2010.12.20

Н.Энхболд: Хэлмэгсдийн нөхөх олговорт 18 тэрбумыг зарцуулсан

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцууллаа. УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Н.Энхболдын мэдээлж байгаагаар тус комисс өнгөрсөн хугацаанд 25-26 мянган хүний хэргийн бичиг баримтыг нягтлан цагаатгажээ.Цаашдаа түүхэн үнэн мөнийг зөвөөр тогтоох тал дээр анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тиймээс ирэх онд Тагнуулын Ерөнхий газарт байгаа 5000 орчим хэргийг тодруулж шалгаад, хэлмэгдсэн бол төрийн өмнөөс цагаатгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ-д  хэргийн холбогдох материал нь байгаа, судлах шаардлагатай хичнээн материал байгаа вэ. Хичнээн хүний материалыг ОХУ руу явж авсан бэ?

-ОХУ-ын архивт 473  хүний хэргийн материал байгаа юм билээ. Манайхаас 12 удаа явж, 400 гаруй хүний материалыг авч ирсэн. Үлдсэн материалыг ирэх он гэхэд авч дуусна.

-Хэргийн баримт нь олддоггүй тохиолдол байдаг гэж сонсож  байсан?

-Хэрэг нь олдохгүй 1000 орчим хүн бий. Хэлмэгдсэн үү, үгүй юу гэдэг нь тодорхойгүй болохоор энэ нь маш төвөгтэй юм. Мөн хэргийн материал нь олдохгүй ч садан төрлийн холбоог тогтоох боломжгүй тохиолдол бас бий. Ийм тохиолдолд албан ёсны нотолгоо байхгүй бол тухайн үед хамт амьдарч байсныг нь гэрчлэх гурван хүнээр бичгээр мэдүүлэг авч, нягталж үзэж байгаа.

-Энэ хугацаанд цагаатгалд хичнээн төгрөг зарцуулсан бэ?

-18 тэрбум орчим төгрөгийг нөхөх олговорт зориулсан. Мөн цагаатгалын салбар комисс боломжоороо бусад тусламж үзүүлсээр ирсэн. Тухайл-бал 600 орчим хүнийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлсэн.

-Долдугаар сарын нэгний үед хэлмэгдсэн хүмүүс бий гэдэг. Ер нь 1990-ээд оноос хойш хэл-мэгдсэн иргэд та бүхэнд хандаж байсан уу?

-Манай комисс 1990-ээд оноос өмнөх хэрэг дээр ажиллах зорилготой байгуулагдсан учраас зөвхөн өмнөх хэргүүд дээр ажиллаж байгаа. Гэхдээ зарим хүн албан тушаалаас хэлмэгдүүлж чөлөөлсөн гэх зэрэг асуудлаар ма-найд хандаж байсан. Бид энэ асуудлыг авч хэлэлцэхгүй учраас шүүхээр асуудлаа шийдүүлсэн.

-Тагнуулын Ерөнхий газарт байгаа 5000 ор-чим баримт бичгийг ялгахад хэдий хэр төсөв мөнгө хэрэгтэй вэ"?

-Энд 10 гаруй хүн гэрээгээр ажилладаг. Хуучин монгол бичгээр унш-даг хүмүүс байдаг. Нэг нь 350-400 мянган төгрөгөөр цалинждаг болохоор жилдээ 30,8 орчим сая төгрөг зарцуулдаг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.