Энэрэнгүй дайнаас шинэ маягийн хэрцгийлэлд шилжиж байгаа нь
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий дахин “дайнгүйгээр” аж төрж байгаа гэж ярьдаг. Энэ бол үнэн л дээ. Гэхдээ нэг зүйлийг тодруулах хэрэгтэй, тэр нь юу вэ гэвэл их гүрнүүдийн хооронд л том дайн болоогүй бөгөөд цөмийн зэвсэг бий болсноос хойш тийм дайн хийх нь дэндүү аюултай болсон юм гэж РИА Новости агентлагийн цэргийн тоймч бичжээ. Түүний бичсэн эргэцүүллийг дор сийрүүлэв.
Дайн илүү энэрэнгүй шинжтэй болсон гэж үздэг. Энэ бол бас үнэн. Герман, Японы булаан эзлэгчдийн зүгээс олзлогдсон цэргүүд болоод энгийн номхон иргэдийг харгислаж байсныг дахин давтуулахгүйн төлөө их гүрнүүд ихээхэн хүчин чармайлт тавьсан билээ. Түүгээр ч барахгүй, аливаа түрэмгий дайн өдөөн явуулах, түүнд бэлтгэх явдлыг гэмт хэрэг хэмээн үзэх болов.
Гэхдээ энэ бүх журам чухамхүү том гүрнүүд бие биенийгээ тогтоон барихад үйлчилж байгаа бөгөөд үүний дүнд тэдгээр гүрэн өөр хоорондоо илүү үр ашигтай тохиролцоо хийж сурсан байна.
Нэг том дайны оронд олон жижиг дайн хийж байгаа нь
Дэлхийн тавцан дээрх голлох тоглогчид цөмийн дайн хийж “азаа үзэхийг” хүсээгүй учраас эсрэг этгээд нь хэр зэрэг “бөх бат” болохыг орон нутгийн хязгаарлагдмал дайн хийх замаар шалгах боломжийг алдалгүй ашиглан, бүс нутгийн жижиг мөргөлдөөнд турхирч байгаа юм. Иймэрхүү мөргөлдөөнүүд нь манай гарагийн гол бүс нутгуудад өөрийн нөлөөг бэхжүүлэх эсвэл хамгаалах үндсэн арга хэрэгсэл болжээ. Тэгээд ч аль болох олон орон колонийн хараат байдлаас ангижрах тусам /шинэ колоничлолын хараат байдалд орох тусам/ их гүрнүүд “ тулалдалгүйгээр байлдах” боломж улам ихтэй болов.
Эдгээр дайны ихэнх нь жинхэнэ там болж, олон тооны “арми”, “үндэсний чөлөөлөх фронт” болон “эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн“ бас бус хөдөлгөөнүүд аливаа хэм хэмжээнд захирагдахаа больсон байна. Түүгээр ч барахгүй Европын орнууд хийгээд АНУ-ын армийн “хязгаарлагдмал тооны цэрэг” бусдын нүднээс далдуур тэдгээр хэм хэмжээг уландаа гишгэж эхэлжээ. Сонгми тосгонд болсонтой төстэй үйл явдлууд илрэх болов. /1968 онд Өмнөд Вьетнамын Сонгми тосгоны энгийн номхон оршин суугчдыг Америкийн цэргүүд олноор нь хөнөөсөн юм/. Гэвч үүнээс илүү гажууд бусармаг зүйлс хөшигний ард үлдэж ирлээ.
Олноор нь хөлсний цэрэгт элсүүлэх явдал сэргэсэн нь үйл явдлын жам ёсны үргэлжлэл болов. Олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу уг ажиллагааг буруушаасан хэдий ч иймэрхүү явдал хувийн цэргийн корпорациудын /ЦХК/ хэлбэрээр цэцэглэж байна.
ЦХК-г “улс орнуудын эсрэг” сонгодог дайнд ашигладаггүй ба учир нь хөлсний этгээдүүд комбатант буюу байлдааны ажиллагаанд оролцогч этгээд биш юм. Ингэхлээр байлдааны талбарт зэвсэгтэйгээ олзлогдсон хөлснийхнийг ердийн эрүүгийн хэрэгтнүүд гэж үздэг. Дайны цагийн хуулиар тэднийг газар дээр нь буудан хороож болно.
ЦХК-ийн “ажлын талбар” нь Афганистан, Иракт болсонтой төстэй зэвсэгт мөргөлдөөнүүд болжээ. Уг мөргөлдөөнүүдийн үеэр, хөлслөгчийн дайсан этгээд нь улс орон бус харин бүр анхнаасаа байлдагч тал гэж тооцогддоггүй тархай бутархай зэвсэгт бүлгүүд болдог байна.
Орчин үеийн ЦХК-ууд анхны томоохон ажиллагаагаа хуучин Югославын нутаг дэвсгэр дээр болсон дайны үеэр явуулсан билээ. Тухайлбал, 1991-1995 онд Хорватад, 1992-1995 онд Босни, Герцеговинд, 1998-1999 онд Косово, Метохид, 2001-2001 Өмнөд Серби, Баруун Македонид тус тус явуулжээ. Энэ үеэр ЦХК-иуд орон нутгийн армиудын офицерын бүрэлдэхүүнийг бэлтгэхээс эхлээд харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, ар талын хангалт, мина устгах зэрэг янз бүрийн үүрэг гүйцэтгэсэн билээ.
ЦХК-иудын үйл ажиллагааны “оргил цэг” нь Ирак болсон юм. Тэнд хөлсний цэргүүдийн тоо олон арван мянгад хүрч, тэд зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байгаа бүсүүдээр өнгөрөх тээврийн цувааг харгалзан явах зэрэг цэрэг дайны шинжтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ. ЦХК-иудыг Афганистанд одоо яг ийм байдлаар ашиглаж байна.
Нэг бодлын хамгаалалтын ажилтнууд ч юм шиг нөгөөтэйгүүр зэвсэглэсэн эрүүгийн гэмт этгээдүүдийн аль нь үл мэдэгдэх ЦХК-иудын тодорхой бус байдалтай холбоотой тэдний зан байдал нь тухайн бие хүнээс хамаарч зэвсэгт мөргөлдөөний явцад илүү тод илэрсэн юм. Зарим анги салбарууд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дагаж байхад зарим нь энгийн номхон оршин суугчдыг огт гэм хийгээгүй байхад нь хөнөөх талаараа онцгойрч ялгарч байв.
Өнөөдөр том гүрнүүд хүний хүчний хохирол амсах, үнэ өртөг ихтэй, сунжирсан зэвсэгт мөргөлдөөн явуулахаас аль болохоор зайлсхийх болсон бөгөөд учир энэ нь яваандаа нийгэмд бухимдал үүсгэдэгтэй холбоотой юм. Ийм нөхцөлд тусгай албад болон цэргийнхний хяналтад байдаг ЦХК-иуд 1960-1980-аад оны янз бүрийн “фронт”, “хөдөлгөөнүүдийн” халааг авчээ.
Өнөөдөр орон нутгийн чанартай дайнууд үндсэндээ хяналтаас гарсан бөгөөд их гүрнүүд цэргийн хувийн корпорациудыг ашиглан мөргөлдөөнд шууд бус замаар хөндлөнгөөс оролцох болов.
Түүнээс гадна, бизнесийн бүлэглэлүүд ЦХК-иудаар “үйлчлүүлэх” явдал улам бүр өргөжиж, ойрын ирээдүйд том компаниуд тэдгээрийг ашиглан бие биеийнхээ эсрэг “арилжааны дайн” явуулж магадгүй болоод байна. Тухайлбал, ямар нэг орд газрыг эзэмшихийн тулд хөлсний цэргүүдийг ашиглах гэх мэт.