Европын аль нэг орон задарч бутрах нь гарцаагүй бөгөөд үүнд Дундад Азийн орнуудаас бөөн бөөнөөрөө дүрвэн очиж буй мусульман шашинтнуудын нөлөө асар их байх юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Исра" сонинд өгсен ярилцлагадаа цохон дурдсан.

Монгол Улсын хувьд гадны дүрвэгсэд, цагаачдыг хүлээн авч суурьшуулж байсан туршлагагүй бөгөөд энэ асуудал, аюулаас хол хөндий байсан улс бөгөөд хязгаар нутгаасаа төв рүүгээ шилжин суурьшиж буй дотоодын шилжилт хөдөлгөөнөө ч зохицуулан шийдвэрлэж чадахгүй байгаа улс шүү дээ.

Өнгөрсөн жилүүдэд Хятадын зүүн хойд мужууд дахь Хойд Солонгосын дүрвэгсдийн лагериас Хятадуудад мөнгө өгөн зуучлуулж Монгол Улсын хилийг зорчсон хэсэг бүлэг Солонгосын иргэд хил зөрчигчдийн багаахан хэсэгт яаж дарамтлуулав, ямар хохирол хүлээв, ямар хүндрэл амсаж байлаа, энэ бол зөвхөн зах зух нь л байлаа.

Албан ёсоор улсын хилээр нэвтрүүлсэн, Монголд зөвшөөрөлгүй суурьшиж үлдсэн Хятадын хар ажил ч бүртгэж, хянаж, хариуцлага тооцож, хөдөлмөрийн зах зээл, ажлын байраа тэдний хууль бус үйлдлээс өөрсдийн иргэдээ ч хамгаалж чадахгүй байна.

1951 оны Конвенци ёсоор хэрэв дүрвэгсдэд зориулан илүү тааламжтай нөхдөл олгохгүй бол тэдэнд гадаадын иргэдийг нэгэн адил эрх эдлүүлнэ. Түүгээр барахгүй анхан шатны боловсрол эзэмших, хөдөлмөрийн хөлс авах зэрэг зарим эрхийн хувьд өөрсдийн иргэдтэй адилтгаж үзнэ. Улсын хил нэвтрэн гарахад зориулан тэдэнд зорчин явах үнэмлэх бичиг баримт олгодог байна. Конвенцид оролцогч гүрнүүд дүрвэгсдийг эх оронд нь буцааж болохгүй, харин тэд нарыг шингэн ижилсэх, харъяа болох явдлыг бололцоогоороо хөнгөвчлөх үүрэг хүлээдэг билээ.Ийм олон нөхцбл байдлуудыг тооцвоос Монгол Улс нь НҮБ-ын 1951 оны Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцид нэгдэн орох асуудалд нухацтай хандах нь чухал юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.