"АН-ынхан дур зоргоороо аашилж, мэдэгдэл гаргах эрхгүй"
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.08

"АН-ынхан дур зоргоороо аашилж, мэдэгдэл гаргах эрхгүй"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Нэмэгдсэн өртөгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийг өргөн барьсан ч АН-ын зүгээс энэхүү хуулийн төслийг Засгийн газар өргөн барих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.

НӨАТ-ын хууль нь төсвийн хуультай холбоотой учраас үүнийг УИХ-ын гишүүн биш Засгийн газар өргөн барих ёстой гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн. Санаачилсан хуулийн төслийн талаар О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Таны өргөн барьсан НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас өргөн барих ёстой гэж АН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Таныг энэ хуулийг өргөн барих ёсгүй гэсэн?

-Монгол Улсын Үндсэн хуулинд гурван үндсэн үүрэг байдаг. Үр хүүхэд, эцэг эхээ асарч хүмүүжүүлэх, цэргийн алба хаасан байх, татвар төлөх гэсэн. Татварын асуудлаар төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гишүүн хууль өргөн барих бүрэн эрхтэй. Би МАХН-ын 264 мянган сонгогч, АН-ын 400 мянган иргэний төлөө ажиллах ёстой. Өмнө гишүүд татвартай холбоотой хууль өргөн барьснаас алдаа гарсан, үүнийг давтах ёсгүй гэсэн байр суурийг АН-ын бүлгийн дарга мэдэгдсэн байсан.

Хууль санаачлахын тулд УИХ-ын дор байдаг олон аппаратаар дамжуулан татварын байгууллагаас санал авах, мэргэжлийн хуульч, аж ахуй нэгжээс санал авсны үндсэн дээр хууль санаачилдаг. Харин хэлэлцэх эсэхийг нь УИХ шийддэг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам Монголын төр шиг аашилж байна. АН, МАХН-тай хамтарч олонхийг бүрдүүлж байгаа. Ийм байж дур зоргоороо хариуцлагагүй мэдэгдэл хийж байгааг би хувьдаа маш болчимгүй үйлдэл гэж  хэлмээр байна. Хэрэв 24 жил төр бариад үзсэн, төр засгийн талаар нэг ном уншсан хүн байсан бол ийм тэнэг зүйл ярихгүй байсан гэж бодож байна.

Харамсалтай нь АН, МАН ч амны хийрхлээр бүх зүйлийг ярьж байна. Хэрэв АН-ын бүлгийн дарга хуулийн төсөл санаачилж болохгүй гээд няцаалт хийж байгаа бол тодорхой шалтгаантай байх ёстой. Миний өргөн барьсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн, аль нэг компаниас хээл, хахууль авсан, энэ хуулиар дамжуулан Монгол Улсын тодорхой эрх ашгийг зөрчиж байгаа бол Д.Эрдэнэбат дарга үүнийг л ярих ёстой байсан. Түүнээс магадгүй гэх таамгаар хариуцлагагүй мэдэгдэл гаргаж болохгүй.

-НӨАТ багасгахаас илүү өмнөх хуулийн тодорхойгүй заалтуудыг тодорхой болгож байгаа нь хуулийн гол зарчим гэсэн үү?

Татварын үндсэн зарчим нь тэгш байх, хүн бүр татвар төлөгч байх, татвар нь аж ахуй нэгжүүдэд дарамт болох ёсгүй гэсэн үндсэн гурван зарчимтай.

-Татварын үндсэн зарчим нь тэгш байх, хүн бүр татвар төлөгч байх, татвар нь аж ахуй нэгжүүдэд дарамт болох ёсгүй гэсэн үндсэн гурван зарчимтай. Энэ зарчмыг үндэслэн хууль өргөн барьсан. Та нэг төгрөгийн орлого олсон ч, 100 саяын орлого олсон ч татвар төлөгч байна. Олон улсын жишигт орлого нь нэмэгдэх тусам татвараа өндрөөр төлдөг зарчим явж байна. Нийгмийн баялгийг тэгш хуваах ганц зүйл бол татвар. Төрийн албан хаагчдыг хооллож байгаа гэж ойлгохоос илүү эмнэлэг, цагдаа, сургуулиар дамжуулан хүмүүс үйлчилгээ авдаг.

Энэ үйлчилгээний байгууллагыг бий болгохын тулд татвар оршиж байгаа. Гэтэл манайд тэгш байх зарчим нь алдагдаж, их хэмжээний татвар төлдөг бол 90 хувийг нь эргүүлж өгье гэдэг хуулийг Засгийн газар боловсруулах ёстой гэж ярьж байна. АН-ынхан өөрсдийнхөө бизнесээр дамжуулан төлсөн татвараа эргүүлэн авъя гэж байгаа юм. Мөн С.Бямбацогт гишүүн татварын босгыг 200 сая болгоё гэсэн санал гаргаж байсан.

200 саяас дээш орлоготой нь татвар төлж, доош орлоготой нь татвар төлөхгүй гэдэг нь бас л зарчмын зөрүүтэй байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа улс орны жишгээр бол татварын таатай орчинг бүрдүүлэх ёстой. Энэ нь татварын өршөөл, НӨАТ-ын хувь хэмжээ бага гэдгээр хөрөнгө оруулагчдыг татах юм. Би энэ хуулийн төслийг өргөн барьснаар алдаатай, буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг гэдэг зарчмыг Ардчилсан нам бий болгосон. Юм хийх гэж оролдож байгаа хүмүүсээ тойргоос гаргах гэж оролдож байна л гэж харж байна.

-Тухайлбал?

-Миний хувьд шинэ хууль өргөн бариагүй, одоогийн байгаа хуулийн зүйл, заалтыг ойлгомжтой болгохоор найруулсан. Тухайлбал, барилгын компаниуд барилга барихын тулд зарлага гаргаж, нөгөө талдаа туслан гүйцэтгэгч нарыг орлогоор хангадаг. Барилгын компани хуучин хуулийн “8.1.2-т заасны дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалт” гэсэн тодорхой бус заалт байсан. Барилгаа дууссаны дараа юу эсвэл гүйцэтгэсний дараа юу гэдэг нь тодорхойгүй болж байгаа юм.

Энэ утгаараа падааны хэрүүл, маргаан үүсч, аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын падаан цуглуулдаг нягтлантай болоод байгаа юм. Үүнийг яаж өөрчилсөн гэхээр “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хувиар тооцон, улирал бүрт, бусад тохиолдолд борлуулалт хийсэн тухай бүрт” гэж өөрчилж оруулж өгсөн. Ер нь бол НӨАТ төлнө гэдэг аж ахуй нэгжид ашигтай. Төлөөд эргүүлээд авдаг. Гэтэл эргүүлэн авдаг систем нь ойлгомжгүй байснаас болж дарамтанд ордог. Эргүүлэн авах системийг тодорхой болгож, дараагийнхаа эрх зүйн харилцааг бий болгож чадахаар болж байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүд НӨАТ-аа эргүүлэн авах нөхцөл нь маш бага байдаг гэдэг?

-Ер нь бол маш бага байдаг. Дээрээс нь эргүүлэн авахад маш төвөгтэй, шат дамжлага ихтэй, дээрээс нь хуулийнх нь заалт нь тодорхой бус байсныг нь тодорхой болгож байгаа гэж ойлгож болно.

-НӨАТ төлөхгүй бултдаг, өршөөгдөх, чөлөөлөгдөх томоохон аж ахуй нэгж олон бий. Нөгөө талаар орлогын 90 хувийг буцаан олгосноор аж ахуй нэгжүүдээ дэмжсэн бодлого болно гэдгийг ч ярих хүмүүс бий?

-Татвар, НӨАТ-аас чөлөөлөх асуудал дээр нухацтай хандах ёстой. Үндсэн зарчмаа тохироогүй байж лоббидож чөлөөлж болохгүй. Жишээлбэл, УИХ-ын чуулган өнгөрсөн намар занарыг НӨАТ-аас чөлөөлөх төсөл баталсан. Занарыг хэзээ хэрэглэх нь тодорхойгүй байхад өмнө нь баталчихсан. Гэтэл үүний цаана төсөл хэрэгжүүлэгчийн реклам явж байх жишээтэй. Энэ нь лоббидож, лоббидуулсан хэн хэнд нь ашигтай байсан. Уг нь бид Монгол Улсын иргэн эрх ашгаа бодвол бүх хүн татвар төлөгч  гэсэн зарчим руу явах ёстой. Үүнийг яаж ард түмний нуруун дээр ачаа болгохгүй, ухамсартай татвар төлөгч болж явах нь чухал.

-Тэгвэл татвар төлөгчдөд хамгийн ашигтай заалт нь юу байна вэ, энэ хуулийн?

-Сард нэг удаа биш улиралд нэг удаа тайлангаа өгнө, НӨАТ-ын босгыг гурван хувиар тооцох, эцсийн бүтээгдэхүүн дээр НӨАТ ногдуулъя гэсэн утга нь. Дэлхийн улс орнууд өөрсдийн онцлогт тааруулан НӨАТ-ыг 3-10 хувиар тооцдог. Энэ жишгийн дагуу гурван хувь байх боломжтой гэж үзэж байгаа юм. Засгийн газраас хуулийн төслөө өргөн барих хэрэгтэй. Тиймээс ард түмэн, намын бүлгүүдээр хэлэлцүүлээд ажлын хэсэг гаргаад хуулиа сайжруулаад явъя гэсэн санаа байгаа юм. Бид Засгийн газрын оруулж ирсэн болгоныг кноп дараад батлах ёстой биш шүү дээ.

-Цаашид хуулийн төсөл чинь явах болов уу, юу гэж бодож байна?

-Эцсийн эцэст хүчтэй нь хүчгүйгээгээ дийлж байгааг ард түмэн харж байгаа учраас би ард түмэндээ буруугүй гэдгээ л харуулж байна. Үүнийхээ төлөө тууштай тэмцэнэ дээ.